Friday, November 22, 2024

Хөгжлийн боймыг тайлсан Боомтын сэргэлт

Date:

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг  боловсруулан, хоёр жилийн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьж батлуулсан. Уг бодлогыг хэрэгжүүлэх зорилго, үндэслэлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх хэмээн тодорхойлсон юм. Хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлэхээр зарласан. Эдгээрээс тэргүүлэх бодлого нь Боомтын сэргэлт юм. Ерөнхий сайд тухайн үед УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Боомтын боймыг тайлах нь цар тахлын өнөөдрийн хүндрэл төдийгүй цаашдын хөгжлийн үндсэн суурь болно” хэмээн онцолж байв.

Эдийн засгийн дийлэнх хувь нь эрдсийн экспорт дээр тулгуурладаг манай улсын хувьд байгалийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ч экспортын хэмжээ 50 орчим сая тонноор хэмжигдэж буй энэ үед хөгжлийг дөтлөн урагшлуулах шинэчлэлийн гол хурдасгуур нь “Боомтын сэргэлт” хэмээн Монгол Улсын Засгийн газар үзсэн. Дээрх бодлогын хүрээнд дэд бүтцийг бий болгож, экспортын боомт, гарцуудыг нэмэгдүүлэх хүчин чадлыг өргөтгөн, экспортоо тэлэх замаар эдийн засгаа эрчимжүүлэхэд анхаарч ажиллаж байна. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлэх, улмаар экспортыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Боомтын сэргэлтийн үндэсний хороо ажиллаж байна.

Статистик. Манай улс нийт 39 боомттой. Үүнээс агаарын замын 6, авто замын 27, төмөр замын 6 боомт бий. ОХУ-тай хиллэдэг 16 боомтоос 10 боомтоор, БНХАУ-тай хиллэдэг 17 боомтоос 13 боомтоор ачаа тээвэр, зорчигч хөдөлгөөн тасралтгүй явагдаж байна. Манай улсын ачаа болон зорчих тээврийн дийлэнх хувийг Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомт эзэлж байна. Жилд Гашуунсухайтын боомтоор 21.6 сая тн ачаа, Шивээхүрэнгийн боомтоор 14.7 сая тн, Замын-Үүд боомтоор 10 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.

Монгол Улсын боомтуудын байршил

Бодлого, төлөвлөлт. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж буй. Ингэхдээ боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх, хилийн боомтыг төмөр зам болон авто замаар холбож үндэсний төмөр замын сүлжээг 2 дахин нэмэгдүүлэх, агаарын тээврийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх, хуурай боомтыг хөгжүүлэх гэсэн дөрвөн үндсэн чиглэлд бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Зорилт. Боомтуудын зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлснээр эхний үе шат болох 2022-2024 онд нийт экспорт 14 тэрбум ам.долларт, хоёрдугаар үе шат болох 2025-2028 онд нийт экспорт 17 тэрбум ам.долларт, гуравдугаар үе шат болох 2029 оноос нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавиад байна. Түүнчлэн хуурай замын Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар боомтуудыг үе шаттайгаар хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 2,966 км авто зам барих юм. Улмаар Боомтын сэргэлтийн хүрээнд Боомтын тухай хууль болон холбогдох хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа. Цаашид боомт бие даан хөгжих санхүүжилтийн механизм, хэрэгжүүлэх бүтцийг бий болгоно.

Боомтын хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж, үйлдвэрлэл, худалдаа тээврийг хөнгөвчлөх, эдийн засгийн коридор, дамжин өнгөрүүлэх худалдааг хөгжүүлж, эдийн засгийн хөгжлийн суурь тавихад эрх зүйн шинэчлэл маш чухал. Тэрчлэн худалдаа, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр хөрш орны хилийн боомтын зам, тээвэр, логистикийн дэд бүтэцтэй уялдсан төлөвлөлт хийж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд анхаарч байгаа юм.

Хэрэгжилт. Монгол Улсын хилийн боомтуудаас төмөр замаар 3 боомт, авто замаар 6 боомт холбогдсон байдаг. Харин БНХАУ-ын талаас Бичигт, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн боомт хүртэлх төмөр замын бүтээн байгуулалт дуусаж байна. Булган, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт боомтууд хүртэлх авто замын бүтээн байгуулалтын ажил дууссан. Тиймээс БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй боомтуудын хөгжлийн төлөвлөгөө болон БНХАУ-ын авто зам, төмөр замын дэд бүтэцтэй уялдуулан дотоодын зам харилцааг хөгжүүлж чадсанаар олон улсын аль ч зах зээлд гарах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх боломж бүрдэнэ. Иймд уул уурхайн томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийг олон улсын зах зээлд өндөр үнээр гаргах нөхцөл боломжуудыг хангах томоохон авто замын төслүүдийг хэрэгжүүлж Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтуудыг авто замаар холбох, Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барих, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх,  боомт хүртэлх төмөр зам, авто замын бүтээн байгуулалтад хувийн хэвшлийн бүтээн байгуулалт, санхүүжилт, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Хилийн боомтын тухай хуультай болох зайлшгүй шаардлага бий. Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг олон улсын байгууллага, мэргэжлийн холбоодоо санал авч боловсруулаад УИХ-д өргөн мэдүүлээд буй.

