Friday, November 22, 2024

Улаанбаатар хороо, дүүрэггүй хот болно

Date:

“Хорин минутын хот”

Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудалд Засгийн газар анхаарал хандуулж,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цуврал уулзалтууд хийж байна. Засгийн газрын тэргүүн есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн хүрэлцээ, авто зам, хогны тээвэр, гэмт хэргийн гаралт, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцжуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг нийслэлчүүдэд тулгамддаг асуудал бүрийг шийдэх гарц гаргалгаа, шийдлийн талаар төрийн захиргааны анхан, дунд шатны байгууллагынхан болон иргэдийн санал бодлыг сонсож буй. Энэ бүхэндээ  тулгуурлан нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөлтийг Засгийн газар боловсруулах юм. Төрийн үйлчилгээг хүндээ ойртуулах байдлаар буюу заавал хотын төв рүү орохгүйгээр 15-20 минутад хүссэн үйлчилгээгээ авдаг болгох, тухайн бүсийг цогцоор нь хөгжүүлэх төлөвлөлтөд иргэдийн саналд тулгуурласан бодит шийдлийг тусгах нь уулзалтын гол зорилго гэж болно. Дээрх концепцийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хорин минутын хот” хэмээн томъёолсон.

Энэ талаараа тэрбээр “Сүүлийн 30 жилд Монгол Улсын хүн амын талаас илүү нь нийслэлд төвлөрснөөс болж хил хүрээ нь тэлж, даац нь хэтэрсэн. Үүнийг дагаад түгжрэл, утаа, хог, бохирдол зэрэг олон бэрхшээл бий болсон нь төлөвлөлтийн алдаатай бодлого, нийслэлийн өмнөх удирдлагуудын эс үйлдэхүйтэй холбоотой. Энэ алдааг хотын өнөөгийн удирдлагуудтай холбож шүүмжлэх нь өрөөсгөл төдийгүй үүнийг нийслэл дангаараа шийдэж чадахгүй хэмжээнд хүрсэн учир Засгийн газар дэмжээд зогсохгүй оролцохоос аргагүй болсон. Хүндрэлийг шийдэхийн тулд бүтэц, зохион байгуулалтаас эхлээд хууль, эрх зүйн өөрчлөлт хийх замаар цогцоор нь шинэчлэх, дүүргүүдийг задлах, төрийн үйлчилгээг заавал хотын төв эсвэл дүүргийн байр руу очиж авахгүйгээр иргэд тухайн оршин суугаа бүсдээ түгжрэл, бухимдалгүйгээр 15-20 минутад төрийн, нийгмийн зэрэг хүссэн үйлчилгээгээ авдаг болох нь чухал юм. Бүсчилсэн хөгжлийн дагуу “Хорин минутын хот”-ыг бий болгоно. Ер нь бүсчлэл гэдэг бол эрх мэдлийг задална гэсэн үг. Улаанбаатар хотын түгжрэл бол хотын төвийн Бага тойруу орчмын 86 га газарт төрийн захиргааны 50 гаруй төв байгууллага төвлөрдөгтэй холбоотой. Үүнийг 42 нэгжид задлах байдлаар төвөөс гаргах нь чухал байна. Нийслэлийг бүсчлэх гол агуулга нь энэ. Одоо бол төрийн анхан шатны нэгж ямар ч эрх мэдэлгүй ажиллаж байна. Тэдний эрх мэдлийг хуулиар нэмэгдүүлж,  наанадаж төсөв захиран зарцуулах эрх олгох, цаашилбал хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах хүрээнд төвлөрлийг сааруулах бодлогыг төр, засгаас хэрэгжүүлэхээс өөр гарцгүй болсон” гэсэн юм.

