Би хар багаасаа л үнэн сайхан шимтэй шүлэг олж уншихдаа бишрэн шүтэж хүндлэн дээдэлж бүүр нэг халуун сэтгэлээ шингээн гайхан бахдаж уншсаар ирсэн сулхан заншилтай. Нэг их сүрхий олон ном уншаагүй боловсрол нимгэнтэй маань ч бас холбоотой байх. Саяхан залуугийн бахархалт анд яруу найрагч Д.Галсансүхийнхээ “Битник шүлгүүд” хэмээх шинэ номыг шимтэн уншиж дуусгалаа. Сайхан шүлгүүд онгод сэргээн шүлэг бичмээр бодогдуулдаг хойно. Гэвч… хэд хэдэн шинэ шүлэг бичсэн ч яг Галсансүхийн битник шүлгүүд шиг болчихоод болдоггүй дээ. Гучин дөрвөн жилийн өмнө миний үеийн олон залууст Галсаа маань яг ингэж нөлөөлж байсан юм даг. Ямар ч шүлэг бичсэн… яг л Галсааг дуурайн… мэт мэт… шиг шиг гэсэн адилтгал зүйрлэл хэрэглээд болохоо байж билээ. “Тэр эргэн иржээ” гэж Б. Бадрал хэлсэн нь үнэн байна. Мөн тэр яг л хар шуурга шиг, байгалийн догшин үзэгдэл мэт бусдад хүчирхэгээр нөлөөлдөг нь хэвээрээ байна. Магадгүй “Нарийн гоймон шиг хуй хаа нэгтээ босож”, “мойл хар шоргоолжнуудын нүд нь наранд гялалзаж”, “ягаан яргуй дээр бов бор ялаа суун нисэж”, “шалбааг дээгүүр ногоолин мэлхий үсчиж”, “хаш ундрам хөөрөг шиг чулууд газраар гялсхийж”, “өрхний хошуу шиг тогорууд гурайлан нисдэг” Үнээдэй нутагт төрсөн болохоороо тэгж ховсдон татах увдистай мөрүүдийг тэрлэдэг ч юм билүү хэн мэдлээ. Олныг нуршаад яах вэ. Одоо түүний дагжин чичирмээр ганц шүлгийг доор дурдъя.
ЛУВРЫН ХАРХ
Сүүлчийн хос харх Луврыг мэрнэ.
Сүүлнүүдээ идэхэд эр нь үргүй болсон байна.
Энэ бол олон жилийн дараа
Энд цөмийн дайн болж өнгөрсөний хойно
Мөстлөгийн эрин удахгүй эхэлнэ.
Мөнөөх хархнууд дулаарлын эхэнд амилна
Хүчирхэг арслан заанууд биш хархнууд амилж
Хавиар нэг гүйлдэж хоорондоо хурьцана.
Аз жаргалын бэлгэдэлтэй сонгодог бүтээлүүд
Ахиад л Луврын музейд амь орно.
Бичнээс төрсөн домогтой өндгөн эс, эр эсийн үрс
Бүр өөр төрхтэй Сена мөрний эрэг дээр мэндэлнэ.
Тэр бүхнийг харах хувь бидэнд ахиж олдохгүй
Тэнгэрээс хойч үе маань олноороо бууж ирнэ.
Миний бичсэн энэ “Луврын харх” шүлгийг томруулагч шилээр шагайж
Муухан бичгийг минь гаргаж унших гэж мэгдэнэ…
Луврын музейн агуу сор бүтээлүүдийг муу сайн хархнууд мэрж байна гэхээр айдас ч төрөх шиг. Цөмийн дайны дараа шүү дээ. Харин тэнгэрээс хойч үе маань олноороо бууж ирнэ гэсэн ганц нандин мөр итгэл аврал авчрах солирын гялбаа мэт санагдаж байгаа юм. Энэ шүлэг надад олон зүйл бодогдуулсаан… Магадгүй зөвхөн миний хувьд тэгж санагдсан байх… Гэхдээ хүн төрөлхтөн тэнэгтээд л байвал Эрмитажийг ч мөдхөн хархнууд мэрэх цаг ирнэ. За цааш нь хүүхнүүдийн тухай нэг гааруу шүлэг байна аа. Хамт сонирхъё.
Шүүрээ унаад тэд тэвдэж сандран нисэлдсээр байна.
