БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов.
Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна. Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, 24.8 сая хүн амтай. Тус улсын төр засгийн зүгээс Шанхай хотыг далайн боомтод тулгуурлаж үсрэнгүй хөгжүүлэх бодлогыг 1990 оноос тогтвортой, идэвхтэй хэрэгжүүлснээр Хятадын санхүү, эдийн засгийн төв болж хөгжжээ.
Энэхүү үзэсгэлэнгийн танхим нь “Эхлэл танхим”, “Хүмүүнлэг хот”, “Инновац хот”, “Эко хот” хэмээх дөрвөн танхимд Шанхай хотын түүхэн хөгжил, өнөөгийн байдал, ололт амжилт, ирээдүйн төлөвлөлт, хөгжлийн зорилтыг дэлгэн харуулсан байна.
“Эхлэл танхим” нь тус хотын 1931- 2017 он хүртэлх мастер төлөвлөлтийн зургаан удаагийн үйл явцыг харуулна. “Хүмүүнлэг хот” танхимд нийгмийн амьдрал, соёлыг бичлэгээр танилцуулна. “Инновац хот” танхимд Шанхайн орчин үеийн хөгжил болон дижитал бүтээмжийг , харин Эко хот” танхимд Шанхай хотын орон зайн өөрчлөлтийг танилцуулж, экологи, ногоон хөгжлийн үзэл баримтлалыг онцолж, хотын хөрсний давхарга болон Хөх мөрний соёл иргэншлийн хувьсал, өөрчлөлтийг үзүүлсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов
Date: