Friday, November 22, 2024

УИХ-ын чуулганаар нүүрсний сонсголын тайланг хэлэлцэв

Date:

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт болон холбогдох тогтоолын төслийг хэлэлцэв. Хянан шалгах түр хорооны тайлан болон санал, дүгнэлтийг тус Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцууллаа.

Тэрбээр, Хянан шалгах түр хороо стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийсэн талаар дурдаад, тухайн компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3.1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсныг дэлгэрэнгүй танилцуулав.

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн хувьд, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 51 хувийн хувьцаа эзэмшигчийн төлөөллөө үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, зарим улс төрд нөлөө бүхий этгээд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүдийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдийн компани их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж байсан, ажлын гүйцэтгэгч, бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа холбогдох хуулийг мөрдөөгүй, нүүрс худалдан авагчийг хэрхэн сонгон шалгаруулж байсан нь тодорхойгүй, ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ, их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ, хэлцэл болон ажил гүйцэтгэгч, нүүрс худалдан авагчийн жагсаалтыг баталж ирсэн, худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Архивын сан хөмрөгийн бүрдэл, бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, бүрэн хадгалагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй, устгасан болон цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөл байдал нь хяналт, шалгалтын цар хүрээг хязгаарлахад хүргэж байсныг тэрбээр онцолсон юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд, үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш орлого, ашгаасаа Төрийн шийдвэрээр нийт 1,196.5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулсан, энэ нь компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон ТУЗ бие даан шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж, компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, компанийн үнэ цэн, олон улсын зах зээлээс санхүүжилт босгох, сайн засаглалыг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн, Цанхийн хэсгийн батлуулсан ТЭЗҮ-д тусгасан нэмүү өртөг шингээх төслүүдийн хэрэгжилт хангалтгүйгээс нүүрсний III, IV давхаргын сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон (нийт олборлосон нүүрсний 92% нь коксжих нүүрс) олборлосон нь хууль зөрчсөн хэмээн дүгнэлээ.

Мөн 2011-2023 онд нийт 944 гэрээгээр 13.3 их наяд төгрөгийн худалдан авах ажиллагаа зохион байгуулснаас хяналт шалгалтад 500 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий нийт 11.5 их наяд төгрөгийн 92 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг хамруулан нягтлахад 4.8 их наяд төгрөгийн дүн бүхий 40 төсөл, арга  хэмжээний худалдан авах ажиллагаа хуульд нийцээгүй нь тогтоогдсон байна. Үүний дотор 2011-2014 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан тус компанийн архивт байхгүй байжээ. Түүнчлэн тус компани 2011-2023 оны 10 сар хүртэл хугацаанд 398 гэрээгээр 110.1 сая тонн буюу 20.2 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд борлуулалтын нийт гэрээний сарын дундаж үнийг тухай бүр мөрдөгдөж байсан үнэ тогтоох аргачлалын үнэтэй нь харьцуульж зөрүүг тооцоход алдагдсан боломжийн зардал ойролцоогоор 826.4 сая ам.доллар байна. Засгийн газраас 2010 онд хувьцааны үнэлгээг зөвлөх үйлчилгээний компанитай хамтран тогтоох үүрэг өгсөн боловч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшиж буй Тавантолгойн ордод үнэлгээ хийж компанийн хувьцааны нэрлэсэн үнийг тогтоохгүйгээр нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцсон нь алдаатай байна гэж Хянан шалгах түр хороо дүгнэжээ. Мөн Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолд “Бонд гаргаж, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ” гэж заасан боловч үнэт цаасны арилжаагаар татан төвлөрүүлсэн хөрөнгийн 42.0 хувийг гэрээт олборлогчдын төлбөрийг барагдуулахад зарцуулсан байна.

Компани, төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, кокс-эрчим хүчний үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хамаарах, нэмүү өртөг шингээх найман төсөлд нийт 5,024.7 тэрбум төгрөг, Засгийн газар, ТУЗ-ийн холбогдох шийдвэрийн дагуу компанийн үндсэн үйл ажиллагаанд үл хамаарах Богдхан төмөр зам, Газрын тос дамжуулах хоолой зэрэг төсөлд 463.2 тэрбум зарцуулж, Тавантолгой түлш ХХК-д 1,069.4 тэрбум төгрөгийн санхүүжилт, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-д нийт 63.3 тэрбум төгрөгийн зээл тус тус олгосон байх агаад төмөр замын таван төсөлд мөнгөн хөрөнгө болон нүүрсээр нийт 4,643.3 тэрбум төгрөгийн санхүүжилт өгснөөс Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл бүрэн хэрэгжиж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын ажил дууссан бөгөөд Богдхан төмөр замын төсөл судалгааны ажлын түвшинд зогсжээ. Эдгээр төслийн захиалагч болох “Монголын төмөр зам” ХХК, “Тавантолгой төмөр зам” ХХК-ууд ерөнхий гүйцэтгэгч Барилга, инженерийн цэргийн удирдах газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Бодь интернэшнл” ХХК-тай шууд гэрээ байгуулсан, холболтын төмөр замын 218.0 тэрбум төгрөгийн, Тавантолгойн нүүрс ачилтын логистикийн төвийн 217.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ЕРС гэрээг магадлалаар баталгаажуулаагүй зураг төсөл, үнийн дүнд үндэслэн байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд ТЭЗҮ-ийн дүнг үндэслэн гэрээний үнийн дүнг 95.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нийт 2.3 сая тонн ачаа тээвэрлэсэн хэдий ч зүтгүүр, вагоны тоо хангалтгүйгээс төмөр замын ашигт ажиллагаа ТЭЗҮ-д заасан хэмжээнд хүрээгүй байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар нийт 488.4  мянган тонн нүүрс тээвэрлэсэн бөгөөд одоогоор зураг төслийн ажил үргэлжилж буй хил холболтын төмөр зам ашиглалтад орсноор эхний жилд 10.6 сая тонн, хоёр дахь жилд 21.1 сая тонн, гурав дахь жилд 26.4 сая тонн, 4-20 дахь жилүүдэд тус бүр 31.9 сая тонн, 21-30 дахь жилүүдэд тус бүр 50.2 сая тонн нүүрс тээвэрлэхээр байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-иас нүүрс худалдан авч, экспортолсон аж ахуйн нэгжүүдэд олгосон “С” төрлийн зөвшөөрлийн бичгийн 2010-2017 оны анхан шатны бичиг баримт төрийн байгууллагуудад хадгалагдаагүйгээс хяналт шалгалт хийх боломжгүй, “С” зөвшөөрлийн бичиг олголтын үйл ажиллагаа, түүнээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн зарцуулалтад дээд шатны болон хөндлөнгийн аудитын байгууллагаас хяналт шалгалт хийгдээгүй, холбогдох ажлын хэсгийн дарга нар нь ажил, үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял шийтгэгдэж байсныг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулгадаа дурдав.

Тэрбээр үргэлжлүүлэн, Монгол Улсын гаалийн байгууллага экспортолсон нийт нүүрсийг бүртгэхдээ тухайн худалдан авч буй талын бүртгэлтэй улсын нэрээр статистик мэдээлэлд оруулдгийг тайлбарлаад, манай улсаас БНХАУ-аас бусад улс орнууд руу экспортолж буй нүүрс нь БНХАУ-ын хилээр гарч бүртгэгдэж байгаа бөгөөд тус улсын гаалийн байгууллага хэрхэн бүртгэж байгааг тодорхойлох боломжгүй байсныг дурдсан юм. Хятадын нүүрсний экспорт, импортын статистик мэдээллийн платформ дахь Монгол Улсаас импортолсон нийт нүүрсний хэмжээг Дэлхийн банк, НҮБ, Дэлхийн худалдааны байгууллагын статистикийн нэгдсэн мэдээллийн платформ дахь мэдээлэлтэй харьцуулахад зөрүү нь 39 мянган тонн гарчээ. Мөн манай улсын 2013-2022 оны хооронд экспортолсон нийт нүүрсний биет хэмжээг, Хятадын нүүрсний экспорт, импортын статистик мэдээллийн платформ дахь Монгол Улсаас импортолсон нүүрсний тоон мэдээлэлтэй тулган шалгаж, БНХАУ-аас бусад улс орон руу экспорт хийсэн дүнг оруулж тооцоход 980.0 мянган тонн илүү, оруулаагүй тохиолдолд 6.1 сая тонн дутуу гарсан байна.

Цагаан хадны бүсэд байрлах нүүрс ачих, буулгах 36 терминалын пүүний программд бүртгэгдсэн ачилтын мэдээлэл болон Гаалийн ерөнхий газрын CAIS систем дэх гаалийн бүрдүүлэлтийн дотоод манифестын өгөгдлийг MS Access программ уншуулан тулган баталгаажуулалт хийхэд олон улсын тээврийн “С” зөвшөөрөл бүхий 487 хуулийн этгээдээс 246 тээвэрлэгч нь нийт 52,030 удаагийн тээвэрлэлтээр 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан байж болзошгүй байгааг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр дүгнэлтдээ онцлов.

Өмнөговь аймгийн Ханбогд суманд гаалийн хяналтын талбай, автотээврийн зогсоол, кемпийн зориулалттай газрыг 2020-2022 онд дуудлага худалдаагаар худалдаагүй бөгөөд дуудлага худалдааны анхны үнэ төлөгдөөгүй байхад газар олгон дараа нь нөхөн төлүүлж, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалттай 34 аж ахуйн нэгжид, 42 эзэмших эрхийн гэрчилгээгээр 475.3 га газар олгосон, мөн хоёр хуулийн этгээдэд 4,100 га газрыг эрчим хүчний зориулалтаар хууль бусаар эзэмшүүлснийг тэрбээр дурдлаа. “Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулахдаа тендер шалгаруулалтын шаардлага хангаагүй этгээдийн ерөнхий нөхцөл, санхүү болон техникийн чадавхад нийцүүлэн, тендерийн бичиг баримтад өөрчлөлт оруулан шалгаруулж, гэрээ байгуулсан нь нэг этгээдэд давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэлтэй байгааг дүгнэв.