Шүүхээс хүүхдийнхээ сургууль цэцэрлэг рүү
Хүнсний дэлгүүрээс хуримын ордон, аавынх руугаа
Хөргөгчнөөс эмийн сан, ор дэр лүүгээ
Найз хүүхнүүдийнхээ төрсөн өдрөөс цэнгээний газар луу
Шар хадны эмнэлгээс Баянбүрдийн тойрог луу
Оршуулгын товчооноос их дэлгүүр энэ тэр лүү
Оройн тоглолт үзэхээр дараа нь олон цэнгээний газар руу
Үндэсний үйлдвэрүүдээс өргөө цагаан гэр рүүгээ
Үдэш орой, уд дунд, өглөө хар үүрээр
Шүүрээ унаад тэд тэвдэж сандран нисэлдсээр байна.
Шүүхээс хүүхдийнхээ сургууль цэцэрлэг рүү
Хүнсний дэлгүүрээс хуримын ордон, аавынх руугаа
Хөргөгчнөөс эмийн сан, ор дэр лүүгээ
Найз хүүхнүүдийнхээ төрсөн өдрөөс цэнгээний газар луу
Шар хадны эмнэлгээс Баянбүрдийн тойрог луу
Оршуулгын товчооноос их дэлгүүр энэ тэр лүү
Оройн тоглолт үзэхээр дараа нь олон цэнгээний газар руу
Үндэсний үйлдвэрүүдээс өргөө цагаан гэр рүүгээ
Үдэш орой, үд дунд, өглөө хар үүрээр
Шүүрээ унаад тэд тэвдэн сандран нисэлдсээр л байна
Шөрмөсөө татаж, гараа холгож, хөлөө улдтал
Аль сайхнаараа гоёж гоодон уруулаа будчихаад
Амь тэмцэн газарт ч буухгүйгээр нисэлдсээр л байна
2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр тэрээр энэхүү хотын хүүхнүүдийг нүдэнд харагдуулсан дээрх шүлгийг бичжээ. Яг л ийм байдаг биш үү8 хөөрхий муусайн өрөвдмөөр хүүхнүүд. Энэ номонд Галсаагийн бичсэн “Нас”, “Үхлээ”, “Сүрэг нохойн НЯБО-д”, “Хувьсгалын дуу”, “Монгол ардын үлгэр”, “Чи ингэж үхнэ” гээд олон шүлгэнд нь яруу найргийг яаж урлаж бичдэгийг гайхалтай төгс сийлэн харуулжээ. Хамгийн гол нь тэрээр маш олон өнгө дүрслэл, хөг авиа, тэс ондоо хэмнэлээр нэг бичсэнээ ахин хуулахгүй тэс өөрөөр халгиж цалгитал нь бичиж гайхуулж байгаа юм даа. Би энд Галсаагийн олон шүлгийг буулгаж уншигч таныг цочирдуулмаар л байна. Даанч бичвэр маань хэт урт болчих байх. Тиймээс тодорхой хоёр гуравхан шулгийг нь л нэр заан магтаж харуулъя. Би доорх шүлгийг уншаад ёстой атаархсан шүү.
Хуй салхи шиг эрчлэн сэнсрүүлэн хөвсөлзүүлсэн
Хурмастийн тэр их эрч хүчийг надад хайрлатугай
Арчаагаа алдан хамжин хүлж улаан цэрэгт тушаах цагт намайг аваачтугай
Хуй салхи шиг эрчлэн сэнсрүүлэн хөвсөлзүүлсэн
Хурмастын тэр их эрч хүчийг надад хайрлатугай…
Жинхэнэ онгодын урсгалаар танхайрч хэлнэ гэж энэ бус уу. Эсвэл цаг хугацааны машинд тушаагаад байгаа юм уу, онгод тэнгэрээ захираад байгаа ч юм уу, ид шидийн гэмээр нэг сонин киноны кадр шиг агшин энэ шүлгэнд байх шиг… Энэ шүлгийг чухам юу удирдаж яаж бичүүлэв ээ… Яаж ингэж бичив ээ гэж гайхан асуумаар ийм шүлгүүд энэ номонд өөр олон байна аа. За одоо “Тамхины өрөөний сүнс”…
Хүмүүний шуналд цадаж дүрст баясагч
Хуслийг сонсож дуу хоолойд тачаагч
Элдэв үнэрээр нь хооллон амьдрагч
Эрхгүйдэн эндээ эзэн биеээ хүлээгч
Тамхины өрөөний тавилан заяа
Тал нутгийн улсад таагдашгүй оньсого
Аяа
Ийш тийшээ хараад би тамхилан суугаастай
Ичимхий хүүхэд шиг тэр сүнс ар нуруунд нуугдаастай
