Friday, November 22, 2024

“Их мэдэх”-үүд Их хуралд хэрэггүй

Date:

-Залуу хүмүүс бодлого л ярьж, улс орныхоо, бүс нутгийнхаа хөгжлийн талаар санаа, бодлоо уралдуулж байвал сайнсан. Түүнээс биш УИХ-д бүхнийг мэддэг “Их мэдэх”-үүд, хүсэл биелүүлдэг ид шидтэнүүд, “Би чадна”-ууд огт хэрэггүй.

Сонгууль дөхөөд горилогчид гороогоо хийж байна. Томсгосон тойрогт сонгууль болох учир шинэ залуу улстөрчдийн хувьд хуулийн дагуу албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө амжиж өөрсдийгөө таниулчих гээд чардайж байх шиг. Парламентад гурав дөрвөн удаа улиран сонгогдож сайн, муугаараа танигдчихсан хашир хөгшчүүд дахин нэр дэвших гээд улайран зүтгэж байхад анх удаа нэр дэвших гэж байгаа залуучууд тэднээс давж гарна гэдэг мэдээж хэцүү л дээ. Тиймээс аль болох өвөрмөц, содон, шинэлэг байдлаар сурталчилгаагаа хийж, өөрсдийгөө таниулж, олны анхаарлыг татах гэж хичээж байна. Гэхдээ ирэх цагийн өнгийг тодорхойлж байгаа залуучууд өмнөх үеийнхнийхээ бохир, муйхар, болхи, хоцрогдсон аргуудыг дуурайх нь сайн зүйл биш. Энд ганцхан жишээ дурдъя. Хөдөө орон нутгаар тойрч өөрийгөө танилцуулж, тойрогтойгоо танилцаж яваа нэг бус горилогч тухайн нутаг орны үүх түүх, газар зүйн онцлог, домог түүх сэлтийг цувралаар ярьж, бичиж, түүнийгээ төлбөртэйгөөр түгээж байгаа аж. Олны анхаарлыг татаж, тэдэнд таалагдах гэсэн арга нь байх. Өнгөц харвал болохгүй юм юу билээ. Олон нийтэд хэрэгтэй мэдлэг, мэдээлэл түгээж байгаа нь сайшаалтай гэмээр.

Харин нөгөө талаас нь харвал, өөрөөр хэлбэл бид хууль тогтоох дээр байгууллага парламентын гишүүдээ сонгох гэж байгаа шүү гэдгээ бодох юм бол түүхч, газар зүйч, аман зохиол судлаачид УИХ-д тийм ч чухал биш. Парламент бол ард түмний тусгал, тэдний төлөөлөл байх учиртай. Тиймээс олон салбарын манлайлагчид, янз бүрийн ажил, мэргэжлийн хүмүүс тэнд сонгогдож болох ч хууль, эрх зүй, эдийн засгийн зохих түвшний мэдлэгтэй байх нь эн тэргүүний шаардлага. Улс орныхоо хөгжлийн бодлогыг боловсруулж, хууль батлалцах хүний хувьд ажил, амьдралын туршлага бас чухал. 1990 оноос хойших найман удаагийн сонгуулиар бүрдсэн парламентаас хамгийн чадварлаг, ажил хэрэгч, потенциал сайтай нь 1992-1996 оны УИХ гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Уг парламентын дийлэнх нь мэргэжлийн эдийн засагч, улстөрчид байсан юм.  

Яг сонгуулийн өмнөх гороо тойрог хийж байгаа улстөрчдийг харахад 32 жилийн өмнөх шиг тийм чадварлаг парламент бүрдэнэ гэх итгэл найдвар төрөхгүй байна. Хуучцуул нь хоцрогдож, ялзраад авах юмгүй болсон гэж бодоход шинэ залуус нь  тэднээс ялгарч чадахгүй байгаа нь харамсалтай. Аль ч намын залууст энэ үг хамаатай. Өндөр боловсролтой, эдийн засаг, санхүүгийн мэргэжилтэй горилогч улирч баларсан 200-аад жилийн өмнөх ван, гүнгүүдийн түүхийг цувралаар танилцуулж ч байх шиг. Бизнест амжилттай яваа, үндэсний хэмжээний том компанийн захирал залуу сонгогдохоор горилж буй тойргийнхондоо газар зүй,  түүх, угсаатны хичээл заасан видео бэлтгэн түгээгээд сууж байх жишээтэй. Үлгэр, домог ярьж байгаад УИХ-д сонгогдоно гэж бодож байгаа залуу хүн байна гэдэг эмгэнэл. Тэд хэрвээ сонгогдвол орчин цагийн үлгэр ярьдаг залуу царайтай өвөө нар л болно.

Уг нь залуу хүмүүс бодлого л ярьж, улс орныхоо, бүс нутгийнхаа хөгжлийн талаар санаа, бодлоо уралдуулж байвал сайнсан. Түүнээс биш УИХ-д бүхнийг мэддэг “Их мэдэх”-үүд, хүсэл биелүүлдэг ид шидтэнүүд, “Би чадна”-ууд огт хэрэггүй. Нэр дэвшигчид, горилогчид ёс заншил, түүх, домог яриад, эсвэл урлаг, уран сайхан, спортын авьяасаа гайхуулаад эхэлбэл сонгогч та тэднийг УИХ-д биш ШУА, театр, чуулга, спорт заал руу илгээх нь зүйд нийцнэ. Тэгэхгүй бол улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж байдаг уураг тархи болсон парламентын танхим урлагийн тайз, бөхийн дэвжээ, үлгэрийн танхим болж гүйцэх нь.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...