Saturday, October 19, 2024

Энхбаярын Хүрэлбаатар: Дэндүү нялх гурван үрээ бодохоор заавал амьдрах хэрэгтэй байна

Date:

Булган аймгийн Рашаант сумын нэгдүгээр багийн малчин Энхбаярын Хүрэлбаатар гэж 27-хон настай, гурван хүүхдийн аав цусны цагаан эсийн цочмог хавдараар өвчилжээ. Өнгөрсөн долдугаар сард хөдөө гарч, наймдугаар сард хуримаа хийж, гал голомтоо бадраан, эгэл жирийн залуусын хайрлам нандин амьдралаар амьдарч яваа залуухан хосын өмнө хувь тавилан хурц шалгуур тавьсан бололтой. Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй гэсэн өдрөөс хойш бусад улс орны олон эмнэлэг рүү хүсэлт явуулахад БНТУ-ын Истанбул хот дахь Медикал парк гэж эмнэлгээс эмчлэгдэх бүрэн боломжтой гэсэн хариу аваад магад сэтгэлийн холхи алсад итгэлийн том нар мандсан бизээ. Тэдний эмчилгээний зардал монгол мөнгөөр 800 сая төгрөг гэнэ. Одоогоор эмчилгээний зардал бүрдэх хол байгаа ч гэсэн Монголын ард түмний сайхан сэтгэл дор мэхийн тэдний дансны дугаарыг үлдээлээ. Таны ууч зөөлөн сэтгэл, буян хишгээ сунгадаг өгөөмөр дулаахан гар тань хайр энэрлээр халгиж байх болтугай!

Дансны дугаар: Хаан банк – 5278133856 /Э.Хүрэлбаатар/

-Сайн байна уу? Ажил хэр бүтэмжтэй байна? Бие тэнхээ ямархуу байна вэ?

-Монгол хүн амны бэлгээрээ дээ, сайхан намаржиж байна. Яг одоо Улсын төв нэгдүгээр эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Энэ 3 дахь өдөр Турк улсын Истанбул хотын Медикал парк гэж эмнэлэг рүү явах гээд эхнэр маань гадуур ажлаа хөөцөлдөөд явж байна. Аав ээж, ах дүү, хамаатан садан, ажлын хамт олон гээд олон л хүмүүс тусалж байна.

-Уг нь таныг Хятад улсад эмчлүүлэх болсон гэж сонссон юмсан. Яагаад Туркийг сонгох болов?

-Хөххотод эмчлүүлэхээр болсон боловч сүүлийн шинжилгээний хариунаас болж Турк улс руу явахаар болчихлоо. Эмчлэгдэх бүрэн боломжтой гэсэн сайхан хариу сонсчихоод л байж байна. Гурван үрийн минь заяа түших байлгүй дээ. Уул усны минь лус савдаг ч харах байлгүй. Улс түмний итгэлийг алдахгүй гэж хичээнгүйлэн залбирч байна.

-Сайхан хариу сонсжээ..?

-Одоо намайг хариуцан эмчилж байгаа Эрдэнэчимэг эмч маань энэ эмнэлэгт дадлагажигч эмчээр туршлага солилцон ажиллаж байсан юм билээ. Тэр нь ч бас том дэм болж байна. Эмчтэйгээ маш сайн зөвлөж байгаа.

-Саяхан Улаанбаатарт амьдарч байсан танай гэр бүл гэнэтхэн хөдөө гараад малчин болчихлоо гэж сонсогдсон. Хаашаа нүүв?

-Булган аймгийн Рашаант сумын нэгдүгээр багийн малчин болсон. Манай эхнэрийг Д.Насанжаргал гэдэг. Нягтлан бодогч мэргэжилтэй. Орон сууцны нийтийн аж ахуйн компанид ажиллаж байгаад, амаржаад гэртээ байсан юм. Харин би “Үндэсний давхар даатгал” ХК-д ажиллаж байсан. Өнгөрсөн долдугаар сард бид ажлаасаа гараад нутаг руугаа нүүсэн. Малчин болсон. Гэтэл ийм золгүй өвчинтэй тулчихлаа. 800 сая төгрөг бүрэн гүйцэт цуглуулж чадаагүй л байна. Гэхдээ Турк явна аа. Эхний эмчилгээгээ хийлгэж байтал дараа дараагийн асуудлаа зохицуулж болох байх. Цаг хугацаа алдаж болохгүй, дэндүү хайран байна.

-Манай уншигчдаас хүсэх зүйл байна уу?

-Байна аа. Дэндүү нялх гурван үрээ бодохоор … заавал амьдрах хэрэгтэй байна… Өвчтэй, зовлонтой өчнөөн олон хүн байгаа ч гэсэн надад туслаач… /тэр хэсэг чимээ алдрав/

Сайн үйлс ашид дэлгэрч, санасан бүхэн тань хичээнгүйлэн бүтэн дүүрэн бүтэх болтугай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын бүгд найрамдах Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй уулзав

Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж...

“Нямбуугийн Нямдорж-90” эрдэм шинжилгээний бага хурал болно

Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржийн мэндэлсний...