Улаанбаатарыг 42 нэгж болгоно

Нийслэл хот 204 хороотой. Үүнээс 189 хороо нь төвийн зургаан дүүрэгт, 15 хороо нь захын гурван дүүрэгт байдаг. Хороодын хүн амын тооны зөрүүнээс шалтгаалж, зарим хорооны иргэд төрийн үйлчилгээг шуурхай авч чадахгүйд хүрсэн. Иймээс нийслэлийн есөн дүүргийг 42 нэгжид хуваахаар төлөвлөж байгаа юм. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг 15-20 минутад бүрэн авах боломжтой болно. Мөн Улаанбаатар хотыг  42 нэгжид хувааснаар эрүүл мэнд, улсын бүртгэлийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, газар олголтын явц жигдрэх, гэмт хэрэг зөрчлийн тоо буурах эерэг өөрчлөлтүүд гарна гэж үзэж байна.

Нийслэл Улаанбаатар хотын одоо байгаа төвийн зургаа, алслагдсан гурван дүүрэг, 204 хороо бүхий засаг захиргааны бүтцийг эрс өөрчилж, өөр өөрийн онцлогтой, төсвийн болон бусад шийдвэр гаргах эрхтэй, бие даасан 42 нэгж бий болгох санаачилгыг төслийн хэмжээнд ярьж, энэ талаар олон нийтийн санал бодлыг сонсож байгаа юм. Нэг үгээр хэлбэл Улаанбаатар хороо, дүүрэггүй хот болох нь зөв үү, тийм бол тэдгээр нэгжийг хэрхэн байгуулах вэ гэдгийг олон нийтийн санал бодол дээр тулгуулаж шийднэ.

Бүсчилсэн хөгжлийн бүрэн зураглал

Ерөнхий сайд 2023 онд 21 аймгаа тойрч, иргэдийнхээ санал хүсэлтийг сонссон. Эдгээр уулзалтын үр дүнд Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэх, улс орноо бүсчлэн хөгжүүлэх, үүний тулд сонгуулийн тогтолцоог бүсчилсэн хэлбэрт оруулах зоригтой алхмыг санаачлан, хуульчлуулаад байгаа билээ. Бүсчилсэн хөгжлийн дагуу орон нутгийг баруун бүс, хангайн бүс, хойд бүс, говийн бүс, төвийн бүс, зүүн бүс гэсэн зургаан бүсэд хуваасан. Үүнтэй адил нийслэлийг бүсчилж хөгжүүлэх боломжтой. 

Тиймээс энэ удаа нийслэлийн дүүргүүдийг тойрон иргэдийн саналыг сонсож байгаа нь ирэх 30 жилийг орон нутаг болон нийслэлтэй хамт төлөвлөх ёстой гэж үзсэнийх. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд бүсчилсэн хөгжлийн бүрэн зураглалыг гаргахыг зорьж байна.

“Дүүрэг, хороод өөрсдөө төлөвлөгөө гаргадаг биш хамтдаа төлөвлөж, хөгжих нь чухал. Засгийн газар, нийслэл ч асуудлыг дээрээс хардаг хандлагаа өөрчлөх цаг болсон” хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн захын хороодод ажиллах үеэрээ онцолжээ. Ерөнхий сайдын “Бүсчилсан хөгжил-Улаанбаатар” илтгэлээ танилцуулж, иргэдээ сонсох уулзалт хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойтоос эхэлж, Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Чингэлтэй дүүргийн Хайлааст, Сүхбаатар дүүргийн Дамбадаржаа, Хан-Уул дүүргийн Яармаг болон Баянгол дүүргийн  зургадугаар хороонд тус тус үргэлжлэв. Эдгээр бүсүүд өөр өөрийн онцлогтой. Өөр өөрийн асуудалтай. Тухайлбал,

-Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт, Баянхошуу, Өнөр гэсэн дөрвөн томоохон бүсэд 43 хороогоор дамжуулж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа.

-Толгойт бүсийн тухайд гэр хороолол ихтэй, тэр хэрээр хороо бүрд хүндрэл байдаг. Сонгинохайрхан дүүргийн дөрвөн том бүсийг эрх зүйн хувьд ч, төсөв санхүү, эрх мэдэл, хариуцлагын хувьд ч бие даалгаж хөгжүүлэх Засгийн газрын бодлогыг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар дэмжихээ илэрхийлж байв.  -Дарь-Эх хотын төвтэй ойр гэр хорооллын бүс учраас газрын үнэлгээ өндөр. Зам дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгч олон тул дэд бүтцийн сүлжээнд бага зардлаар холбогдох боломжтой бүс юм.

