“Хар барааныг нэвтлэн гэрэлтэх анагаагч гүн ухаан…”
“…Ломбын Нямаа ах бол яруу найрагч гэхээсээ илүү Хэнтийн сүүл үеийн яруу найрагчдын “загалмайлсан эцэг” нь гэж зүй ёсоор тооцогдох хүн. Нямаа ах л Монголын уран зохиолд Баатарын Галсансүх, Батжаргалын Одгэрэл, Дамбын Одгэрэл нарын “этгээдүүд”-ийг бэлдэж, “Хэнтийн яруу найргийн дэг”-ийг (шкоолыг) зохиосон хүн. Дэлхийн уран зохиолыг өнөөдрийн Монголд нэвтэрхий сайн мэддэг хэдхэн хүний нэг нь хөдөөний энэ л нугдгар өвгөн. Нямаа багш байснаараа л Хэнтийн яруу найргийн гал дөл 1990-ээд оны ширүүн шуурганд унтраагүй гэхэд болно. Хэнтийн байтугай Улаанбаатарт сурч буй аль ч аймгийн овоо жаахан юм эргэцүүлэхийг хичээдэг оюутнууд “Тэр Нямаа багш гэдэгтэйгээ намайг танилцуулж өгөөч” гээд гүйж ирдэг юм шүү. Тэглээ гээд Нямаа багш хэзээ ч ялихгүй юмаар “нэр төр босгож” явах хүн биш. Тугдайчихаад л, нүдээ аньсхийгээд алхаж явах…”
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй 2018 онд хэвлэгдсэн “Хан Хэнтийн салхи” номын өмнөтгөл “Хэнтийн зохиолчдын тухай дууль биш дууль” хөрөг нийтлэлдээ ийн бичсэн байдаг юм. Энэ жилийн нар буцах өдөр Монголын уран зохиолын нэгэн ээл нөмөр болсон ханагар сүрлэг уул нурсан тухай мэдээ яруу найрагт хайртай хүн бүхний сэтгэлд харуусал тээн очсон билээ. Ломбын Нямаа хэмээх эрхэм хүндтэй багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, зохиолч, сэтгэгч хүмүүн дүрст лагшингаа номын агаарт хураагаад удаагүй ч мянга мянган шавь нар, үнэнч уншигчид нь шинэхэн шүлгийн номыг нь шимтэн унших хувь ерөөл бүрджээ. Ломбын Нямаа багш сэрүүн тунгалагтаа элегия хэмээх өрнө дахины шүлгийн хэлбэрээр олон зуун шүлэг тэрлэж байсан бөгөөд, тэдгээрээсээ шүүн шигшиж нэгэн ном бэлтгээд байжээ. Уг номыг шавь нар нь “Элегия хязгааргүй” нэртэй ном болгон хэвлүүлсэн байна.
Элегия бол эртний Грект үүссэн амьдралын нарийн төвөгтэй асуудлын талаарх гүн ухааны эргэцүүлэл, сэтгэл хөдлөл, бодрол, бясалгалыг яруу, уянгалаг хэлбэрээр илэрхийлдэг шүлгийн өвөрмөц, адармаатай нэгэн төрөл аж. Эртний Грекийн Каллимах, Тибулл, Овидий, Катулл тэргүүтнээс эхлээд Гёте, Шиллер, Байрон гээд өрнө дахины алдарт найрагчид, бичгийн мэргэд бараг бүгд элегия бичиж байсан гэдэг. Ломбын Нямаа багшийн элегия шүлгүүдэд түүний ертөнцийг үзэх үзэл, хүн төрөлхтөн хийгээд Монгол үндэстнийхээ хувь заяаны талаарх бодол эргэцүүлэл, шаналал, гуниг, бахархал, омогшил, захиас сургамж бүхэн багтжээ.