Бүтээн байгуулалт. Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулаг, Боршоо боомтууд дээр боомтыг сайжруулах иж бүрэн өргөтгөл шинэчлэл хийгдэж байна. Булган, Бургастай, Шивээхүрэн, Ханги, Сүмбэр, Баянхошуу, Хавирга, Цагаандэл-Уул, Ульхан, Ханх боомтуудыг өргөтгөн шинэчлэх  зураг төслийг боловсруулах ажил нэлээд урагшилжээ. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Алтай сумын Бургастайн боомтын зураг төслийн ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. 

БНХАУ-ын буцалтгүй тусламж болон Засгийн газрын хөрөнгөөр “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн хүрээнд Гашуунсухайт болон Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын нэвтрэх чадлыг өргөжүүлэх ажил ид өрнөж байна. Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх боомтын зорчигч тээврийн терминалыг ашиглалтад оруулсан бол ачаа тээврийнх бэлэн болжээ. 

Боомтуудын зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн, хүчин чадлыг дээшлүүлснээр 2024 онд нийт экспорт 14 тэрбум, 2025-2028 онд 17 тэрбум, 2029 оноос нийт экспорт 20 тэрбум ам.долларт хүрэх зорилтыг Засгийн газар дэвшүүлээд байгаа. 

Мөн хуурай замын Алтанбулаг, Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар боомтуудыг үе шаттайгаар хөгжүүлэхээр ажиллаж байгааг салбар хариуцсан сайд хэллээ. Энэ хүрээнд нийт 2,966 км авто зам барих аж.

Боомтуудыг төмөр замаар холбох гол трассууд

13 БООМТЫН ТЭЗҮ БОЛОН ЗУРАГ ТӨСЛИЙН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Боомтын сэргэлтийн хүрээнд “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгжээс хилийн боомтын ТЭЗҮ болон зураг төслийн ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал хилийн боомтын ТЭЗҮ болон зураг төслийн ажлын гүйцэтгэл Сүмбэр боомт 90, Баянхошуу 90 хувь, Ханх 100 хувь, Ульхан 98 хувь, Булган 92 хувь, Ханги 89 хувь, Хавирга 100 хувь, Шивээхүрэн 100 хувь, Бургастай 98 хувь, Цагааннуур 98 хувь, Арц суурь 30 хувь, Эрээнцав 20 хувь, Цагаандэл-Уул 70 хувьтай байна. Харин бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй боомтын хувьд Замын-Үүд боомтын зорчигч тээврийн терминалын барилгын ажил бүрэн дуусаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй бол ачаа тээврийн цогцолборын барилгын ажлыг өнгөрөгч оны 10 дугаар сард улсын комисс хүлээж аваад байна. Мөн Гашуунсухайт боомтын барилга угсралтын ажил 44 хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна.

МОНГОЛ УЛСЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР ДЭЭШИЛНЭ

Боомтын сэргэлтийн хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс нийт 950 км төмөр замыг шинээр барьж, БНХАУ-тай экспортын төмөр замын дөрвөн шинэ гарцыг харилцан тохиролцсон бөгөөд энэ хүрээнд бүтээн байгуулалт өрнөж байна. Засгийн газраас “Шинэ сэргэлтийн таван тойрог” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд урд, хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван шинэ коридорыг нэмж байгуулах юм. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болно.

2025 оноос Гашуунсухайт боомтоор шууд төмөр замын тээвэрлэлтээ хийж, хилээр гаргахаар төлөвлөж байна. Шивээхүрэн буюу Монгол Улсын баруун төмөр замын урд боомт дээр нарийн төмөр замын терминал барьж байна. Мөн Хятадын тал Сэхэ боомтын 5.6 км төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг Хөгжил шинэтгэлийн хороонд явуулсан байна. Гүйцэтгэгчээ сонгочихвол 2024 онд багтаад Сэхэ боомт Хятадын гол төмөр замын сүлжээнд холбогдох боломж бүрдэнэ.

ЗАМЫН-ҮҮД БООМТ 24 ЦАГИЙН АЖИЛЛАГААТАЙ БОЛНО

Замын-Үүд авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-31-нийг хүртэл 24 цагаар ажиллуулж туршсан. Туршилтын үр дүнг харгалзан ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм. БНХАУ нийт 315 боомттой. Үүнээс авто замын 180 орчим боомт үйл ажиллагаа явуулж буйгаас ОХУ-той хиллэдэг Манжуурын авто замын боомт 24 цагийн горимоор ажилладаг. Тэгвэл Замын-Үүд боомтын энэхүү туршилт амжилттай үргэлжилбэл БНХАУ-ын хувьд Эрээний боомт хоёр дахь 24 цагийн ажиллагаатай авто замын боомт болох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...