-Сүхбаатар дүүргийг Дамбадаржаа, Бэлх, Хайлааст, 220 мянгат гэж дөрөв хуваах нь зөв шийдэл. Дамбадаржаа бол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний аж ахуй нэгж байгууллагатай, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой. Хотын төв болон инженерийн шугам сүлжээтэй ойр, газрын үнэлгээ өндөр, бусад үйлдвэрлэлийг түшиглэн хөгжүүлэх боломжтой бүс.

-Яармаг бүсэд Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороо багтдаг, 30,754 хүн амтай. Тус бүсэд төрийн өмчийн гурван сургууль, таван цэцэрлэг, үйлдвэрлэл худалдаа үйлчилгээний 184 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Яармаг бол бүсчилж хөгжүүлэхэд хамгийн боломжтой.

-Баянгол дүүргийн 6-р бичил хорооллын “Бичил төв” бүсэд гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах асуудал хамгийн тулгамдсан асуудал аж. Мөн бусад гэр хорооллуудын нэгэн адил агаар, хөрс, усны бохирдол, нийтийн тээврийн хүрэлцээ, дэд бүтэц, стандарт тааруу байдаг нь иргэдэд хүндрэл учруулдаг байна.

Дагуул хот, дэд  төвүүдийг хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласны хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум өнөөдөр болно. Уг форумын урьдчилсан хэлэлцүүлгүүд дагуул хотууд, дэд төвүүдийг хэрхэн хөгжүүлэх зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд болсон.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогод олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, шинэ суурьшлын бүс, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар тусгасны дагуу Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулахаар ажиллаж байгаа билээ. Улаанбаатар хотын хүн ам 2040 он гэхэд 2,248,000-д хүрэх тооцоо гарснаас 440,000 нь дагуул хотод суурьших төлөвлөлттэй байгаа юм. Шинэ Зуунмод хотын 31,000 га талбайд

  • Эдийн засгийн чөлөөт бүс
  • Олон нийт, худалдаа, үйлчилгээний бүс
  • Шинэ Зуунмод хотын төв, засаг захиргааны бүс
  • Оюутны хотхон, судалгаа шинжилгээний төв
  • Худалдаа, бөөний төв
  • Тээвэр логистик, үйлдвэрлэлийн бүс
  • Олон улсын нисэх онгоцны буудал, агаарын каргоны бүс
  • Аж ахуй, нөөц бүс гэсэн найман бүсийг төлөвлөж буй.

Түүнчлэн бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хотыг байгуулах, хотын бүтээн байгуулалт, тогтвортой хөгжлийг дэмжих хүрээнд Шинэ Зуунмод дагуул хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм.

Нийслэлийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор зургаан дэд төв байгуулж буй. Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан бол Дамбадаржаа дэд төвийнх 57, Толгойт дэд төвийнх 28.7 хувьтай үргэлжилж байна. Сэлбэ дэд төвд дэд бүтэц хийснээр нийгмийн 35 барилга, байгууламж, 50 айлын орон сууцыг төвлөрсөн дулаанд холбож, жилд 7500 тонн түүхий нүүрсний хэрэглээг бууруулсан. Тухайн байршилд авто замын сүлжээг нэмэгдүүлснээр Долоон буудлын уулзварын ачааллыг 30 хувиар бууруулсан байна. Мөн 25.000 хүн цэвэр усны найдвартай эх үүсвэрт холбогдох боломжтой шугам сүлжээг барьж, 3000 өрхийг өндөр хурдны интернэтэд холбон, мэдээлэл холбооны үйлчилгээ үзүүлэх шилэн кабель, сувагчлалыг хийсэн юм. Одоогоор газар, эд хөрөнгийн үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага болон орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төслийг боловсруулах ажлын сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулснаар авто замын түгжрэл 36.3 хувиар, агаарын бохирдол 22 хувиар буурч, 2040 он гэхэд 25.295 ажлын байр бий болох тооцоо гарчээ.

