Saturday, November 23, 2024

О.Алтангэрэл: Авлигачдаас хураасан мөнгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулдаг болох хуулийн төсөл санаачилсан

Date:

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны дараа Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдэд дараах тодруулгыг өглөө. 

УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа та “Авлигачдын хууль бус хөрөнгийг хураана” гэж их ярьсан.  Энэ асуудал юу болж байна вэ?

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Авлигын эсрэг хуулийн төслийн танилцуулгыг хийлээ.  Өнгөрсөн хугацаанд авлигын хэргүүд юу болсныг та бүхэн мэдэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаагаар, хуулийн хийдлээр, албан тушаалтнуудын эрх мэдлээс  шалтгаалж авлигачдыг шийтгэж чадалгүй өдийг хүрсэн. Оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан.

Хилийн чанадад байгаа хууль бус мөнгө, хөрөнгө хэмжээг тоолно, хураана гэж хий ярихын оронд өөрсдийнхөө нүдэн дээр байгаа  хоёр сая төгрөгийн цалинтай хэрнээ 200 сая төгрөгийн машин унадаг. Гурван сая төгрөгийн орлоготой хэрнээ гурван тэрбумын үнэтэй хаусанд амьдардаг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компанийн захирлаар ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцох асуудал чухал байгаа.

Анхдагч хуулийн төсөл 40 гаруй зүйл 200 гаруй заалттай.  Дахиад хэлэлцүүлэг хийнэ, санал авна, УИХ-ын намрын чуулганаар амжиж хуулийн төслийг өргөн барина. Энэ хууль батлагдах юм бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг шалтаг тайлбар сонсохгүйгээр татвар төлөөгүй, хууль ёсны орлогоо нотолж чадаагүй хууль бус хөрөнгө орлогыг хураах ёстой. Үүнийг ч Монголын ард түмэн шаардаж байгаа. Ингэж байж авлигатай хийх тэмцэлдээ амжилт гаргана.

-Авлигачдын хууль бус хөрөнгөд тооцоолол хийж үзсэн болов уу?

-Янз янзын тооцоонууд байна. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүстэй холбоотой хураагдсан хөрөнгө орлого сүүлийн 6 жилд 15 тэрбум орчим төгрөг төсөвт төвлөрсөн байгаа.  Гэхдээ аудитын дүгнэлт үзэхээр олон их наядын хохирол байгаад байдаг. Олон их наядын хохирол байгаа гэдгийг бид ч мэдэж байгаа. УИХ-аар  хуулийн төсөл батлагдана гэж найдаж байна. УИХ-ын гишүүдийн 80 гаруй хувь нь шинэ гишүүд, Авлигатай тэмцэх зоригтой байгаа байх. Ерөнхий сайд энэхүү хуулийн төслийг тууштай дэмжиж байгаа. Хууль батлагдаад хэрэгжээд эхлэх юм бол сан байгуулаад авлигаас хураагдсан хөрөнгийг боловсрол, эрүүл мэндэд зарцуулдаг болно.

Дээрээс нь Авлигын мэдээлэгчийн тухай, Авлигын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулсан. Жишээ нь  таны мэддэг нэг хүн тендер “хуссан” бол таны мэддэг  албан тушалтан хөрөнгөжсөн бол,  та авлигын гэрч болсон бол таны мэдээллийг нууцлая. Нотлогдоод авлигачдаас хөрөнгө хураагдвал тухайн хөрөнгийн тодорхой хувийг мэдээлэгчид өгье гэдэг төслийг танлцууллаа.

-С.Зориг агсны амь насаа алдсан хэргээр МАН шоудсан гэж ард иргэд ярьдаг. Та Хууль зүй дотоод хэргийн яамыг удирдаж байна, ахиц дэвшил гарах уу?

-Энэ хэрэг илрэх ёстой. Эл хэргээс гадна төр нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү агсан бид нарын зогсож байгаа энэ газраас хэдхэн метрийн зайд амиа алдсан. Төр нийгмийн зүтгэлтнүүд амиа алдсан хэрэг чимээгүй яваад байж болохгүй. Хууль зүй дотоод хэргийн сайд шууд мөрдөн байцаалтын үйл ажиллагааг удирддаггүй ч Засгийн газрын зүгээс ямар дэмжлэг шаардлагатай байна, энэний төлөө ажиллана. Ерөнхий сайдаас өгсөн үүрэг ч байгаа. Жил болгон сонгууль болохоор хэрэг ярьдаг, тэрийг улс төрийн журмаар ашигладаг. Ашиглахдаа хамтран зүтгэж явсан нөхдийнх нь эсрэг ашигладаг энэ байдлаас гарах ёстой.

Эрүүгийн хэрэг бол эрүүгийн хэрэг, хэн нэгэн алуурчин, хэн нэгэн буруутай этгээд нь тогтоогдож, хариуцлагаа хүлээх ёстой. Улс төр бол тусдаа байх ёстой. Ийм учраас нэлээн анхаарал хандуулж ажиллана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...