Saturday, November 23, 2024

Зэсийн баяжмалын арилжааг нээх цан цохих ёслол боллоо

Date:

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжсөнөөс хойш өнөөдөр /2024.04.29/ зэсийн баяжмалын анхны арилжааг эхлүүллээ.

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:

“Монгол Улсын Засгийн газрын 223 тоот тогтоолын дагуу Монголын хөрөнгийн биржээр нүүрс, төмөр, хайлуур жонш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг арилжихаар болсон бол 2024 оны 73 дугаар тогтоолоор зэсийн баяжмалыг биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гарч, тус тогтоолын дагуу бид арилжаа зохион байгуулах бэлтгэлийг бүрэн хангаад байна.

Энэхүү шийдвэр нь Монголын хөрөнгийн биржийн хөгжлийн 30 гаруй жилийн түүхэнд бас нэгэн том цонх нээсэн онцгой үйл явдал байлаа. Өнөөдрийн арилжаагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай нийт 3000 нойтон метр тонн буюу 2718 хуурай метр тонн зэсийн баяжмалыг арилжаална. Хуурай метр тонн тутмыг 2141.83 ам.доллароос эхлэн дуудаж, арилжааг зохион байгуулах бөгөөд арилжигдсан зэсийн баяжмалыг БНХАУ-ын Эрээн боомтод хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг зохион байгуулах юм. Монголын хөрөнгийн бирж, уул уурхайн бүтээгдэхүүний бирж болон өргөжин хөгжиж буй энэхүү түүхэн үйл явцад Монгол Улсын стратегийн өндөр ач холбогдол бүхий, Монголын ард түмний өөрсдөө гар, бие оролцон бүтээн байгуулсан хамгийн том үйлдвэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК зэсийн баяжмалын анхны худалдагчаар бүртгүүлж, гэрээ байгуулсанд бид баяртай байна. Хүрэлцэн ирсэн эрхэм зочдодоо дахин талархал илэрхийлээд Монголын хөрөнгийн биржээр арилжаалах зэсийн баяжмалын анхны арилжааг нээх, цан цохин ёслол нээснийг мэдэгдье” гэв.

УУХҮ-ийн Дэд сайд Б.Уянга: “Монгол Улсын Засгийн газар, УУХҮЯ уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр арилжаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр урт хугацааны турш ажилласан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2023 онд биржийн арилжаагаар 2.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлого Монгол Улсын эдийн засагт орсон. Энэ нь улс орны эдийн засагт шууд утгаараа эерэг нөлөөг үзүүлснийг онцлон хэлье. 

Биржээр арилжаалах уул уурхайн бүтээгдэхүүний нэр, төрөл, ангилалд зэс, молибденийн баяжмалыг оруулж, төрийн болон орон нутгийн өмчит ААН, ТӨҮГ-ийг экспортод гаргах уул уурхайн бүтээгдэхүүнээ заавал биржээр арилжаалахаар тусгасан тэрхүү шийдвэрийг хэрэгжүүлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, МХБ-тэй хамтран зохих бэлтгэлийг хангасны дагуу өнөөдөр  зэсийн баяжмалын арилжааг ийнхүү эхлүүлж байна” гэлээ.

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...