Засаг захиргааны болон эрх зүйн шинэчлэлийг хийх цаг болсон

Улаанбаатарыг бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлал, өнөөдөр тулгамдсан асуудлын талаар албаны хүмүүёийн байр суурийг хүргэж байна.

НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат: Найман жилийн өмнө хот 152 хороотой байсан. Өнөөдөр 204 хороотой болсон. 52 хороог нэмсэн ч асуудал хэвээр байна. Өнөөдөр нэг хороонд дөрвөн цэцэрлэг, хоёр сургууль байхад огт сургууль, цэцэрлэггүй хороо ч байна. Нэг хороо 1000 иргэнтэй бол нөгөө хороонд 20 мянган хүн амьдарч байгаа жишээ бий.

НИТХ-ын төлөөлөгч Р.Дагва: 1990 оноос хойш Улаанбаатар хотын суурьшлын бүс 1.5-2 дахин өссөн. Засаг, захиргааны нэгжийн хуваарилалт, үндсэн чиг үүрэг гүйцэтгэдэг дүүргүүд хуучин хэвээр байгаагаас төрийн болон нийгмийн үйлчилгээний хүртээмжгүй байдал үүсэж байна. Уг асуудлын шалтгааныг судалж, түүнд суурилсан засаг, захиргааны шинэчлэлийг эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан хийх цаг болсон байна.

НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл: 1960 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш Засаг захиргааны нэгжийн өөрчлөлтийг бараг хийгээгүй бөгөөд улс төр, нийгмийн өөрчлөлт болон Өрнө-Дорны хөгжлийн загварчлалтай уялдуулан шинэчлэлт хийх нь зүйтэй.

НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Аймгууд хоорондоо бүсчилж хөгжих эдийн засгийн боломж нөхцөл бүрдсэн эсэх, орон нутгийн явцуу эрх ашгийн хүрээнд бус үндэсний хэмжээнд бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Энэ бодлогоор хот болон аймгуудыг онцлогоор нь хөгжүүлэх нь чухал гэж харж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн: Яармаг бүсийг бүсчилсэн хөгжлийн загвар болгон хамгийн түрүүнд хөгжүүлэх боломжтой. Хамгийн гол нь төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх нь чухал байна. Бүсчилж хөгжүүлбэл жишээ нь, өрхийн 4-5 эмнэлгийг нэгтгэж хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг болгох боломжтой 

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны Засаг дарга Ц.Цогт-Од: Бүсчилсэн хөгжлийн талаар ярьж байгаа нь маш зөв. Нэг хорооны хүн ам 10 мянгад хүрээд байна. Дөрвөн сумын хүн амтай тэнцэх хэр нь өөрсдийн гэсэн төсөв байдаггүй. Гамшиг, осол боллоо гэхэд нэг экскаваторт шатахуун хийх эрх мэдэлгүй. Хороо төсөв захиран зарцуулах эрхтэй болох хэрэгтэй.

Улаанбаатар хот өнөөдөр 1,7 сая хүн амтай, 437 мянган өрхтэй, 204 хороотой. Үүний тал хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээгүй, агаар, хөрс, усны бохирдолтой нөхцөлд амьдардаг. Ийнхүү Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын ужгирсан бүх асуудал төлөвлөлтийн алдаатай шууд холбоотой. Нийслэлийн даац хэтэрсэн учраас өнөөдрийн бүх хүндрэл бий болсон. Үүнийг засахын тулд Засгийн газар онцгой анхаарна гэдгийг Ерөнхий сайд онцолж буй. Нийслэлийн хүн амын хэт төвлөрөл өнгөрсөн 30 жилд бодлогогүй явж ирсний балгаар хяналтаас гарсан. Агаарын бохирдол, авто замын түгжрэл, нийтийн тээврийн хүрэлцээ, хогны тээвэр, хороо, хэсэгт ажиллах хүний нөөцийн дутагдал зэрэг хүндрэл, бэрхшээл бүрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газраас нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөлтийг хийж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...