Friday, November 22, 2024

МИАТ-ын хоолны мафийг “Шүүр”-дэх цаг болжээ

Date:

Монгол Улсын төрийн далбааг тээгч, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани. Хүний газар явахад энэ нэр эх орон шиг сонсогддог. Хөлгийн бүхээгт нь ороод л Монголдоо ирсэн юм шиг сэтгэл уужирдаг. Үнэхээр ч МИАТ ХК иргэний нисэхийн салбартаа айлын ах шиг байж, орон нутгийн 8 чиглэлд нислэгээ сэргээж, олон улсын нислэгийн чиглэл, давтамжаа нэмэгдүүлж, агаарын хөлгийн тоогоо нэмж, аялж зорчих тийзээ хямдруулж олны талархлыг хүлээсээр байгаа. Харин өнөөдөр тэдний нэрийг нэг л зүйл баллаж байна. Сошиалаар шагайх төдийд л МИАТ-ын хоол үйлчилгээг голсон, чамласан, шүүмжилсэн сэтгэгдэл, постууд дүүрэн. Олон нийт үнэндээ хөөрхий, нарийн учрыг мэдэх биш. МИАТ л тэдэнд амт чанаргүй, хөрсөн, муудсан хоол , зууш өгөөд буй мэт ойлгож, шүүмжлэх нь аргагүй. Саяхан МИАТ-ын Үйлдвэрчний эвлэлийн хороо яг энэ сэдэвтэй холбогдуулан нэгэн ноцтой мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “…МИАТ-ын хоолны катеринг үйлчилгээтэй холбоотой хэвлэл мэдээллээр гарч буй мэдээлэл тус компанийн нислэгийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүйд нийт ажилтнууд нь харамсаж….” байгаагаа илэрхийлээд зогсохгүй “Нүхт тур” ХХК-иас МИАТ компанийн зорчигчдод өгч байсан хоолны чанар, орц найрлага жилээс жилд муудаж, сүүлдээ зорчигч үйлчлүүлэгчдийн дунд МИАТ хоол муутай гэсэн ойлголт үүссэн нь үнэн гэдгийг онцгойлон дурдсан нь анхаарал татна. Түүгээр ч барахгүй МИАТ компанийн үе үеийн удирдлагууд катеринг үйлчилгээгээ “Нүхт тур”-ээс салгаж авах гээд оролдох бүрийдээ үргэлж ялагдсаар ирсэн гашуун хийгээд харамсалтай үнэнийг нотлоод харин ч одоогийн удирдлагууд зоригтой алхам хийж катеринг үйлчилгээгээ тус компаниас салгаж авч чадсан гэдгийг онцолжээ. Түүнчлэн тус мэдэгдэлд “…чанаргүй, муу бүтээгдэхүүн нийлүүлж байвал гэрээлэгчээ, хамтрагчаа сольдог нь бизнесийн зарчим. МИАТ-ын удирдлагууд энэ зарчмаар л ажилласан…” гэдгийг ч тов тодорхой дурджээ. Саяхныг хүртэл МИАТ компанийн талаар олон нийтийн дунд муу хоолтой, тийз нь үнэтэй гэсэн ойлголт гүн бат тогтоод байсан. Арга ч үгүй биз. Онгоцны тийзний үнэд голлох нөлөө үзүүлдэг түлшний “Ц.Анандбазар гэдэг шахаа”-тай, 15 жилийн турш муу хоол нийлүүлсэн “Нүхт тур” гэдэг дарамттай байсан юм чинь.

