ХБНГ улсад үүсгэн байгуулагдсан “Happy Bambini” ТББ-ын хамт олон Зам тээврийн яамны дэргэдэх “Ганзам” 179 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэгтэй хамтран ажиллах тухай санал солилцлоо.
Тус байгууллагын хамт олон хөгжиж буй улс орнуудын хүүхэд залуусыг дэмждэг бөгөөд энэ чиглэлээр ажиллаад найман жил болж байгаа ажээ. Харин манай улсад 2013 оноос хойш хот, хөдөөд хүүхдийн цэцэрлэг, сургууль, асрах төвүүдтэй хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна.
Ингэхдээ гол төлөв жижиг төслүүдийг хэрэгжүүлдэг, ашгийн бус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудад санхүүгийн тусламж үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр хамтран ажиллаж байгаагаа хэлэв. Тухайлбал, Монгол орны алслагдсан аймаг, сумдын хүүхдүүдэд зориулан эмнэлгийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн бэлэглэх, сургууль цэцэрлэгийн гаднах орчныг тохижуулах, тоглоомын талбайг тохижуулах, сэргээн засварлах зэрэг хүүхэд багачуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн олон бүтээлч ажлуудыг хийжээ.
Энэ талаарх мэдээллээ Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод танилцуулаад, 2013-2023 он хүртэл зорилтот бүлгийн хүүхдүүдэд дулаан хувцас, хүнсний зүйлээр туслаж дэмжиж ажиллах, хүүхдийн цэцэрлэгийг гаднах талбайд цэцэрлэгжүүлэлт хийх, цэцэрлэгийн барилгыг их засварт оруулах зэрэг нийт 16 төслийн ажил хийж хэрэгжүүлсэн тухайгаа дуулгав.
“Happy Bambini” ТББ-ын хамт олон 2021 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг үнэ төлбөргүй физик эмчилгээнд хамруулан эмчилж, эцэг эх, гэр бүл, асран хамгаалагчдад нь шаардлагатай зөвлөгөө мэдээллийг өгч хамтран ажиллаж байгаа аж.
Энэ удаа “Улаанбаатар төмөр зам”-ын Хүүхдийн секторын харьяа “Ганзам” 179 дүгээр цэцэрлэгийн салбар бүлгийн үйл ажиллагаатай танилцаж, анги танхимын тохижилт, сургалтын арга барилтай танилцаад, сэтгэгдэл өндөр байгаагаа хэллээ.