Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Кироваг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны тухай санал солилцлоо. Сайд Б.Дэлгэрсайхан хатагтай Росица Кироваг Монголд Улсад айлчилж, “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум”-д оролцож байгаа үедээ цаг гарган Зам, тээврийн яаманд зочлон ирж уулзаж буйд талархал илэрхийллээ.
Мөн Монгол, Болгар хоёр улсын олон жилийн түүхт найрамдалт харилцаанд тээврийн салбар чухал байр суурийг эзэлж байгаа бөгөөд хамтын ажиллагаа сүүлийн үед идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.
Уулзалтын үеэр салбарын сайд хоёр улсыг ойртуулах, эдийн засгийн солилцоо, худалдааг нэмэгдүүлэх, иргэд харилцан зорчиход тус дэм болох хоёр чухал хэлэлцээрийг байгуулахаар Монголын талаас саналаа гаргасан бөгөөд үүний нэг болох автотээврийн хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирсон тул ойрын хугацаанд гарын үсэг зурах саналтай байгааг хэллээ. Мөн агаарын тээврийн хэлэлцээрийн төслийг санал нэгтгэн хэлэлцэх шатанд байгаа талаар мэдээлэл өгөв. Эдгээр хэлэлцээрийг цаг алдалгүй байгуулахад хатагтай Р.Кировагийн зүгээс анхаарч дэмжиж ажиллахыг хүслээ.
Бүгд Найрамдах Болгар Улсын Ардын Хурлын дэд дарга Росица Любеновагийн зүгээс хоёр улсын түүхэн харилцаанд бий болсон итгэлцэл, нөхөрлөлийг бэхжүүлэн ажиллах, шинэ агуулгаар баяжуулан ажиллах хүсэлтэйг хэлж, Болгар улс нь зам харилцаа, дэд бүтцээ хөгжүүлэхэд сүүлийн жилүүдэд илүү их анхаарч, хөрөнгө оруулалтын ажлыг идэвхтэй хийж байгаагийн үр дүнд мэдлэг туршлага багаггүй хуримтлуулж байна. Иймд авто зам, төмөр зам, логистик, дамжин өнгөрөх сүлжээний арга технологи, туршлагаасаа хуваалцах боломжтойг онцоллоо.
Түүнчлэн Монгол болон Болгар улсын газарзүйн онцлог, байршлыг харилцан өгөөжтэй байдлаар ашиглах, түүхий эдийн нөөц, баялагт тулгуурлан олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэв.