Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ оны босгон дээр Засгийн газар байгуулагдсанаас хойших хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёр дахь хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформыг хийхэд бүхэлд нь зориуллаа хэмээн хэлсэн. Энэ Засгийн газрын өнгөрсөн гурван жилийн ажлыг ийм хоёр багц болгон хуваагаад харчихад болох ажээ.
Цар тахал ид дэгдээд байсан 2021 оны нэгдүгээр сараас эхлээд 2022 оны гурав, дөрөвдүгээр сар хүртэл үндсэндээ жил хагасын хугацаа бол Засгийн газарт том сорилтыг даван туулсан, эрүүл мэнд хийгээд эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй нүүр тулсан хэцүүхэн үе байв. Олон удаагийн хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, зарим нь бүхэл бүтэн салбараараа тэг зогсолт хийж, иргэдийн эрүүл мэнд, эдийн засаг тэр чигтээ хямарсан үед Засгийн газар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Цар тахлыг хохирол багатай даван туулсан, иргэдээ өндөр хувьтайгаар вакцинд хамруулсан, хөл хориог Ази-Номхон далайн бүс нутагтаа хамгийн анх цуцалсан таван улсын нэг болсон, дэлхийн улс орнуудын дунджаас 1.5 жилийн өмнө эдийн засгаа сэргээн хөл дээр нь босгож, чадсан зэрэг нь дээрх хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлсэнтэй холбоотой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа бүрдүүлснийхээ дараа УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ Засгийн газрынхаа дөрвөн зорилтыг Цар тахлыг богино хугацаанд аван туулах төлөвлөгөө, Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө, Дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоо, Шударга ёс, цахим засаглал хэмээн тодорхойлж байв. Эхний хоёр зорилт нь дээр дурдсан Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд хэрэгжсэн. Гурав дахь зорилтын хүрээнд иргэдийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн. Мөн эрт илрүүлэг, оношилгоог орон даяар эхлүүлж, амжилттай зохион байгуулсан юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа дөрөв дэх зорилтыг “Шударга ёс, цахим засаглал” гэж тодорхойлсон нь цар тахлаас илүү хор уршигтай авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх, далд эдийн засгийг ил болгох, системийн авлигыг устгах эрс шийдэмгий ажлуудын эхлэл байв.
Цар тахлын дараа улс орныхоо эдийн засгийг хэрхэн хөл дээр нь босгох вэ гэдэг асуултад Л.Оюун-Эрдэнэ шударга ёсыг тогтоох, авлигатай тэмцэх гэж товчхон хариулсан.
Үүнийгээ бодитоор харуулсан. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлэн илчилснээр эдийн засаг хоёр дахин тэлэх боломжтой гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан нь хоёр жилийн дараа биеллээ олоод байна. Хөгжлийн банкны, Нүүрсний гэх мэт олон хэргүүдийг илрүүлж, УИХ дээр нээлттэй сонсгол хийн, шүүхэд шилжүүлсэн. Улаанбаатар хотын газар олголт, Засгийн газрын тусгай сангуудын зээл гээд далд, нууц байсан олон мэдээллийг ил болгов. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдоод анх хийсэн мэдэгдэлдээ цахим шилжилтийг онцолж, цахим үндэстэн болох зорилт дэвшүүлсэн. Энэ зорилт амжилттай хэрэгжсэнээр төрийн байгууллагын хүнд суртал арилсан, хаалттай мэдээллүүд ил тод, нээлттэй болсон. Авлигачдад “төрийн нууц”, “байгууллагын нууц” гэх халхавчин дор нуугдах, булхай луйвраа хаацайлах газар үлдээгүй гэсэн үг. Эсрэгээрээ иргэд мэдээлэлтэй болсон. Мэдээлэлтэй иргэд хүчирхэг гэдгийг мэдэрч эхэлсэн. “И-Монголиа” платформыг өргөжүүлж, сайжруулан, гурав, дөрөв дэх үе шатны хөгжүүлэлтийг хийгээд байгаа нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын нэг том ажил. Цахим шилжилт бол Шинэ сэргэлтийн бодлогын Төрийн бүтээмжийн сэргэлтийн гол цөм, ноён нуруу ч мөн.
