Thursday, November 21, 2024

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн хугацаанд яригдаж ирсэн салангид концепцуудыг нэгтгэснээрээ баялгийн суурь реформ болно

Date:

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, парламентад суудалтай улс төрийн намуудтай зөвшилцөн, УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийсэн юм. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өнөөдрийг хүртэлх Засгийн газрын үе шаттай реформууд, авлигын эсрэг шударга ёсны тэмцэлд тууштай хамт байсанд талархал илэрхийлье. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т байгаль орчныг ашиглах төрийн бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Үндсэний баялгийн сангийн тухай хуулийн  төслийг  хэлэлцэж, парламентад суудалтай улс  төрийн намуудтай зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Та бүхэн мэдэж байгаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дөрвөөс таван салангид төсөл сүүлийн арваад жилийн хугацаанд яригдаж ирсэн. Одоо эдгээр хуулийн төсөл, концепцууд зарчмын хувьд нэгдэж байна гэж ойлгож болно. Юуны өмнө олон жилийн хугацаанд мэтгэлцсэн боловч бодитой шийдэлд хүрч чадаагүй байгалийн баялгийн өгөөж хэрхэн бүрдэх, шууд хүртээмжтэй байх, иргэдийн нэрийн дансанд шууд хуримтлал үүсгэх, төсвийн давсан орлогыг тэгшитгэн хуваахгүйгээр хөгжлийн томоохон төслүүдэд шууд хөрөнгө оруулалт болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Баялагтаа эзэн байх суурь зарчмын асуудалд санал нэгдэж, өөрийн үзэл баримтлалаар хуулийн төсөл өргөн барьж, энэ төслүүдийг нэгтгэхийг зөвшөөрч, зөвшилцсөн АН, АН-ын дарга Л.Гантөмөр, ХҮН, ХҮН-ын дарга Т.Доржханд  нарт Монгол Улсын Засгийн нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.

Бид хамтдаа зөвшилцсөнөөр Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулж, Монгол Улс анх удаа 126 парламентын гишүүдтэй болж, холимог тогтолцоогоор, холимог тогтолцооны 1х1 аль нэг хүйс байхаар хуульчилж чадсан. Нэг үгээр хэлбэл сонгууль бүхнээр өөрчлөгддөг байсан сонгуулийн тогтолцоо Үндсэн хуульд орсноор илүү хүртээмжтэй, ардчилалтай засаглалын хэлбэрийг бид зөвшилцсөнөөр сонгож чадсан. Мөн бид  зөвшилцсөнөөр бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулж, бүсчлэлийн томсгосон тойрог руу хамтдаа орж чадсан. Энэ өдрүүдэд Эдийн засгийн форум болж байна. Маргааш /өнөөдөр/ парламентад суудалтай гурван намын дарга бусад улс төрийн намын удирдлагуудтай хамт бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын эдийн засгийн гол агуулга тухайн бүсчлэл дээр юу байх вэ гэдгийг илүү ярих форум болно. Энэ нь

бид зөвшилцөж нэгдэж чадвал тулгамдсан асуудал дээр шийдэл гаргаж чадна гэдгийн бодит илэрхийлэл бол Үндсэн хуулийн өөрчлөлт мөн. Бүсчилсэн тойрог, Хөгжлийн банк, Нүүрсний сонсгол гээд олон асуудал дээр ийм жишээ байгаа. Эдийн засаг хоёр дахин өссөн нь үүнтэй холбоотой.

Харин өнөөдөр бид олон жил яригдсан баялгийн суурь реформыг хийх улс төрийн зөвшилцөлд парламентад суудалтай улс төрийн намууд хүрч чадлаа. Бид авлигатай нам харгахзалгүйгээр тууштай тэмцэж чадаагүй бол өнөөдрийн үр дүнд хүрэх боломжгүй байсан гэдгийг онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан, Хөгжлийн сан, Хуримтлалын нэгдсэн гэсэн сангуудаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулалтыг сэдэлжүүлэх ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах Норвегийн баялгийн сангийн жишиг загварт тулгуурлан хуулийн төсөл боловсруулахаар улс төрийн намууд тохиролцлоо.

Мөн “Эрдэнэс Монгол”-ын харьяа стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Оюутолгой” болон цаашид ашиглах стратегийн томоохон төслүүдийн 34 хүртэлх хувь нь Хуримтлалын нэгдсэн санд шууд төвлөрч, иргэдийн орон сууц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар хуулийн төсөлд тусгахаар зарчмын тогтолцоонд хүрлээ.