Адар таазаар тархах тамхины утаагаар тоглоостой
Аргаггүй урнаар хээ хуарыг угалзруулан наадаастай
Яриа ховны учиг зангилааг тайлах гэж оролдоостой
Ярьж чаддагсан бол чадал мэдэн чалчих санаатай
Сүнс сүүдэр гэдгээ ч мэдэхгүй тамхины өрөөний сүнс
Сүнсэн бие нь биежиж хүн болбол шууд шатаагдаад үнс
Шүүрс алдаж дуу аялахад дутуу байгаа Шүгдэн
Шүлэг бичиж пянз хэвлүүлэхэд ойрхон байгаа мөдхөн…
Пөөх… Ийм нарийн мэдрэмжийг нууц тарнийн номонд гүнзгий нэвтэрсэн хүмүүс л олж тэмтрэх болов уу. Гайхалтай гэж чухам үүнийг л. Гайхаад дахин дахин уншаад жинхэнэ яруу найрагч гэж үүнийг л хэлдэг болов уу хэмээн шүүрс алдаж сууна даа. За одоо “Дөрвөн цаг”
Дөрвөн цаг
Дөрвөн цаг өглөө биш
Дөрвөн цаг үүр биш
Шөнө гэхэд шөнө биш
Шүлаг нойрны буудал
Уух архитай суудал
Уусан архины агсамнал
Дууны дугараатай догдлол
Дурсамж яриатай дотносол
Одоо цагийн омгорхол
Очих ирээдүйтэй зөгнөл
Хөнжилд залгаатай цэнэглэгчүүд
Хөл хорьсон хурхиралтууд
Дөрвөн цаг өглөө биш
Дөрвөн цаг шөнө биш
Алтан дэлхийгээс явах гүйдэл
Алтан дэлхийд ирэх үүдэл
Энэ оньсого үлгэр юм биш үү… Юу уншчихав аа, хүмүүс ээ?… Шөнө биш үүр биш өглөө биш тэгээд яг ямар цаг юм. Ардын үлгэрт эзэн хаан ядуу хүүг өдөр ч биш шөнө ч биш цагаар хүрч ир гэдэг шиг л учир битүүлэг санагдаж байгаа юм. Тэр өөрийнхөө хүч чадал, мөн чанарыг ч бас мэднэ. Өөртөө итгэлтэй, авьяастай гэдгээ ч мэдэж дэндүү эрдсэн зөн билэгтэй нэгэн билээ. Тиймээс ч тэрээр
Алтан далавч мөнгөн туурай, хүрэл дэлтэй
Аялгуу шүлгийн хүлэг морин хөлөө солбин
Яруу найргийн есөн эрдэнийн зэлэн дээр
Ярих нь холгүй янцгаан эргэцэхэд
Уран үгийн урт аяны туршид явгалахгүй
Унаа минь байж онгодын минь эзэн болж
Санаа юугаар унахад сэргээх хүч чадал өгч
Сайхан бүхнийг зөгнөн баярын солонго татуулж
Үлгэрийн юм шиг үзэсгэлэнтэй энэ сайхан дэлхий дээр
Үнэн үгний эрэлд үнэхээр үйлээ үзэн цөхөрч явахад
Нүгэл бүхнээс тойруулах нар сар минь болж
Нүд анитлаа туулах аяны таяг минь түшиг минь байж
Цаг хугцааны шалгуурт саадгүй тэнцэх шүлгүүдийг минь
Цаглашгүй чанад дахь амьдаас амьд аялгуу амьсгал нь
Гэрэл цацаруулсан гайхамшигтай орчлон ертөнц дэх
Гэр минь гэгээвч минь бас биеээ засах ариун газар минь байгаарай.
Миний шүлгүүд гэж тэрээр захиж гэрээслээд зарлан тунхаглажээ. Яагаад бие засах газар гэж… Д.Нацагдоржийн шүлгүүдийг нойльд суухдаа уншдаг гэж мань эр нэгэн цагт шүүмжлүүлж л байлаа. Хамгийн гол нь уншиж байгаа зүйлээрээ бөгсөө арчих уу, яахав гэдэг л… “Найр тавьцгаа ноёдоо. Наана чинь суу билэгтэн” гэж нэгэн цагт агуу хөгжмийн зохиолч Роберт Шуман суут Шопенийг шууд язгууртан дээдсийн найран дээр ил шулуухан магтан биширч, олон нийтэд агсарсан гэдэг бил үү. Тэрүүн шиг шулуухан хэлэхэд суу билэгт яруу найрагч Монгол Улсад маань нэгэнт ил тодорхой заяажээ. Үүнийг өмнөх олон номнуудаас нь гадна энэхүү “Битник шүлгүүд” ном нь дэндүү задгай харуулж байна. Эцэст нь нэг зүйлийг онцлон хэлмээр байна.
