УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид ирэх даваа гарагт эцсийн байдлаар тодрох ч урьдчилсан таамаг тойрог бүрт гарч буй. Горилогчид гэж өхөөрдөн нэрлэсэн улстөрчдийн жагсаалт бөхийн таавар шиг онох, эсвэл байнд ч үгүй алдах нь уу гэдгийг 72 цагийн дараа харж болно. Юутай ч улс төрийн хүрээнийхэн дунд нэлээд ханатай, голтой прогноз гарчээ. Тухайлбал, УИХ-ын сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилогчид үндсэндээ тодорхой болсон байна. Тэдний нэрсийг харахад Хан-Уул яах аргагүй “халуун” тойргуудын нэг, гал гарсан өрсөлдөөнтэй сонгууль болохоор харагдаж байна.
Тус дүүргийн хувьд дангаараа нэг тойрог хэвээр үлдсэн бөгөөд мандатын тоо нь ч гэсэн нэмэгдэж, хасагдалгүй хадгалагдсан нь нэг онцлог гэж болох юм. 2020 онд тус дүүргээс МАН-ын Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, ХҮН-ын Т.Доржханд нар сонгогдсон.
Энэ жилийн сонгуульд АН-аас Хан-Уул дүүрэгт тус намын Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн дарга Б.Ариунболд, “Шарк танк” нэвтрүүлгийн шарк О.Тэнүүн, “Лавай” захын эзэн Э.Тамир нарыг дэвшүүлэхээр болсон байна. Горилогчдын хувьд жиргээнд Элийрэгч нэрээр танигдсан Ц.Уянга, комедиан Д.Амартүвшин, АПУ-гийн П.Батчимэг, хуульч Х.Номингэрэл нарын нэр дуулдаж байсан ч П.Батчимэг жагсаалтад орохоор болж, бусад нь Хан-Уулын тойргийн хувьд тоглоомоос хасагдсан гэнэ.
Харин энэ удаа МАН-аас Хан-Уулын 12-р тойрогт Хан-Уулын Засаг дарга Ж.Алдаржавхлан, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Цахим хөгжлийн дэд сайд Ж.Эрхэмбаатар нарыг нэр дэвшүүлэх магадлал өндөр байгаа гэнэ. Соёлын сайд Ч.Номин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо нарын нэрс дуулдаж байсан ч тэд өөр тойрогт хайр зарласнаар “Ажилчны район”-оос ашиг сонирхлоо татжээ. Ч.Номин сайд шинэ баригдсан Хүүхэд, залуучуудын театраа бараадан Сонгинохайрханд, Б.Солонгоо сайд ээжийнхээ нутгийг элэг татан Дорнод, Хэнтий, Сүхбаатарын 7-р тойргийг гороолж яваа ажээ.
Бусад намуудын нэр дэвшигчдээс олонд танигдсан нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл. Тэрбээр өөрийн байгуулсан Иргэдийн оролцооны намаасаа дэвших бол тэмцэгч Б.Жагар мөн өөрийн байгуулсан САИН намаасаа дэвших хүсэлтээ өгсөн байна.
Тэгвэл нэр дэвших нь тодорхой болоод байгаа эдгээр горилогчдын хэн нь хэн бэ?
АН-аас нэр дэвших Б.Ариунболд намынхаа Геологи, уул уурхайн бодлогын зөвлөлийн даргын сонгуульт албатай юм байна. Тэрбээр Хан-Уул дүүргийн АН-ын дарга, НИТХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байжээ.
Шарк О.Тэнүүний хувьд Шадар сайд С.Амарсайханы ах, УИХ-ын гишүүн асан, ОБЕГ-ын дарга асан С.Отгонбаярын хүү бөгөөд экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн гэдгийг олон нийт хэдийнэ мэдэх болжээ. Тэрбээр “Оюуны ундраа” группийн гүйцэтгэх захирлаар ажилладаг.
Э.Тамирын хувьд С.Эрдэнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байх үед буюу 2012-2014 онд дэд сайдаар нь ажиллаж байсан. Хан-Уул дүүрэгт байрлах “Лавай” захын эзэн бөгөөд Хан-Уул дүүргээс ИТХ-д хоёр удаа сонгогдож байжээ. Дэд сайдын суудалд 200 саяын авлигаар очсон гэж хэвлэлд бичүүлж байснаас өөрөөр олонд танигдаагүй нэгэн аж.
МАН-аас нэр дэвшихээр горилж буй Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2020 онд нэр дэвшээд өвдөг шороодсон. Дүүргийн Засаг даргаар багагүй хугацаанд ажиллаж иргэддээ танигдсан тул тойрогтоо даагаа нэхэхээр болсон бололтой. Түүнтэй хөтлөлцөн нэр дэвшихээр зэхэж буй Ж.Эрхэмбаатар хуульч мэргэжилтэй. Хан-Уулд бие даан нэр дэвшээд өвдөг шороодсон. Харин энэ удаа МАН-д элсэн, дэд сайдын суудалд хүртэл карьер ахисан тул баараггүй нэг мандат авчирна гэж нам нь үзсэн бололтой юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөх Т.Мөнхсайхан Эрүүл мэндийн сайдаар ажиллаж олны танил болсон. Сайд болохоосоо өмнө ГССҮТ, Нэгдүгээр эмнэлгийн захирлаар ажиллаж байсан. Түүний гэр бүл “Хүчит шонхор” зах, “Меркури” захыг эзэмшдэг юм байна.
Ц.Элбэгдоржийг УИХ-ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байсан Ц.Оюунгэрэл хожим УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан. “Жорлонгоо өөрчилье” хөдөлгөөн, Иргэний оролцооны намыг санаачлан байгуулсан. Б.Жагарын мэргэшсэн жагсагч. НИТХ-ын дарга Ц.Сандуй руу оймс шидэн анх олны анхааралд орсон. Н.Энхбаярын байгуулсан МАХН-ын гишүүн явсан.