АН-ын Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн дарга Бямбын АРИУНБОЛДТОЙ ярилцлаа.
-Нийслэлд МАН найман жил засаглалаа. Та Улаанбаатарын оршин суугчийн хувьд эрх баригчдын ажилд ямар үнэлгээ өгөх вэ?
-Юу ч хийгээгүй юм чинь өгөх үнэлгээ даанч алга даа. Аз жаргалтай Улаанбаатар болгохгүй бол МАН газрын хөрснөөс арчигдана гэх ярилцлагыг хотын экс дарга Су.Батболд гээд бүхнийг гацаагч нөхөр “Өдрийн сонин”-нд ярилцлага өгснийг санаж байна. Бидний амьдарч байгаа хот аз жаргалтай байлгаж чадаж байгаа юу гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. МАН 8 жил нийслэлчүүдийн амьдралд гай тарьж, гацаа үүсгэсэн нүгэлтэй.
-Ерөнхий шүүмжлэлээс гадна бодитой жишээ хэлж болох уу. МАН-ын яг ямар ажил, бодлого нийслэлчүүдэд гай тарив?
-Бүгдээрээ харж, амьдралаараа мэдэрч байгаа шүү дээ. Түгжрэл шийднэ гэж гарч ирээд улам гацаалаа. Утааг арилгана гэж амлаад улам хортой болголоо. Хүмүүс арав, хориороо нэг дор угаартаж амь насаа алдаж байна. Сүүлдээ бүр ичсэн хүн хүн ална гэдэг шиг Улаанбаатарын оршин суугчдыг түлшний туршилтад оруулна гэж Б.Чойжилсүрэн гэдэг сайд хэлж байх жишээтэй. Соёлтой газар бол энэ сайд аль хэдийнэ суудлаасаа огцорсон. АН нийслэлд засаглаж байх үедээ төвлөрлийг сааруулах зорилгоор хотын шинэ захиргааг Баянхошуу руу нүүлгэхээр шийдвэр гаргатал МАН гарч ирэнгүүтээ лоббидож Яармаг руу нүүлгэсэн. Хэрвээ Баянхошуунд шавыг нь тавиад зураг төслийг хийгээд ажил эхлүүлсэн байхад үргэлжлүүлэн барьчихсан бол тэр хавийн газрын үнэ цэнэ өсч, барилгажиж, хувийн хэвшлийнхэн салбараа барьж өргөжүүлж, Баянхошуучуудын амьжиргаанд илт эерэгээр нөлөөлөх байлаа. Гэтэл тэртэй, тэргүй барилгажиж, хувийн хаусууд, орон сууц олноор сүндэрлэж байгаа газар руу чихэж, шамбаралдуулж, ачааллыг нэмснийг бодохоор санаатай үйлдэл гэж харддаг. Одоо Яармагийн түгжрэл утгаа алдлаа. Түгжирч түгжирч Яармаг руу яваад очихоор дарга нар хотын төвд байгаа гэж тохуурхаж байгаад хүмүүс маш их бухимдаж байна. 103 настай МАН хотын шинэ захиргааг Яармаг руу нүүлгэхдээ татвар төлөгчдийн 103 тэрбум төгрөгийг салхинд хийсгэснийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.
-УИХ-аас ногоон автобусны сонсгол хэд хоногийн өмнө боллоо. Таныхаар ямар нэг үр дүн гарсан уу?
-Сонсгол зөндөө хийлээ, баахан шоудлаа. Би нээлттэй сонсголыг эсэргүүцдэггүй, дэлхийн парламентуудад байдаг жишиг. Гэхдээ нүүрсний хулгай, эмийн хулгай гээд өчнөөн сүржигнэсэн ч нэг хүнд хаариуцлага тооцсон уу. Зүгээр л шоу болгоод өнгөрч байна. Ер нь МАН өөрсдийнхөө хулгайг ярина, өөрсдөдөө хариуцлага тооцно гэдэг үлгэр гэдгийг ногоон автобусны сонсгол батлан харууллаа. Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар нь зугтаад ирсэнгүй. Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг үг байдаг байх аа. Дунд шатны хэдэн алба хаагчдад энэ хэргийг тохоод өнгөрөх юм байна. Хуучин автобус оруулж ирсэн, санхүүгийн урьдчилан бэлдсэн луйвар байсан, автобусаа үзээ ч үгүй хэрнээ төрийн алба хаагчдыг Засгийн газраас шахсаар байгаад оруулж ирсэн гэдгийг гэрчүүд барин тавин хэллээ. Цавчаа ногооны хэрэгт хотын удирдлагууд ч, Засгийн газар ч буруутай гэдгийг нээлттэй сонсголоос ойлгосон. Ногоон автобусны луйвар бол МАН-ыг төрөөс, нийслэлээс зайлуулах хангалттай үндэслэл. Ямар ч айдасгүйгээр нийслэлчүүдийг, монголчуудыг тонон дээрэмдэж, хууран мэхэлж байна.