Гайхамшигтай яруу найрагч Дэжидмаагийн Галсансүхэд Төрийн соёрхолоо хүртээгээч хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан найрагч андынхаа сайхан яруу туурвил бүтээлийн өмнөөс хэлмээр санагдаж, хэнхдэг цээж жаахан бачуурчихлаа. Алдаж халтирахад нь зэмлэл шийтгэлээ харамлаагүй өгсөн шигээ агуу сайхан ном бүтээхэд нь алдар цолоо татганаж харамлах хэрэггүй бус уу. Яагаад бид ер нь чадалтай, авьяастай нэгнийгээ амьдад нь үнэн голоосоо магтан биширч хүлээн зөвшөөрч чадахгүй атаархан хорсож далдуур муулж, өөчилж явдаг юм бэ. Алмаазыг чухамхүү алмааз л гэж хэлэх хэрэгтэй бус уу. Ийнхүү хэт олон үгийг найзынхаа номын увдисанд согтуураад нуршсаны эцэст
Одны хүмүүсийг одоо хүлээх л үлдсэн
Олуулаа одноос ч олуулаа ирж яваа
Орчлон дэлхийд одоо ганцаараа бишээ бид мэдсэн
Ороо хураагаад хогоо цэвэрлээд хүлээх л үлдсэн.
Нөгөө бурхад чинь наашаа ирж яваа
Ном судраа уншаад номхон хүлээхэд л болно.
Нууц юм гэж нээрээ бидэнд байхгүй болсон
Нэр сүрээ бодоод элгэмсэг уулзахад л болно…
Зүрхээ дараад ухаантнуудыг хүлээж сууцгаая
Зүүдээ манах ч хэрэггүй.
Зүгээр хүлээхэд л ирнэ
Зориод наашаа зөндөө хол замыг туулан ирж яваа
Зуу зуун жил гэдэг ухаантнуудад нэг хором… гэсэн шүлгийг бас дурдах хэрэгтэй болов уу. Хөмөрч сөнөж яваа ч юм шиг цөвүүн энэ цаг үед. Төгсгөлд нь
Хөмөрч сөнөж яваа ч юм шиг цөвүүн энэ цаг үед хүн төрөлхтөн нэг л юмыг дотроо хүлээж байгаа. Тэр нь Галсаагийн шүлгэнд гарч буй харь гаригийнхан,,, одноос олуулаа бууж ирэх ирээдүйн хүмүүс ч юм уу, бүү мэд ээ.
Саван иддэг сайхан гар
Салхи уудаг тэнэг тэр
Одтой ярьдаг зөнөг эр
Орондоо уйлдаг эрхийг хар…. Тэр одоо ч хүүхдээрээ гэнэн цайлган, итгэмтгий нялх амьтан шиг л тэнэг зоргоороо нэгэн яваа. Тэгж байж л ийм агуу мөрүүдийг бичнэ. Тийм хүнд л тэнгэрийн онгод сул чөлөөтэй орж ирнэ. Яг ингэж
Буриад, дүрвэдийн бутачаараа багацуулд доромжлуулагч
Бузар амьдралаа бусдад дэлгээд бас дахин буруудагч
Уйлж чарлаж учраа олохгүй энд ирээд баярлуулан буцагч
Утга учрыг хайж амьдрах гэж аргаа олохгүй яваа суралцагч
Хэн нэгэнд хаана ч юм хэрэгтэй, хэрэггүй санагдах мартагдагч
Хэзээ ч юм ахиж ирээд архи зооглож магадгүй алдаршигч гэж урсгажээ.
Агуу найзыг маань хүндэл, сайхан найрагчийг алдаршуул. Ард түмээн бид цөөхүүлээ шүү. Цөөхөн ард түмэнд алдарших хэцүү гэсэн үг бас байдаг даа хэмээн дотроо мунгинаснаар л. Энд ч нэг түргэний тэрэгний дохио хангинаад энүүгээр ч нэг цагдаагийн тэрэгнүүд орилж, давхисан “Зэтгэр ороолон шиг, дэвтсэн ягчис шиг, зэс хошуутай бэрд шиг, Жинн Демон шиг хүмүүсийн дунд хүн төрхтэй явдаг Юмнуудын дунд арай ядан бичиглэвэй.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Бадарчин Батбаатар