Saturday, November 23, 2024

МСНЭ, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” төв хамтран мэдэгдэл гаргалаа

Date:

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб интернэшнл” төв зэрэг байгууллагууд хамтарсан мэдэгдэл гаргажээ. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг үүсгэн, ял оногдуулсантай холбогдуулан хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг дээрх байгууллагууд байр сууриа илэрхийлсэн байна. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэсэн үйл явц нь Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Глоб Интернэшнл төв зэрэг хэвлэл мэдээллийн эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг мэргэжлийн байгууллага, эвсэл холбоодыг ихээхэн түгшээж байна.

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан хэд хэдэн үйлдлийг нэгтгэж, төрийн нууц, хувь хүний эмзэг мэдээлэл, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг хэсэгчлэн хаалттай явуулж болох байтал бүхэлд нь хаалттай хэлэлцэж шийдвэрлэсэн нь өнөөг хүртэл шүүх засаглалд хэрэгжүүлж, олон нийтэд тунхаглан зарлаж буй олны итгэлийг хүлээсэн, ил тод, нээлттэй хэмээх шүүхийн зарчимд харшилж улмаар хууль эрх зүйн үр нөлөөг алдагдуулж байна хэмээн бид үзэж байна.  

Монгол Улс шиг Үндсэн хуульт ардчилсан орнуудад шүүхийн үйл ажиллагаанаас иргэд цаашдаа нийгмийн амьдрал дахь оролцоо, үйл хөдлөлийн чиг хандлагыг олж авах хүлээлттэй байх ёстой. Энэ нь сэтгүүл зүйн ажил эрхэлдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод тэнд ажилладаг бүх хүнд нэгэн адил үйлчлэхээс гадна эдгээр байгууллага, хувь хүмүүст бүр ч онцгой хамаатай болно.

Н.Өнөрцэцэгт холбогдуулан үүсгэсэн олон хэргийг нэгтгэж, шүүх хурлын мэтгэлцээнийг хаалттай горимд хэрэгжүүлэн ял оноосны үр дагаварт тухайн шүүгдэгчийн сэтгүүл зүйн ажилтай холбоотой үйлдлийг хууль, эрх зүйн хүрээнд шүүх хэрхэн дүгнэж шийдвэрлэсэн нь бүрхэг хэвээр үлдэж байна.

Ингэснээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон шийдвэр, түүний үндэслэлийн талаар мэтгэлцэх, болсон явдалд дүгнэлт хийх боломжгүй болж байна. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн, хэвлэлийн эрх чөлөөний төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудын дээрх боломжийг шүүгчийн тогтоол шууд хааж байгаа хэрэг юм.

Дэлхийн улс орнуудын түүхэн туршлагуудаас харахад шүүхийн ийм төрлийн үйл ажиллагааны үр дагавар нь хэвлэл мэдээллийн салбарынханд үйл явцыг урьдчилан таамаглах боломжгүй болох, айлган сүрдүүлэлтийг тулган хүлээлгэх, хэвлэлийн эрх чөлөөний эсрэг сэтгүүлчийн өөрийн цензурыг бий болгох бөгөөд эдгээр нь чөлөөт хэвлэл мэдээллийн хөгжил, ардчилсан орны иргэдэд нэн хортой үр дагавар авчрах юм. Энэ бол ардчилсан Үндсэн хуультай Монгол Улсад байж болшгүй зүйл билээ.

Иймд Монгол Улсын Их Хурлын 2024 оны 33 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ын 1.1.3-т “Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ”, 1.2.1-т “Шүүхийн шийдвэрийг ойлгомжтой, олон нийтэд нээлттэй, ил тод, шуурхай мэдээлэх ажлын арга, хэлбэрийг боловсронгуй болгоно” гэж тус тус заасан асуудлыг бодитоор хэрэгжүүлэх үүднээс олон нийтийн мэдэх эрхийн төлөө хэрэгжүүлсэн сэтгүүл зүйн үйл ажиллагаатай холбоотой маргааныг олон нийтийн хяналт дор нээлттэй шийдвэрлэж байх талаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хууль тогтоох байгууллагын гишүүдэд уриалж байна.

Улаанбаатар хот

2024 оны наймдугаар сарын 13-ны өдөр

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...