Монголын “Гуру Медиа” компани болон Австралийн “Over Here Productions”, Германы “Chromosom Films”-ийн хамтран продюссерлэсэн, найруулагч Габриелла Брэдигийн “The Wolves Always Come at Night” буюу “Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат уран сайхны кино Торонтогийн олон улсын кино фестивалийн /Toronto International film festival/ уралдаант хэсэгт шалгарч нээлтээ хийжээ. Дэлхийн таван том кино фестивалийн нэг болох Торонтогийн фестивалийн тайзан дээр Монголын уран бүтээлчид болон “Гуру мeдиа” компанийг төлөөлөн уг кинонд дүр судлаачаар ажилласан “Хөхэ” хүрээлэнгийн захирал Д.Доржпагма үг хэлжээ.
“Чоно үүр шөнөөр ирдэг” баримтат уран сайхны кино нь байгаль, уур амьсгалын өөрчлөлт, зуднаас үүдэн нүүхээр шийдсэн монгол залуу гэр бүлийн амьдралын бодит түүхээр дамжуулан нүүдэлчин ахуй соёл, нийгмийн өөрчлөлтөд дасан зохицохоор хичээж буй эгэл монгол хүний тухай өгүүлдэг. Гол дүрийн залуу хосууд болох Даваа, Заяа нарын түүх Торонтогийн фестивалийн танхим дүүрэн цугласан үзэгчдийг огшуулав. Хосууд буцаж хөдөө рүүгээ нүүсэн үү, яаж тэдний дүрийг сонгосон бэ зэрэг асуулт үзэгчдээс иржээ. Шүүмжлэгчид, кино судлаачид найруулагч Габриeлла Брэдигийн баримтат киног Hybrid хийцтэй хэмээн онцолсон байна.
Торонто фестивалийн уралдаант хэсгийн 10 киноны нэг болж шалгарна гэдэг амаргүй даваа. Кино шүүмжлэгч Вэрна “Энэ кино байгаль, хүмүүний хоорондын алсарч байгаа мэдрэмжийг ойртуулахаас гадна бүхий л хэсгээс нь хайр үнэртэж байна” хэмээн онцолжээ.