-Нийслэлийн газрын авлигын асуудлаар бас л сонсгол хийнэ гэсэн. Сүүлийн үед сураг алдарчихлаа.
-Нийслэлийн газрын авлига гэхээр МАН-ынхан өөрсдөө шүү дээ. Өнгөрсөн 30 жилийн 24 жилд нь МАН төрийн эрх барьсан. Улаанбаатар гамшгийн хот болсонд МАН буруутай. 2012-2016 онд Э.Бат-Үүл хотын дарга болоод 4-хөн жил ажиллахад нийслэлд 200 гаруй км зам шинээр тавьж, 33 уулзварыг шинэчилж, автобусыг 1-р эгнээгээр зорчуулдаг болгож, хот цэцгэнд умбаж байлаа. МАН найман жил нийслэлд засаглахдаа утаанд угаартуулж, зам дээр түгжрүүлж, татвараас дарамталж, ногоон автобус гэх мэтээр тендер цавчсанаас өөр юу ч хийсэнгүй. Цэцгэнд умбаж эхэлсэн хотыг цементэн ширэнгэ болгочихлоо шүү дээ.
-Найман жил ажил огт хийгээгүй гэж Та үзэж байгаа юм байна. Өөрсдөө бол чухам сайн ажилласан гээд бие биеэ шагнаад байсан санагдах юм?
-Ёстой л өөрсдийгөө шагнах, төсвийн мөнгө завших, тендер цавчих ажлаа л сайн хийсэн байх. Одоо Х.Нямбаатар гээд хэгжүүн нөхөр нийслэл хэмээх их айлын тооноор ороод ирлээ. Иргэдээс сонгогдсон ИТХ-аас томилогдох байтал Ерөнхий сайдаар крандуулаад дарга болох жишээтэй. Нэг л их хаана, хорино, булаана гэж дөвчигнөсөн хүн. Зүгээр л асуулт асуусан иргэнийг “Чи хэмжээндээ байгаарай” гэж доромжилж ч байх шиг. МАН-ын Д.Сарангэрэл гэдэг хүн сайд байхдаа “Улныхан” гэж биднийг доромжилсон. Араас нь Х.Нямбаатар “Хэмжээндээ байгаарай” гэж улныхан гэдгээс ч давж доромжилсон. МАН-ын дарга нарын үнэн царай энэ. Коммунист, дарангуйлагч, хүчирхийлэгчдээс л ийм авир гардаг. Тийм учраас би Монгол Улс нэг намын дарангуйлалд орлоо гэж хэлээд байгаа юм. Эд нар хэн болчихоод хаан, заан шиг авирлаад, бусдын нэр хүнд, өмч хөрөнгө рүү халдаад байгаа юм бэ.
– Улаанбаатар хотод хамгийн түрүүнд юуг хийх, юуг өөрчлөх ёстой гэж боддог вэ?
-Би нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа АН-ын бүлгийн дарга байсан. Хэдий цөөнх ч гэсэн хотоо хөгжүүлэх чиглэлээр тухайн үеийн нийслэлийн удирдлагуудад шаардлага тавьж, хамтран ажиллаж үр дүнд хүрсэн олон жишээ бий. Нийслэл Улаанбаатар хотод одоо юу хэрэгтэй гээч. Хоноцын биш эзэн хүний сэтгэл хэрэгтэй байна. Бидний хот, бидний гэр орон гэсэн өөриймсөг сэтгэл нэн чухал болжээ. Би хотын унаган хүүхэд. Одоогийн Хан-Уул дүүрэг бол миний дош. Ажил үйлс ундарсан, хөдөлмөрч хүмүүсийн үр сад энэ дүүрэгт амьдардаг. Гэтэл Х.Нямбаатар хувийн хэвшлийг ил цагаан дарамталж, иргэдийн эрх чөлөөг хясан боогдуулж байна. Хүмүүс ажилтай, орлоготой, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд татварын дарамтгүй байхыг л хүсдэг. Гэтэл МАН-ынхан өөрсдөө хэдэн их наядаар хулгайлж, иргэд нь зам дээр түгжирч байхад дарга нар нисдэг тэрэг хөлөглөн аархаж байна. Нийгмээ нуруундаа үүрч явдаг хувийн хэвшил, дундаж давхаргаа дэндүү их дарамталж, татвараар хүчирхийлж байгааг нэн даруй өөрчлөх хэрэгтэй. Хүмүүс хүнсээ дэлгүүрээс зээлж авч байхад МАН-ын авлигачдын гэрээс, оймсноос 7 тэрбум төгрөг гарч байгаа нь хулгайчид яаж даварсныг илтгэнэ. Ийм дарангуйлал, хулгай луйврыг тэмцэж байж өөрчилдөг.
