Friday, November 22, 2024

Сэрсэн хөдөө, сэргэсэн хөгжил

Date:

-Шинэ зууны нүүдэлчид хөдөөг зорьж байна-

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын санаачлан хэрэгжлүүлж байгаа нэг том төсөл бол Шинэ сэргэлтийн бодлого. Зургаан гол асуудлыг барьж аваад, тус бүрд нь сэргэлтийн бодлогыг нь тодорхойлж өгсөн. Түүний нэг нь Хот, хөдөөгийн сэргэлт. Сүүлийн гурван жил Засгийн газраас энэ чиглэлд тодорхой, цэгцтэй бодлого дэвшүүлж, дорвитой, бодитой ажлууд хийжээ. Аймаг, орон нутагт ажиллаж амьдрахаар нүүж очиж байгаа иргэдэд төрөл бүрийн дэмжлэг, туслалцаа үзүүлэх шийдвэрүүд гаргасан. Ипотекийн орон сууцны хүүг орон нутагт 3 хувь болгон бууруулсан. Мөн нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж байгаа. Тухайлбал, ажлын байрыг дэмжих зорилгын хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-д жилийн нэг хувийн хүүтэй 500 саяын зээл олгож эхэлсэн. Иргэн, хувь хүнд нэг хувийн хүүтэй 50 сая төгрөгийн зээл мөн олгож байна. Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүрээнд 2023 онд аймаг бүр өөрсдийн бүс нутгийн онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр боловсруулж, шилжин ирж буй иргэдэд хэрхэн боломж олгох талаараа хөрөнгө оруулалтын чуулга уулзалтууд зохион байгуулсан.

Орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, амьдрах орчин нөхцөл, амьдралын чанарыг нь дээшлүүлэх, зам, харилцаа, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа  хөрсөндөө шингэж, хүндээ хүрч байна. Тиймээс сүүлийн хоёр, гурван жилд хөдөө орон нутгийг зорих иргэд, айл өрхийн цуваа эрс нэмэгдэв. 1990-ээд онд эхэлсэн нийслэл хотыг чиглэсэн их нүүдлийн цуваа 30 гаруй жилийн дараа ийнхүү хөдөөг чиглэх болсон нь Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын үр дүн.

Нийслэлээс хөдөө, орон нутагт шилжин суурьшиж мэргэжлээрээ амжилттай ажиллаж яваа инженер, эдийн засагч, зохиолч, сэтгүүлч, хуульч, багш, эмч гээд төрөл бүрийн мэргэжилтэй залуусын тухай энд дурдаж болно. Хилийн чанадад дэлхийн шилдэг их сургуульд суралцаж ирээд хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуучууд ч бий. Зөв бодлого араасаа зөв шийдэл дагуулдаг. Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого ийм зарчмаар хэрэгжиж байгаа. Шийдлүүд нь бэлэн. Тиймээс хөдөө, орон нутагт ажиллаж, амьдрах сонирхолтой залуучууд олон болж байна. Ажиллаж, амьдрах аятай, таатай орчин хаана байна, тийшээ л  хүмүүс тэмүүлдэг. 1990-ээд оны хот, суурин газрууд, ялангуяа нийслэл Улаанбаатарт л тийм ая тухтай, хөгжилтэй, соёлтой орчин, нөхцөл бүрдсэн байв. Тиймээс хүн бүхэн хотод амьдрах гэж тэмүүлсэн. Харин өнөөдөр бол хөдөө нутагт амьдралын ая тух, амгалан тайван байдал, эрүүл, эко орчин, хөгжлийн боломжууд дүүрэн мөрөөдлийн ахуй цогцолж байна. Тиймээс өнгөрсөн 2023 онд нийслэлээс хөдөө, орон нутагт 24 мянган хүн  шилжсэн байна. Энэ бол сүүлийн 30 жилийн хамгийн өндөр үзүүлэлт.        

2024 оны төсөв хөдөөг сэргээхэд чиглэнэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон. Энэ хүрээнд орон нутгийн нэмэгдэл 20 хувийг 40 хүртэлх хувиар нэмж өгчээ. Нийслэлээс 500-900 км зайд үйл ажиллагаагаа явуулдаг ААН-ийн татварыг 90 хувиар хөнгөлөхөөр болсон. 2023 онд Засгийн газраас орон нутагт санхүүгийн эрх мэдлийг өгөх ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд орон нутагт ажиллаж буй алба хаагчдын цалин хангамжийг 60 хүртэлх хувиар нэмэгдүүлээд байгаа юм. Орон нутагт 2500 ажлын байрны сул орон тоо бий болж, хүний нөөцийн чадавх суларсан байсан нь оны сүүлээр 1000 болж буурчээ.