Тиймээс Ж.Нэргүй гүүш номынх нь өмнөтгөлд “Нямаа ахын энэхүү “Элегия” шүлгийн түүврийг уншаад “Миний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж жаргадаг” гэсэн нууц далдын үгсийнх нь учрыг тааж цөхөх юмгүй олно. Гашуун ч гэсэн үнэн үг байх. Үнэн үг л юм мэдэхгүй амьтаст гашуун санагддаг. “Эм хэдий гашуун ч биенд тустай, үг хэдий гашуун ч ухаанд тустай”.
“…Элегия бичихээр шөнө дунд сэрэхүй одод унтарсан байлаа.
Элегия унших гэж ном сөхөхөд Пабло Неруда уйлж байлаа.
Элегия бичээч гэж хүсэхэд Нямдорж явчихсан байлаа.
Элегия бичье гээд үзгээ барихад үзэг минь хугарчихсан байлаа…”
гэсэн мөрүүд энэ номонд байгаа болохоор элегия гэдгийг бичих нь Нямаа ахад үзэг нь хугартал хэцүү байдаг байжээ. Хамгийн хэцүүг бичиж байж л хамгийн сайн найрагч болно. Шүлэг гэдэг угаасаа л зүрхний нулимс ч мөн, зүрхний хилэн ч мөн болой…” хэмээн дуу алдсан биз.
Харин 1990-ээд оны Монголын яруу найргийн нэгэн өвөрмөц, тод, содон найрагч Батжаргалын Одгэрэл багшийнхаа номын өмнөтгөлд “Нямаа багшийнхаа улс Монгол, буриад зон, их түүхийн уйтай гашуутай, эргэцүүлэл бодол, харамсал, шаналал, ухаарлаа шигтгэж бидэнд үлдээсэн “гэрээслэл”-ийг уншиж байна. Түүхийнх нь энэтээ эцэст булшнаас гарч ирэхдээ дуугаа хурааж дотроо архиран хэвтэх, Хүннүгийн мандан бадралыг үзэж явсан хүрэл чоно, амьдаараа булагдсан буриад эрсийн тухай хүйтэн дурсамж хадгалсан Дулаан уулын энгэр гэх цухал бачимдал, гашуун түүхийг нууж ядсан үгстэй зэрэгцүүлэн хар модон байшингийн тухай гэгээн мөрүүд, номхон дөлгөөн их далайг зорин тэмүүлэх Ононы урсгал шиг хүчтэй өөдрөг мөрөөслийг ч мэдрэн байна.
Хүн төрөлхтний агуу ой санамж болсон “шинэчлэгддэггүй бас хуучирдаггүй түүх”, гуниг гутралыг анагааж, баяр баясгаланг төрүүлэгч, ангаж цангасанд цэнгэг булгийн ус шиг дотор цэлмээгч, үл тайлагдахын түлхүүр, өнө ирээдүйд хөтлөгч шидэт гүн ухааныг магтан дуулсан дууллыг ч уншиж байна.
Нулимсандаа согтсон хүмүүс, гунигт амьдралын төгсгөлдөө гутран орь тавих нь хэрээний бахирах шиг хөөрхий улсын шаналанг мэдэрч байна.
Хэн нэгнээ гайтуулах гэж барьсан хар гэр, сэтгэлийн өнгө солонго, амт шимтийг дүрслэх бүтээлчийн бийрт тохирсон будаг нь нулимс болох тухай монгол хотын танка шүлгээр голоо зурж байна.
Сэтгэл хөдлөлийн хар бараан өнгүүд нэвчсэн элегия шүлгийн мөрүүдийг нэвтлэн өөдрөг санаа үргэлж гэрэлтэх нь мөнөөх л анагаагч гүн ухааны үзэл санаанууд нь. Ургах, өөдлөх, тэмүүлэх, хүрэх…
Түүний амьдардаг ертөнцөд хүмүүс нь үхэж “жаргадаг”. Энэ номд амьсгаа, хүнд чулуу мэт дарамт нь төрөлх бие цогцос нь болтол шингэсэн харанхуй бүрэнхий улааны үед гэрэлтэн байсаар өнгөрсөн багш нь ч, багачуул жаалуудыг бадрангуй оргилд хөтлөхөд нь замчилж өгсөн цаг цагийн гүн ухаантнууд ч тэр. Тийм боловч “жаргал” авчирдаг үхэл ч түүний хувьд гүн ухааны талх нь…” хэмээн бичсэн байна.