–Та дундаж давхарга байхгүй боллоо гэж сая хэллээ. Баян хоосны ялгаа тартагтаа тулсан гэсэн үг үү?
-Та энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй. МАН хэдхэн жилийн өмнө нийслэлд 60 тэрбумын схем хэрэгжүүлж сонгуулийг луйвардсан. Э.Бат-Үүлийг хотын даргаар улираан ажиллуулаагүйдээ нийслэлийнхэн одоо ч харамсдаг байх. Найман жилд төр зайдалсан МАН-ын дарга нар хагартлаа баяжсан, тэдний булхай, хулгай 60 тэрбумаас 44 их наяд болтлоо огцом нэмэгдлээ. Жирийн иргэний амьжиргаа, орлого ингэж нэмэгдсэн үү. Хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч явдаг дундаж давхаргыг МАН дарамталсаар байгаад үгүй хийлээ. Энэ бол өнгөрсөн найман жилийн маш том гарз хохирол юм шүү. АН засгийн эрх барьсан цөөхөн хэдэн жилд татварын дарамтыг бууруулж, Ази тивд хамгийн бага татвартай улс болгож байсныг хүмүүс мартаагүй байх. АН иргэдэд эрх чөлөөг нь, өмчийг нь өгсөн шиг өгдөг. МАН болохоор халамжийг хавтгайруулж, ажил хөдөлмөр хийдэг хэсгээ элдвээр дарамталж, авлига нэхдэг. Ийм дарангуйллын харгайгаар баян хоосны ялгаа ихэсдэг.
-Нийслэлд газар өмчлүүлэх ажлыг зогсоочихсон. Хүмүүсийн ихэнх нь 0.07 га газраа өмчилж аваагүй байдаг юм билээ. Тэгэхээр тэдний өмчтэй болох эрх зөрчигдөж байгаа юм биш үү?
-Зөрчигдөхөөр барах уу. Төр нэг амаараа иргэн та газар өмчилж ав гэчихээд нөгөө амаараа болохгүй гээд хориглох нь утгагүй. Ийм хоёр нүүртэй байж болохгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлөх тухай хуулиар иргэн газартай болох эрхийг олгосон. Улаанбаатарынхны тэн хагас нь газраа өмчилж аваагүй байх. Гэтэл нэг цод цод хийсэн үгтэй нөхөр крандуулж дарга болонгуутаа өмчлөх эрхийг хааж хориглолоо. Хувийн өмч гэдэг бол ардчилсан нийгмийн амин сүнс, үнэт зүйл. Энэ эрх рүү халдаж байна гэдэг Монголд дарангуйлал тогтсоныг харуулж байгаа хэрэг. Аливаа зүйлийг хааж хориглохоор юу болдог билээ. Авлига цэцэглэдэг. Нийслэлийнхэн газраа өмчилж авахын тулд МАН-ын дарга нарт авлига өгөх ёстой юм гэнэ ээ. Эд нар нийслэлийн газрыг зарж, луйврын сүлжээ үүсгэж хагартлаа баяжсан нь хангалтгүй юм байна л даа. Ийм даварсан авлигач дарангуйлагчдыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. АН иргэдийн эрх чөлөө, хувийн өмчтэй байх эрхийн талд ямагт баттай зогссоор ирсэн. Улаан цагаандаа гарсан энэ авлигач, дарангуйлагчдыг хөөж явуулах цаг нь болжээ.
Эх сурвалж: www.news.mn
Х.Тамирбат