Ер нь яаж ч бодсон муу бүтээгдэхүүн нийлүүлдэг хамтрагчаасаа, үнэтэй түлшний шахаанаасаа, хатуухан хэлэхэд хатиг хавдар болтлоо архагшсан паразитуудаасаа салахгүй бол тийз нь үнэтэй, бизнесийн нэр хүнд унасаар байх нь ойлгомжтой. Харин МИАТ-ын шинэ удирдлагаар шударга, мэдлэг боловсролтой залуусыг сонгосноор Анандбазарын монополыг нурааж, ужиг болсон түлшний шахааг зогсоож чадсан. Ингэснээр олон улсын нислэгийн тийзний үнийг 10-26 хувиар бууруулсан. Ганцхан жишээ. Өмнө нь Бээжин рүү 1,185,400 төгрөгөөр нисдэг байсан бол одоо харин 876,300 төгрөгөөр нисэж байна. Харин одоо МИАТ муу хоол нийлүүлдэг найдваргүй хамтрагчаасаа салах гэж тэмцэж байна. Шашин, улс төрийн хамгаалалттай “Нүхт тур” компани 15 жилийн турш монополь байдлаар 102 тэрбум төгрөгийн катеринг үйлчилгээг “шахсан” мэдээ нь цагаан дээр хараар бичигдэж, цаасан дээр баримттайгаа дурайж байдаг аж. Хэдийгээр Монгол Улсад 2006 оноос эхлэн Тендерийн тухай хууль хэрэгжиж байгаа ч том артай “Нүхт Тур” компани 15 жилийн турш нэг ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр МИАТ-ын зорчигчдод хоол нийлүүлэх эрхийг дангаар эзэмшиж өдийг хүрчээ. Тендер сонгон шалгаруулалт зарлах гэхээр л Төрийн ордны томчууд ээлж дараалан утас цохиж, нэгэнт дархлагдсан нэр бүхий хүмүүсийн бизнесээр оролдож болохгүйг сануулж, дарамт үзүүлсээр ирсэн гэнэ. МИАТ-ын шинэ удирдлагын зүгээс хуулийн дагуу шударгаар тендер сонгон шалгаруулах ёстой гэж үзэн 2023 онд “Агаарын хөлөгт хоол нийлүүлэх катеринг үйлчилгээ”-ний тендер зарлаж 5 компани өрсөлдсөнөөс манайдаа л катерингийн чиглэлээр тэргүүлэгч компаниуд өрсөлдөж “Ред рок катеринг” ХХК шалгарчээ. Гэтэл энэ нь ихэс дээдсийн таалалд огтоос нийцээгүй тул өнөөх “Нүхт Тур” компаниас тендерийг хүчингүй болгох гомдлыг шүүхэд гаргаж үйл ажиллагааг нь гацаагаад МИАТ-ын залуу удирдлагуудыг хууль, хүчний байгууллагаар дамжуулан дарамтлаад эхэлсэн гэнэ. Өмнө нь ч 2016 онд бараг л “Нүхт тур” компаниас салах зорилгоор катеринг үйлчилгээний тендер зарлаж олон улсад нэр хүндтэй “Gate Gourmet” компани шалгарсан боловч мөн л “Нүхт тур” компанийнхан шүүхээр заргалдаж, удирдлагуудыг нь дарамталсаар байгаад санасандаа хүрч, эцэстээ тендерийг хүчингүй болгож, гадны нэр хүндтэй компанийг хөөж гаргасан түүхтэй. МИАТ бол “Корейн Эйр”, “Туркиш Эйрлайнз” зэрэг дэлхийн акул авиа компаниудтай Монголын агаарын тээврийн зах зээлд өрсөлддөг манай улсын үндэсний агаарын тээвэрлэгч. Тэд энэ жил АНУ, Вьетнам улс руу шууд нислэг нээж, 1,2 сая зорчигч тээвэрлэх томоохон зорилго тавин ажиллаж байгаа.

Энэ том өрсөлдөөнд бид чанаргүй бараа, үйлчилгээтэй, дураараа үнэ тогтоодог эрх мэдэлтнүүдийн халаасны компаниудаас салж байж л шударгаар өрсөлдөх боломж нээгдэнэ. Зүй нь бол үйлчилгээгээ сайжруулах үүднээс сонгон шалгаруулалт зарлаж, хамгийн сайныг нь шалгаруулсан МИАТ-ынханыг дарамтлах бус шилэн данс, медиа хяналт, тендерийн хуулийн хажуугаар хязгааргүй монополь эрх эдлэн бүхэл бүтэн 15 жилийн турш тендергүй үйлчилгээ үзүүлсээр ирсэн “Нүхт тур”-ын булхайтай үйлдлийг нэгбүрчлэн шалгаж но-г нь тогтоох цаг ирсэн биш үү. Эс тэгвээс МИАТ-ын хоол үйлчилгээнд эрээ цээргүй эзэн сууж хөлжсөн монополь компани амт, чанаргүй бүтээгдэхүүнээ шахсаар суух нь. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ болгон зарласан. Зочид гийчид айлд уригдаад зоог хоолоор нь тэднийхийг шинждэг. Түүнтэй адил МИАТ-ын хоол бүхнийг зоосны нүхээр харж зоологчдын хуулийн дээр дэвсэлсэн хударгагүй үйлдлийн золиос болсоор байвал наанадаж үндэсний агаарын тээвэрлэгчийн, цаанадаж Монгол Улсын нэр хүнд хөсөр унах бус уу. “Нүхт тур”-ын нүглийн дэргэдүүр хууль хяналтынхан нүдээ аниад өнгөрвөл хуулийн засаглал тогтоох монгол төрийн бодлого худлын өмнөх сөхөрсөнтэй адил болно гэдгийг хэлэхэд илүүдэх юун. Хоолны мафийн хоронд чухам хэн хэн орж, хэрхэн хутгалдахыг нүдтэй болгон харж, чихтэй болгон анхааралтай сонсож байгаа. Засгийн газрын Авлигатай тэмцэх 5Ш ажиллагааны хүрээнд МИАТ-ын хоолны катеринг үйлчилгээг “Шилэн” болгож, ужгирсан луйварт нь “Шүгэл” үлээж, бугшсан мафийг нь “Шүүр”-дэх цаг болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...