“Наран лугаа адил эрдмийг эрхэмлэсэн” хүмүүн
Монголын уран зохиолд өөр өөрийн нэр, мөр, дүртэй долоон Нямаа бий. Тэдний тухай шүлэглэсэн нөхөрсөг элэглэл ч байдаг. Тухайлбал “Хөдөөдөө дөмөг нь Ломбын Нямаа”, “Лут Нямаа байдаг гэнэ Ломбын Нямаа гэдэг гэнэ” хэмээсэн мөрүүдийг энэ эрхэм хүмүүнд зориулсан байдаг. Насны нар хэвийтэл Хан Хэнтий нутагтаа аж төрөн сууж, ерөнхий боловсролын сургуулийн захирал, хичээлийн эрхлэгчээр ажиллаж, Хан Хэнтийн яруу найргийн дэг сургуулийг бий болгож, олон авьяастныг хөтлөн уран бүтээлийн замд оруулсан тэрбээр 2005 онд нийслэлд шилжин ирж “Их Засаг” олон улсын их сургуульд багшлах болжээ. Ийн Ломбын Нямаа багш “Их Засаг” сургууль төдийгүй их уран зохиолд илүү олон шавьтай болж, утга соёлын хүрээнийхэнд хайрлагдан хүндлэгдсэн юм.
“Элегия хязгааргүй” номын нээлтэд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Данзангийн Нямаа хүндэтгэл үзүүлэн ирж, дурсамж хуваалцсан. Тэрбээр “Амьдаа минь “Улирал Зохиолч” сэтгүүлийн архивт 1962 оноос 2022 он хүртэлх хугацаанд өөрт нь зохиолч нөхөд нь бичсэн өчнөөн олон захидлыг өгсөн билээ, тэр захидлуудаас “Захидал “буланд зарим нь гарсан, цаашид ч гарна. Захидал буланд гарч буй захидлууд дандаа эх бичвэртэйгээр гардагаараа онцлог. Сэтгүүлийг минь эхнээс нь дэмжсэнд амьдаадаа би ямагт баярладаг. Шавь нартаа сэтгүүлийг минь захиалж уншаарай гэж олонтаа ятгасан байдаг. Тэр ийм л хүн билээ. Сайхан зам мөр сайхан дурсамж үлдээдэг” хэмээн дурсамжаа хуваалцсан.
Тэрбээр мөн “Уран зохиолын долоон Нямаагаас ганцхан чи л үлдлээ гэх юм. Тэр үгэнд би дургүй. Бид долуулаа л байгаа шүү дээ. Байна шүү дээ. Амьдаа нарын минь роман, тууж, өгүүллэгүүдийг уншиж, шүлгийг нь цээжилж, киног нь үзэж, дууг нь дуулсаар л байна, тэд минь байж л байна шүү дээ. Баталгаа нотолгоо нь амьдаа зохиолч Ломбын Нямаагийн минь шинэ номын баяр” хэмээсэн нь уярал, хайр төрүүлэм байлаа.
