Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр буюу 2024 оны есдүгээр сарын 27-нд, ЗТЯ-наас томилогдсон ажлын хэсгийн хамт Бээжин хотноо Хятадын CRRC группийн төлөөлөгчидтэй албан уулзалт хийлээ. Хятадын төрийн өмчийн “China Railway Rolling Stock Corporation” (CRRC) компани нь өндөр хурдны галт тэрэг, тармвай, метро, зүтгүүр, галт тэрэгний үйлдвэрлэл, засвар үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч, туршлагатай компаниудын нэг юм.
CRRC корпораци бол төмөр замын тээврийн хэрэгслийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч байгууллага юм. Тэр утгаараа уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон ЗТЯ-ны холбогдох албаны хүмүүст компанийнхаа бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх сонирхолтой танилцуулгыг хийсэн юм.
Бээжин хотод төвтэй, CRRC корпораци нь 170 мянга гаруй ажилтантай, 100 хувь эзэмшдэг 46 охин компанитай. CRRC -ийн гол бизнесүүд нь хөдлөх бүрэлдэхүүн, хотын төмөр замын тээврийн хэрэгсэл, инженерийн машин механизм, бүх төрлийн цахилгаан тоног төхөөрөмж, электрон тоног төхөөрөмж, эд анги, цахилгаан бүтээгдэхүүн, байгаль орчныг хамгаалах хэрэгслийн судалгаа, боловсруулалт, зураг төсөл боловсруулах, үйлдвэрлэх, засварлах, худалдах, түрээслэх, техникийн үйлчилгээ үзүүлэх зэрэг олон талын үйл ажиллагаа явуулдаг байна.
Гол үйлдвэрлэл нь дизель хөдөлгүүр, мотор, зүтгүүр, вагон, хурдны галт тэрэг үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, төмөр замын засвар үйлчилгээний эд ангиудыг зах зээлд нийлүүлдэг ажээ. Мөн дэлхийн олон оронд зөвлөн туслах үйлчилгээ, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт, менежментийн чиглэлийн үйлчилгээг мөн үзүүлдэг юм байна.
CRRC корпорацийн баримталдаг гол зарчим нь технологийн шинэчлэлийн системээ сайжруулж, технологийн шинэчлэлийн чадавхиа байнга сайжруулахын төлөө зорьж ажилладаг. Энэ нь дэлхийд тэргүүлэгч төмөр замын тээврийн хэрэгслийн технологийн платформ, үйлдвэрлэлийн баазыг бий болгосон гэдгийг удирдлагууд нь хэлж байлаа.
Өндөр хурдны галт тэрэг, өндөр хүчин чадалтай зүтгүүр, төмөр замын ачааны машин, хотын төмөр замын тээврийн хэрэгсэл зэрэг дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүнүүд нь газарзүйн байршил, цаг агаарын онцлог зэрэг янз бүрийн нарийн төвөгтэй орчинд дасан зохицож, зах зээлийн олон төрлийн хэрэгцээг хангах боломжтой. CRRC-ийн үйлдвэрлэсэн өндөр хурдны галт тэрэгнүүд нь Хятад улсын орчин үеийн хөгжлийг дэлхийд харуулдаг гол бүтээгдэхүүний нэг ажээ.