Байгалийн баялаг хэсэг бүлгийн өмч биш, нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж, өнгөрсөн хугацаанд олгогдсон ашигт малтмалын лиценз олголтын талаар УИХ нээлттэй сонсгол хийх, иргэдийн мэдэх эрхийг хангах, энэхүү сонсголын үр дүнд тулгуурлан уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх, ил тод байдлыг хангах чиглэлд Баялгийн сангийн хууль түлхэц өгнө гэдэгт итгэж байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болсон орлогын тэгш бус байдлыг бий болгосон байгалийн баялгийн лицензийн хуваарилалт, нийслэлийн болон Байгаль орчны яамны газар олголт, өмч хувьчлалын талаар нийгэмд бодитой дүгнэлт хийж чадвал энэ нь өөрөө эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүртээмжтэй болгоход чиглэсэн авлигын эсрэг тэмцэл тууштай үргэлжлэх суурь нөхцөл болно гэдгийг бид хамтдаа ярилцаж, энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд ажилласан.  Мэдээж улс  төрийн намуудын хувьд өөр өөрийн үнэт зүйл, өөр өөрийн зарчмын байр суурийн ялгаа байгаа ч гэсэн Монгол Улсын нийтлэг язгуур эрх ашиг дээр улс төржихгүйгээр хамтран ажиллаж, урагшилж чадах нь өнгөрсөн 30 жилийн нэг том сургамж гэж ойлгож болно.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын 893,432 иргэнд 1072 хувьцааг шинээр эзэмшүүлэх шийдвэрийг  УИХ-ын 2024 оны 10-р тогтоолыг үндэслэн гаргалаа. Ингэснээр Монгол Улсын нийт 3.4 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн шууд хувьцаа эзэмшигч болж байна гэсэн үг.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанид тогтоосон онцгой дэглэм, нүүрсний ил тод байдлыг хангаж, далд эдийн засгийг ил болгосны үр дүнд “Эрдэнэс Тавантолгой” компани анх удаа 2022 оны жилийн эцсийн дүнгээр 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллах урьдчилсан дүгнэлт гарч байна. Ингэснээр иргэдийн 1072 хувьцаа ийнхүү бодитоор амилж байна.
Компанийн тухай хуулийн 46.1, 47.1, 76.1, 76.1.2-т заасны дагуу тус компани ногдол ашигаа хуваарилах хуулийн үүрэгтэй. Энийг өнөөдөр бид Засгийн газраас шийдэж байгаа гэхээсээ илүү Компанийн дагуу хуулиар зайлшгүй зохицуулагдах ёстой нийгмийн  хариуцлага. Үүний дагуу 2022 оны ногдол ашиг иргэн бүрт дунджаар татварын өмнөх дүнгээр 116 мянган төгрөгийг өнөөдөр иргэн бүрд шилжүүлэх боломж бүрдсэн гэж ойлгож болно. 2023 оны ногдол ашиг болох 286 мянга орчим төгрөг байх урьдчилсан төсөөлөл гарч байна. Үүнд санхүүгийн аудит орно. Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж батлах үед энэ асуудал эцэслэн шийдэгдэж, бэлэн болно гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” компаниас Засгийн газарт өгсөн байгаа. Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар байгалийн баялгийн төслүүд эрчимжиж, ашигтай ажиллах тусам иргэн бүхэн хуримтлалын нэрийн дансандаа хадгаламж үүсгэх эрх зүйн орчин бүрдэнэ. Нэг үгээр хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа бэлэн мөнгөөр олгогдох эрх зүйн орчныг өмнө нь бүрдүүлсэн. Үүнийг Компанийн тухай хуулийн дагуу олгоно.

Баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар бусад Оюутолгой болон Эрдэнэтийн 34 хувийн хувьцаа иргэдийн Хуримтлалын нэгдсэн санд иргэн бүрийн нэр дээр шилжинэ гэсэн үг. Энэ нь тодорхой хугацанд түгжигдэж, орон сууц болон эрүүл мэнд, боловсролд зарцуулагдах, түүнийг сэдэлжүүлэн арвижуулах эрх зүйг орчин багцаар үйлчлэх зарчим дээр тохирсон.

Энэ нь байгалийн баялгийн засаглалыг ил тод, шударга, ашигтай ажиллахад нийт иргэд бүгдээрээ хяналт тавих, байгалийн баялгийн засаглалын асуудалд шууд хэлбэрээр оролцоогоо нэмэгдүүлэх, ТУЗ-ийн гишүүдийг хараат бусаар ажиллахад нийт иргэд оролцох боломж бүрдэж байна. Туулай жилийн 5Ш ажиллагаа эдийн засгийн хувьд үр дүнгээ өгсөн. -4.7 орчим хувь байсан эдийн засаг 6.8 хувьд хүрч, бүс нутагтаа бид эдийн засгийн өсөлтөөр тэргүүлж байна. Энэ амжилтаа хадгалах нь зүйтэй. Гол нь өсөлтийн тоо өрх бүрд чиглэхэд Баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн хугацаанд явж ирсэн салангид концепцуудыг нэгтгэснээрээ баялгийн суурь реформын нэг том бүрэлдэхүүн хэсэг болж байгаа юм гэдгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Энэ агуулгаар улс төрийн намууд санамж бичигт гарын үсэг зурж, энэ үндсэн концепц дээр санал нэгдлээ. Мэдээж УИХ-аар, олон нийтийн дунд хэлэлцэнэ. Олон нийт хамтдаа хэлэлцэж энэ хуулийн ард гарч чадсанаар Баялгийн сангийн, баялгийн зохистой зохицуулалтын агуулга илүү том түвшинд, суурь реформын хэмжээнд хийгдэх боломжтой. Энэ зөвшилцөлд сүүлийн зургаан сард хамт байж, олон удаа ажлын хэсгийн түвшинд ярилцсан АН, ХҮН намын удирдлагууд, бусад улс төрийн намын удирдлага, олон эрдэмтэн судлаачид, ажлын хэсэгт ажилласан төрийн албан хаагчид, мөн энэ концепцыг дэвшүүлж, улс төрийн дэмжлэг үзүүлсээр ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...