Нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүний хамт ээлжит уулзалтаа Чингэлтэй дүүргийн Хайлааст орчмын хороодод ажилладаг төрийн албан хаагчидтай хийж байна.
Тус дүүрэг нь 24 хороотой, 11 нь гэр хороолол бөгөөд 37,508 өрхийн 144,249 оршин суугчтай аж. Дүүргээс бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтөө Өргөө, Зурагт, Хайлааст, Чингэлтэй, Хөтөл гэсэн таван бүсээр хийжээ. Хайлааст бүс нь тус дүүргийн нягтаршил ихтэй гэр хороолол бөгөөд долоон хороонд 45 мянган иргэн амьдарч байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15-р хорооны Засаг дарга Д.Төр-Эрдэнэ:
-Хорооны Засаг дарга эрх зүйн хувьд чадамжгүй, эрх мэдэлгүй байгааг өөрчилмөөр байна. Зөвхөн иргэний санал хүсэлтийг уламжлагчийн ажил хийж байна. Хотын хөгжил хорооноос эхэлдэг. Залуучуудыг анхан шатанд ажиллуулахыг төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Хайлааст бүсчилсэн хөгжлийн асуудлаар иргэдтэйгээ уулзаж, саналыг авч байна. Маш сайн дэмжиж байгаа. Чингэлтэй дүүргийг статусын хувьд томруулж хот болгоосой гэж боддог.
Захын хороодод сургалт болон бялдаржуулах төвүүдийг түлхүү байгуулах зэргээр төвлөрлийг гадагшаа чиглүүлмээр байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Засаг дарга Н.Сэргэлэн:
-Манай хороонд хөрсний бохирдол маш тулгамдсан асуудал болоод байгаа. Нийслэлийн гэр хорооллын хөрс, ус, агаарын бохирдолд Засгийн газар бодлогоор анхаармаар байна. Гэр хорооллыг орон сууцжуулах бол бас нэг тулгамдсан асуудал, иргэдийн хамгийн их хүсдэг зүйл болсон. Бас сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хүртээмж маш чухал байна. Манай хороонд зарим бүтээн байгуулалтууд хийгдэж байгаа ч газар чөлөөлөлт болон төсөв тасалдах хүндрэл байгааг анхаарч өгмөөр байна. Засгийн газраас нийслэлийг бүсчилж хөгжүүлэх бодлого боловсруулж байгааг дэмжиж байгаа.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ж.Сувд:
-Манай төвийн ачаалал маш өндөр. Дүүргийн хэмжээнд 20-30 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Засгийн газраас нийслэлийг бүсчилж хөгжүүлэхээр бодлого гаргаж байгааг зөв гэж бодож байна. Иргэд дараагийн шатлалын эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд хотын төвд очиж үйлчилгээ авдаг. Заавал төв рүү орохгүйгээр тусламж үйлчилгээ авдаг болбол төвлөрөл саарна. Эрүүл мэндийн даатгалаа цахимаар төлдөг болмоор байна гэсэн саналыг иргэд их маш гаргадаг. Энэ ч бас хотын төв рүү орох нэг шалтгаан болдог учраас нааштайгаар шийдэж өгөхийг хүсэж байна.