Thursday, November 21, 2024

Консерваторын сурагч О.Нандин анхны бие даасан тайлан тоглолтоо хийлээ

Date:

Монгол Улсын  Консерваторын 9а ангийн сурагч О.Нандингийн анхны бие даасан  тайлан тоглолт өнөөдөр Улсын филармонид боллоо. Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Консерваторын дэд профессор, Монгол Улсын Соёлын элч Сангидоржийн Саянцэцэг шавийнхаа тайлан тоглолтыг хөтөлж, О.Нандингийн уран бүтээл, эх орондоо болон хилийн чанадад гаргасан амжилтыг танилцуулсан юм.

Төгөлдөр хуураар сонгодог хөгжмийн тайлан тоглолт хийнэ гэдэг магистр, докторын түвшинд суралцагсад болон мэргэжлийн хөгжимчдийн хувьд ч босго өндөртэй, нэлээд хүнд даваа байдаг. О.Нандин сурагч ахуйдаа ийнхүү анхны тайлан тоглолтоо хийж байгаа нь авьяас, чадвар, хөдөлмөрийн илрэл гэж болно. Тэрбээр И.С.Бах, Л.В.Бетховен, Ф.Лист, С.Рахманинов, А.Скрябин нарын сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээл прелюди, сонат, этюдийг тайлан тоглосон юм. Сонгодог хөгжмийн сургалтын дагуу сурагчид сонгодог, баракко, романтизм болон XX, XXI зууны урсгал гэсэн таван төрлийн хөгжмийг тоглож тайлангаа тавьдаг жишигтэй. О.Нандин энэ тогтсон жишгээр дээрх таван зохиолын сонгосон ажээ.

Тэрбээр тайлан тоглолтдоо хамт суралцдаг, нэг багшийн шавь найзуудаа урилгаар оролцуулж, тэдний ур чадвар, авьяас билиг, гайхамшигтай тоглолтоор гэнэтийн бэлэг барьсан юм. Тухайлбал, “Язгуур” сургуулийн 4а ангийн сурагч Н. Үржинханд И.С.Бахын “Concerto f moll”-ыг, “Орхон ХАСУ” сургуулийн 8а ангийн сурагч Б.Ариунбат Ф.Шопений “Berceuse”, Ф.Шубертын “Militar marsh”-ийг, Америк сургуулийн 11-р ангийн сурагч Жангвон Мүүн Ф.Шопений “Andante Spianato and Grand Polonaise Brillante”-г тоглов. Эдгээр сурагчид бүгд С.Саянцэцэг багшийн шавь нар бөгөөд олон улсын уралдаануудын шагналтнууд аж.

Өнөөдөр анхны бие даасан тайлан тоглолтоо хийсэн Монгол Улсын Консерваторын 9а ангийн сурагч Отгонбаярын Нандингийн хувьд дөрвөн настайгаасаа төгөлдөр хуур хөгжмөөр хичээллэж эхэлсэн бөгөөд 2013 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Консерваторын дэд профессор, Монгол Улсын соёлын элч, төгөлдөр хуурч С.Саянцэцэг багшийн гарын шавь болжээ. Тэрбээр С.Саянцэцэг багшаараа сонгодог хөгжмийн цагаан толгой заалгаж эхэлснээс нэг жилийн дараа, таван настайдаа Дуурь бүжгийн эрдмийн театрын хүндтэй тайзнаа Турк улсын алдарт төгөлдөр хуурч Tuluyhan Ugurlu-ийн бие даасан тоглолтыг нээж тоглосон байна. Бяцхан охин тун удалгүй олон улсын уралдаануудад оролцож, нэр хүндтэй театруудын тайзнаа тоглож эхэлжээ.

2016-2019 онд Испани улсын Бэнаскэ хотноо “Beyond the Music Festival”-ын тайзнаа дөрвөн удаа тоглохдоо зургаан настайдаа ОХУ-ын нэрт удирдаач Валери Хлебниковын удирдсанаар цөөхүүл хөгжмийн хамтлагтай гоцлон тоглож олны таашаал хүртэж байсан аж. Долоон настайдаа ОХУ, Их Британи улсын нэрт виолончель хөгжимчин Александр Волповын концертмейстер болж хамтран Жул Масннэгийн “Бодрол” зохиолыг эгшиглүүлсэн байна. Нэрт хөгжимчин Александр Волповт тоогдон түүнтэй хамтран тоглоно гэдэг олон улсын тайзнаа гарах хүсэлтэй төгөлдөр хуурч бүхний хүсэл мөрөөдөл юм.

О.Нандин найман настайдаа ДБЭТ-ын симфони найрал хөгжим, Монгол Улсын Консерваторын 80 жилийн ойн концертод симфони найрал хөгжимтэй гоцлон тоглосон байна.

Тэрбээр Монгол Улсдаа ДБЭТ-ын тайзнаа “Virtuoso Gala Concert”-д 2017-2019 онд гурван жил дараалан урилгаар тоглосон бөгөөд өөрийн багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин, төгөлдөр хуурч С.Саянцэцэгийнхээ уран бүтээлийн тоглолтод мөн удаа дараа уригдан тоглосон нь түүний хувьд нэр төрийн хэрэг төдийгүй ихээхэн туршлага болсон байна.

2018 оны зун 46 хоногийн турш Европын холбооны гурван орон болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад дөрвөн уралдаанд оролцож, Испани улсын Бэнаскэ хотод зохион байгуулсан “Beyond The Music” олон улсын цөөхүүл хөгжмийн IX наадмаас тэргүүн байр, алтан медаль, Франц улсын Парис хотноо болсон “FLAME” Олон улсын төгөлдөр хуурын XXIX уралдаанаас тэргүүн байр, алтан медаль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Виндзорын Олон улсын төгөлдөр хуурчдын IV наадмаас тэргүүн байр, цом, алтан медаль, Итали улсын Сициль хотноо “IBLA GRAND PRIZE” Олон улсын төгөлдөр хуурын XXVII наадмаас тэргүүн байрыг тус тус хүртжээ.

2018 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Консерваторын олон улсын шагналтуудын “Virtuoso Gala” концертод урилгаар, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Москва хотноо хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улсыг төлөөлөн төрийн хүндэтгэлийн концертод уригдан тоглосон байна.

2019 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын Сөүл хотноо болсон КІМА олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд тэргүүн байр эзлэн 12-хон насандаа Нью-Йорк хотын алдарт “Carnegie Hall”-д тоглох эрхээр шагнуулсан нь түүний мөрөөдөлдөө хүрэх замыг нэг шатаар ахиулжээ.  2020 оны нэгдүгээр сарын 15-нд Швед улсын Стокхолм хотноо “Tөrc билэгт” төвөөс зохион байгуулсан “Сонгодог хөгжмийн Үдэш” концертод С.Саянцэцэг багшийнхаа хамт уригдан тоглосон байна.

Түүнчлэн О.Нандин 2023 онд Испани улсын “Beyond the music” фестивалиар Li

Guochao багшаас, 2019 онд ОХУ-ын Чайковскийн нэрэмжит консерваторын багш Ольга Мечетина, Демитри Людков, дэд профессор Майкель Лидский нараас мастер хичээлүүд авч байжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...