Багшийнхаа номын нээлтэд хүрэлцэн ирсэн яруу найрагч Б.Одгэрэл 1980-аад онд Хэнтийд байтугай улсын хэмжээнд байхгүй баялаг номын сантай хүн Ломбын Нямаа багш байсан тухай, тэр номын сангаасаа шавь нартаа харамгүй өгч уншуулж, ухаан, авьяасыг нь тэтгэн, нүдийг нь нээж асан тухай дурсав. Владимир Набоковын “Лолита”-г Ломбын Нямаа багш анх олж авснаа Б.Одгэрэл шавьдаа уншуулж байсан гэнэ. Энэ нь бараг Монголд “Лолита”-г уншсан анхны хүмүүсийн нэг болсон байх хэмээн Б.Одгэрэл найрагч онцолсон. Ломбын Нямаа багш модернист яруу найрагч Д.Галсансүхийг сурагч байхаас нь яруу найраг, уран зохиолд дурлуулж, улмаар Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдоржид хөтөлж аваачихдаа “Энэ хүүхэд алсдаа М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцах магадгүй” гэсэн нь хожим биеллээ олсон байна. Энэ мэтээр олон арван шавиа уран зохиолын ертөнцөд хөтөлж, хөл тавиулсан аж.
Багшийнхаа “Элегия хязгааргүй” номыг эмхэтгэн, редакторлож хэвлүүлсэн яруу найрагч Г.Сонинбаяр “ Ирэх жил Ломбын Нямаа багшийн маань мэндэлсний 80 жилийн ой тохионо. Ойгоор нь яруу найраг, эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, нийтлэл, ярилцлагынх нь бүрэн ботийг хэвлэнэ гаргахаар зорьж байна” гэсэн юм. Тэрбээр “Миний багш Ломбын Нямаа” хэмээх дурсамждаа “…Багш биднийг өдрийн тэмдэглэл хөтөлж бай, тэр чинь хожим түүх болон үлддэг юм шүү гэж захина. Өөрөө ч өдрийн тэмдэглэлийг маш нямбай хөтөлдөг бөгөөд урлаг, соёлын алдартнууд, уран зохиолын үе үеийн нэр цуутнуудын тухай тэмдэглэл, ярилцлага нь бүхэл бүтэн архив болсны зах зухаас “Өчигдөр” сонины “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором” буланд хэвлүүлж байсан юм. Хожим энэ буланд хэвлэгдсэн ярилцлагууд нь ийм нэртэй ном болон гарсан юм. Сонин, хэвлэлийн хайчилбар, ховор сонин гэрэл зургийн хувьд түүнтэй эн зэрэгцэх хүн ховор. Ёстой л Нямбуугийн Нямдорж гуайн нэгэн шүлэгт өгүүлсэнчлэн “Тогтоодог хүн тос болохоор, тус болохоор үгийг” багш маань бидэнд харамгүй л хэлсэн дээ…” хэмээн дурссан байдаг.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ломбын Нямаа “Миний зуун”, “Амьд ододтой хөөрөлдсөн алтан хором”, “Хүн танаа буюу гүн ухааны алаг чулуу”, “Миний амьдардаг ертөнц” зэрэг яруу найраг, нийтлэл, ярилцлагын номууд хэвлүүлжээ. 1960-аад оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Гаадамба, Ш.Лувсанвандан тэргүүтэй Монголын хэл бичиг, утга соёл, уран зохиолын ноён оргил болсон гайхамшигт эрдэмтэн мэргэдээс оюуны шим, номын авшиг хүртэн эрдэм, боловсролын замд цуцалтгүй шамдаж эхэлсэн аж. Тэр л агуу эрдэмтдийн заасан ном, эрдмийг мянга мянган шавь нартаа уламжлан дамжуулж, уран зохиол, яруу найргийн гайхамшигт ертөнцөд бүтэн жаран илүү амьдарч, туурвисан Ломбын Нямаа хэмээх эрхэм хүмүүн “Наран лугаа адил эрдмийг эрхэмлэ” гэсэн Мишигийн Цэдэндорж багшийнхаа гэрээслэлд насан турш үнэнч явжээ.
Яруу найрагч С.Наранчимэг Ломбын Нямаа багшдаа зориулж бичсэн “Гунигийн байшин” шүлэгтээ,
“…Миний багш гунигийн байшинд амьдардаг
Мишигийн Цэдэндоржийн хөргөөр гэрээ гоёдог…” хэмээн бичсэн байдаг.
Г.Баасан
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин. 2024.08.15 Пүрэв. №154(7969)