Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Дэлхийн тогтвортой тээврийн форум” арга хэмжээнд оролцохоор 2024 оны есдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд БНХАУ-д ажлын айлчлал хийж байна.
Энэ хүрээнд өнөөдөр Хятадын төмөр замын инженеринг корпораци (CREC)-ийн төлөөлөгчидтэй уулзаж, зам тээврийн салбарт тэр дундаа төмөр зам, автозамын салбарт хэрэгжих бодлогын томоохон төслүүдэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтад Хятадын төмөр замын инженеринг корпораци (CREC)-ын Ерөнхий захирлын орлогч Рэн хунпэнь, Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жань юунь кан, Хятадын төмөр замын олон улсын групп компанийн ТУЗ-ийн дарга Би яанчүнь, Олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Ли жианпин, Хятадын төмөр замын зургадугаар товчоо групп компанийн ерөнхий захирлын орлогч Дү шэнь, Олон улсын инженерингийн салбар компанийн Маркетинг хамтын ажиллагааны газрын захирал Жү жихуа, Хятадын төмөр замын Олон улсын групп компанийн Маркетингийн газрын дарга Юань зүөшиан, Хятадын төмөр замын нэгдүгээр товчоо групп компанийн олон улсын хамтын ажиллагааны дарга Лүө хунвэнь, Хятадын төмөр замын дөрөвдүгээр товчоо групп компанийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жоу фаньюань, Хятадын төмөр замын зургадугаар товчоо групп компанийн Гадаадад төсөл хэрэгжүүлэгч компанийн ерөнхий захирал Ү дүньбинь нар оролцлоо.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үндсэн гурван чиглэлээр мэдээлэл танилцуулж, төмөр зам болон авто замын салбарт техник эдийн засгийн туслалцаа үзүүлэх, ТЭЗҮ гаргах, бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцлээ.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас Нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын урд байрлах Богдхан уулыг нүхлэн туннел гаргах шинэ төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Төслийн хүрээнд 15.6км урт хос туннел болон 600м урттай ган татлага архитекторын шийдэл бүхий гүүрэн байгууламжийг барьж байгуулахаар зорьж байгаа талаарх мэдээллийг танилцуулсан юм.
Мөн Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төв болон Замын-үүд чөлөөт бүсийг хооронд нь холбох Хөшигийн хөндий-Чойр-Сайншанд-Замын-үүд чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын 633 км авто замыг барих ажилд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Гуравдугаарт, Улаанбаатар-Ханги-Мандал чиглэлд шинээр төмөр зам барьж байгуулан хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм.
Монгол, Хятад хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын хамгийн туршлагатай, төмөр замын бүтээн байгуулалтын олон том ажлыг гадаад дотоодод босгож бүтээж чадсан байгууллагатай гар нийлж ажиллах болно. Энэ асуудлыг шийдвэрлэснээр хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг салбарын сайд онцоллоо.