Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйг өнөөдөр ажлын хэсгийн хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Хятад хоёр улсын зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх тухай санал солилцлоо. Уулзалтад, Монголын талаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Артур, Төмөр зам далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нямдаваа нар оролцлоо.
Хятадын талаас Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй, тус мужийн Ардын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цуй Чанжэн, Тээврийн газрын дэд дарга Ли Жируй, Худалдааны газрын дэд дарга Жан Вэйдун, Ляонин мужийн Ардын засгийн газрын гадаад харилцааны газрын дэд дарга Жао Хонбин, Гадаад харилцааны хэлтсийн дарга Чен Лэй, Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн зөвлөх Лю Жинжи, бусад мэргэжилтнүүд оролцлоо.
Уулзалтын эхэнд, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйтэй уулзаж, хоёр улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож буйд талархал илэрхийлээд, Хятад улс бол Монгол Улсын мөнхийн хөрш төдийгүй гадаад харилцааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч улс. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа салбар бүрт өргөжин тэлж байгаатай уялдуулан зам тээврийн салбарт энэхүү харилцааг улам тэлэх, хамтран ажиллах боломж, нөөц их байгааг дурдсан юм.