Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 86 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, “Төмөр замчдын мэргэжлийн баяр” энэ өдрүүдэд олон баярт үйл явдлаар дүүрэн онцгой сайхан болж байна.
Ой угтсан баярын арга хэмжээг төмөр замын салбарынхан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн уулзварт холбож, түүхэн он жилүүдийн амжилт бүтээлийг тодотгосон олон чухал цуврал арга хэмжээтэй зохион байгуулж байна. Тухайлбал, гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн түүхийн музейтэй танилцуулах, “Найрамдлын хөшөө”-нд цэцэг өргөх, түүхийн жимээр аялуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал зохион байгуулах зэрэг ажил хэрэгч олон чухал арга хэмжээтэй тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү ойн баярт зориулсан бас нэгэн чухал үйл ажиллагаа нь өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон “Төмөр замчдын мэргэжлийн баяр” байлаа.
Монголын төмөр замын тээврийн салбарын хөгжлийн түүхийг бүтээлцсэн үе үеийн ахмадууд, тэдний алдар гавьяаг нэр төртэй залгамжилж яваа нийт төмөр замчид 2024 оны 08 сарын 03-нд “Төмөр замчдын баяр”-аа Хөлийн голын хөндийд амжилт бүтээл дүүрэн ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Баяр наадмын үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн болон БНХАУ-ын Төмөр замын төв корпорацийн Ерөнхий инженерийн орлогч Жу Гоу Жиан, БНСУ-ын их сургуулийн зочин төлөөлөгч, Ерөнхийлөгч Чой Санг Хае нар болон ОХУ-ын төмөр замын салбарын удирдлагууд, бусад хүндэт зочид төлөөлөгчид, үе үеийн ган замчид урилгаар оролцож, асарт заларчээ. Хүндэт зочид, үе үеийн ган замчдад Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан баярын мэндчилгээндээ тээврийн салбарт хийж бүтээсэн ажил хийгээд хийхээр төлөвлөж буй зарим ажлуудыг онцлон дурдлаа. Тэрээр “Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүссэний түүхт 86 жил, “Улаанбаатар төмөр зам” ХНН байгуулагдсаны түүхт 75 жилийн ой, Төмөр замчдын мэргэжлийн баярын мэндчилгээг Зам тээврийн яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа хүндэтгэн дэвшүүлье!
Манай улс 1938 онд Улаанбаатар Налайхын чиглэлд 43 км урттай нарийн төмөр замыг барьж, мөн ондоо Ардын хувьсгалын 17 жилийн ойн баярыг тохиолдуулан анхныхаа аялалыг хийж, түүхийн шинэ хуудсаа нээж байсан билээ. Өнөөдөр төмөр замын ууган байгууллага, Монгол Улсын “Хөдөлмөрийн баатар”, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Улсын төсөвт үйлдвэрийн газар, Монголын Төмөр Зам, Монголын Төрийн өмчит хувьцаат компани, “Тавантолгой” төмөр зам зэрэг төмөр замаар овоглосон томоохон байгууллагууд, аж ахуй нэгжүүд, тээвэр зуучлалын байгууллагууд үүсэн байгуулагдсаар байна.
Бид төмөр замын эрхзүйн орчныг сайжруулах зорилгоор Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2023 онд батлууллаа. Энэхүү шинэчилсэн хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээр Монголын төмөр замын салбарын хөгжил улс эх орны нийгэм, эдийн засагт онцгой хувь нэмрээ оруулсан олон эерэг үр дүнг гарна гэж үзэж байна.
Төрөөс төмөр замын тээврийн тухай баримтлах бодлогыг 2010 оноос хэрэгжүүлж эхэлснээр дотоодын төмөр замын сүлжээний урт 3857 км орчим болон нэмэгдэж, Таван толгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян, Зүүнбаян-Ханги чиглэлийн нийт 907 км төмөр замын их бүтээн байгуулалтын ажлыг цогцлоон бүтээж, эхнээсээ ашиглалтад оруулж, тээвэрлэлтээ хийгээд байна.
2023 онд жилд бид 36,1 сая тонн ачаа тээвэрлэж, энэ ондоо 45 сая тонн ачаа тээвэрлэх зорилт тавин ажиллаж байна. Төмөр зам нь нийт 18000 орчим инженер техникийн ажилтантай, томоохон салбар болон өргөжин хөгжсөөр байна. Төмөр замчид бид хөгжлийн түүчээ, хөдөлмөр бүтээлээ улам ахиулахын тулд илүү хичээж, хүн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүчин зүтгэж, хамтран ажиллаж, техник технологийн хүчин чадлыг сайжруулж, хэрэглэгч захиалагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцэх ажиллах нь бидний нэн тэргүүний зорилго билээ. Үүнийг төмөр замчид та бид хамтдаа бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна” гээд нэгдэж чаддаг, нийгэмлэгийн хамт олонд амжилт бүтээлийн дээдийг хүслээ.