Энэ мэтээр эерэг сайн мэдээ олныг дурдаж болно. Товчхондоо бол Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого цогц, багц, цэгц байдлаар хэрэгжиж байгаа учир амжилтад хүрч байна. Цогц гэдгийн учир нь Шинэ сэргэлтийн бусад таван бодлоготойгоо уялдаа холбоотойгоор цогцоороо хэрэгжиж байгаа юм. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа 2050”, Бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлал, Төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлого зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичигтэй Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого нэгэн багц болж хөгжлийн бүрэн зураглалыг тодорхойлж байгаа.

Хэт төвлөрөл, түүнээс гарах хүндрэл, бэрхшээл, хөдөөгийн хөгжлийн сул талууд, тэдгээрийг засах боломж, гарц гээд бүхий л асуудлыг нарийн тодорхойлж, шат дараатай, үр дүнтэй шийдэж, өөрчлөлт, шинэчлэлт хийж чадсанаараа Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого цэгц шийдэл болж чадсан. Энэхүү бодлогын эхний шат өнгөрсөн хоёр жил амжилттай хэрэгжих сууриа тавьсан тул дараагийн шатанд Бүсчилсэн хөгжлийг дэмжих асуудлыг Засгйн газар бодлогын түвшинд дэвшүүлэн тавьсан. Уг нь 20 гаруй жилийн өмнө Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлагдсан нь цаасан дээр үлдсэнээс биш амьдрал дээр хэрэгжээгүй. Үүнийг Л.Оюун-Эрдэнийн Засгин газар хөрсөнд нь буулгахаар Шинэ сэргэлтийн бодлоготойгоо уялдуулан, хослуулан хэрэгжүүлэхээр болоод байна. Тиймээс 2023 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бил болгон зарлав.  Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн тогтолцоог шинэчилж, тойргуудыг бүсчилсэн байдлаар “зурсан” нь бодлогын том реформ юм. Цаашид хууль тогтоох дээд байгууллага УИХ аль нэг аймаг, сум, тойргийн жижиг, сажиг асуудлыг хэлэлцэж, цаг, мөнгө гарздахгүй. Харин бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэлэлцэнэ. Улс орны хэмжээний бодлого ярина. Парламентад суудалтай намууд ч хөгжлийн бодлогоор л уралдаж, өрсөлдөнө. Тойргийнхоо хэдхэн сонгогчийн усыг нь зөөж, түлээг нь хагалж, орцыг нь шүүрдэж өгөх шахам тойлж байгаад дахин дахин сонгогддог гишүүдэд одоо тийм боломж олдохгүй.

Хот, хөдөөгийн сэргэлтийн тухай яриагаа үргэлжлүүлэхэд хөдөө орон нутаг бүсчилсэн байдлаар хөгжөөд ирэхээр хотын төвлөрөл аяндаа буурна. Хөдөөг зорих шинэ зууны нүүдэлчид аль хэдийнэ ачаа тэнчээгээ тэгшлэн, аян замдаа  гарахад бэлэн болсон. Тиймээс Улаанбаатарын олон хүндрэл аяндаа багасна, улмаар бүрмөсөн арилна. Эцэст нь зангидаад хэлэхэд Боомтын сэргэлтийн үр дүнд орон нутагт авто болон төмөр замууд тавигдаж, дэд бүтэц сайжрахын зэрэгцээ экспорт, импортын шинэ гарцууд нээгдэн, эдийн засаг тэлнэ. Эрчим хүчний сэргэлт зэрэгцээд эрчимжинэ. Эрдэнэбүрэнгийн, Эгийн голын гэх мэт томоохон төслүүд амь орно. Энэ бүхнийг дагаад хөдөө орон нутагт Аж  үйлдвэржилтийн сэргэлт бий болно. Уул уурхайд түшиглэсэн хүнд үйлдвэрүүд, газрын тосны үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрүүд баригдана. Ногоон хөгжлийн сэргэлтийн бодлого шинэ зууны тэргүүлэх чиглэл байх болно. Үүнтэй монголчууд хөл нийлүүлэхээс өөр аргагүй. Хөдөө орон  нутагт байгаль ээлтэй, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрүүд байгуулагдана. Цахим шилжилт, цахим дэд бүтэц сүүлийн гурван жил эрс сайжирч, орон нутагт өндөр хурдны интернэт сүлжээгээ тэлсээр байгаа. Үүнд тулгуурласан Төрийн бүтээмжийн сэргэлт мөн эрчимжинэ. Хот, хөдөөгийн сэргэлт тэгэхээр хоосон амлалт, мөрөөдөл биш. Бодитой хэрэгжиж байгаа хөгжлийн замын зураг болжээ. Хөдөө нутаг сэрж байна. Хөгжил нь сэргэж байна.      

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...