2023 оныг Засгийн газар Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлсэн. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоод хилийн чанадад гарсан этгээдүүдийг саатуулан авчирч, тэднийг хууль, шүүхийн байгууллагад шилжүүлсэн гээд тоочвол олон ажил бий. Энэ бүхнээс ямар үр дүн гарав гэвэл хөгжлийн тушаа болж, шимэгчилж байсан авлига, албан тушаалын гэмт хэрэг, далд эдийн засаг илчлэгдэж, салбар салбарт шинэчлэл, өөрчлөлт хийгдсэн.
Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ “бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдуулсан. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцуулсан байдаг.
“Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулж, анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Ингэснээр олон жил яригдсан Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдаад байна. Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давсан төдийгүй Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарсан. Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн дээд амжилт.
Монгол Улс давсан орлогоороо ахмадын тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлж, төрийн албан хаагчдынхаа цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах дорвитой алхмуудыг хийж чадсан.
Ачаа тээврийн эргэлт анх удаа 105 сая тоннд хүрч, дэлхийн 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүхий агаарын тээврийн либеральчлалын бодлогыг амжилттай хэрэгжүүлсэн. Зөвхөн уул уурхай тулгууртай эдийн засгийн бүтцээ өөрчилж, “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650.000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого олсон.
Энэ бүхэн зөвхөн 2023 онд гарсан эерэг, нааштай үзүүлэлтүүд. Системийн авлигыг нурааснаар эдийн засаг хоёр дахин тэлнэ гэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг ийнхүү амьдрал дээр биеллээ олов.
Тэрбээр “Төрийн ордон дотор хүч мөхөствөл, олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлэх болно. Энэ удаагийн авлигатай хийх тэмцэл зөвхөн хогийн ургамалтай нь биш харин түүнийг бүрдүүлж буй хөрстэй нь хийх тэмцэл байх болно” хэмээн мэдэгдэж байсан нь гурван жилийн өмнө юм. Авлига үүсгэж буй суурь нөхцөл бол төрийн хүнд суртал, улс төрийн авилгажсан тогтолцоо гэдэг нь ойлгомжтой. Тиймээс авлигатай хийх тэмцэл амар биш гэдгийг ч Засгийн газрын тэргүүн хэлж байсан. Цаашид төрийн дээр төр шиг байдаг албан бус бүлэглэл дахин үүсэх, улс төрийн зорилгоор хууль хяналтын байгууллагын ашигладаг байдлыг бүрэн таслан зогсоохын тулд сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн цогц реформыг улс төрийн намуудтай зөвшилцөн хийхийг эрмэлзэнэ гэсэндээ ч хүрсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог холимог болгон хуульчилж, сонгуулийн тойргийг бүсчилсэн хэлбэрт оруулж, нэг ёсондоо сонгуулийн реформ хийсэн. Энэ бол цаашид дараагийн 30 жилийн өөрчлөлт, шинэчлэлт, хөгжил дэвшлийн суурь болно гэдгийг Ерөнхий сайд хэлж байгаа.
Дүгнээд хэлэхэд, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдал, бугшсан, ужгирсан завхарлыг арилгаж, дараагийн 30 жилийг эхлүүлэх суурь реформыг хууль эрх зүйн орчинд ч, бодлогын түвшинд ч, үйл ажиллагааны хүрээнд ч хийж чадлаа. Эдийн засгаа сэргээж, бодит өсөлтийг эхлүүлэв. Үндэсний эв нэгдлийн, Шинэчлэлийн, Шийдлийн гэх мэтээр өмнөх Засгийн газруудыг тодорхойлж, нэрлэж байсан. Тэр жишгээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг тодорхойлох аваас Шинэ сэргэлтийн Засгийн газар гэж нэрлэх болно. Энэ сэргэлт шинэ, бас бодитой, алсын хараатай сэргэлт байна гэдэгт итгэж байна. Тэгж гэмээнэ дараагийн шинэ 30 жилийг итгэл төгс эхлүүлнэ.