Дээрх бүгдийг үндэслэн Хянан шалгах түр хорооноос “Тавантолгой” ХК-ийн талаар төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн болон хувьцаа эзэмшигчийн төрийн өмчийн төлөөллийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хянан үзэж, шаардлагатай арга хэмжээг авах, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг төлөвлөх, сонгон шалгаруулах, тайлагнах, олон нийтэд мэдээлэх, архивын баримтыг бүрдүүлэхдээ хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг мөрдөж ажиллах, нүүрс ачилт, тээвэрлэлтийн үйл ажиллагааны анхан шатны баримт, пүүний программын мэдээллийн сангийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангуулж ажиллах зэрэг санал гаргасан юм.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар, компанийн засаглалыг сайжруулах хүрээнд компанийн засаглалын бодлого, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоо, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Тавантолгойн ордын нөөцийн зэрэглэлийг нэмэгдүүлэн, орд ашиглалтыг зохистой төлөвлөж, сорчлон ашиглахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн төлөвлөлт, удирдлагаар хангаж ажиллах, эзэмшиж буй найман тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах газар эзэмших эрхийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч, гэрээ байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлэх, цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд шаардлагатай төслийн хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналтыг сайжруулах, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтыг төлөвлөх, сонгон шалгаруулах, тайлагнах, олон нийтэд мэдээлэх, архивын баримтыг бүрдүүлэхдээ хууль тогтоомж, дүрэм, журмыг мөрдөж ажиллах зэрэг саналыг дэвшүүлсэн юм. Түүнчлэн, нүүрсний салбарын статистик мэдээлэл бүх шатандаа нэршил, ангилал, тоо хэмжээ, үнийн дүнгийн бүртгэл зөрүүтэй байгаа тул хоёр улсын гаалийн байгууллагуудын мэдээллийн урсгалын солилцоог сайжруулах, бүртгэлийн нэг стандартад оруулах, холбогдох бусад төрийн байгууллагуудын мэдээллийн урсгалыг нэг болгож, хяналтыг сайжруулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үнэлгээг хийлгэж, хөрөнгийн биржид нээлттэй арилжаалж, олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан энэ удаагийн хяналт шалгалт нь шударга ёсыг тогтоож, иргэдийн мэдэх эрхийг хангах, байгалийн баялгийг нийтийн эрх ашигт нийцүүлэн, ард түмний ахуй, амьдралыг сайжруулж, улс орны эдийн засгийг хөгжүүлэхэд зориулан зүй зохистой ашиглах Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, заалтыг цаашид үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх арга хэмжээ болсон гэж үзэж байгаагаа Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцлоод, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулсан юм. Тогтоолын төсөлд,

1/ Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль зөрчиж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар эзэмшүүлсэн асуудлыг шуурхай шалгаж, холбогдох шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээг авч, хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх;

2/ Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд улс төрийн нөлөө бүхий этгээд, тэдгээрийн хамаарал бүхий этгээд ажиллах, аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд улс төрийн нам, улс төрчид оролцохыг таслан зогсоох, хязгаарлах арга хэмжээг авах;

3/ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдээс цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төслийг санхүүжүүлэхгүй байх, хориглох арга хэмжээг авах;

4/ Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн аж ахуй, бизнесийн үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс аливаа хэлбэрээр оролцохыг хязгаарлах, тэдгээрийн компанийн засаглал, эрсдэлийн удирдлага, дотоод хяналтын тогтолцоог сайжруулах, үйл ажиллагаагаа, иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

5/ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК болон төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой бусад хуулийн этгээдийн бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

6/ Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан, амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж тус тус хуульчилсан тул ”Тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг орон нутгийн өмчлөлд шилжүүлсэн “Аймаг, нийслэлийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын 1999 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 29 дүгээр тогтоолын холбогдох заалтыг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэх арга хэмжээг авах;

7/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн тул ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “МТАС” түншлэлтэй 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан “Тавантолгойн ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-г холбогдох хуульд заасан журмын дагуу хүчингүй болгох арга хэмжээг авах;

8/ татварын хяналт шалгалтыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулаагүйгээс нүүрс олборлогч зарим хуулийн этгээд татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлж, татварын нөхөн ногдуулалт болон алданги, торгууль ногдуулах боломжийг алдагдуулсан албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, цаашид дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

9/ Монгол Улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэх, экспортлох, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлсэн албан тушаалтанд холбогдох хуульд заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэж, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах, гааль болон хилийн хяналт шалгалтын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, 2024 оны 1 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

10/ “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтад хийсэн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авч, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Түр хорооны үйл ажиллагаанд саад учруулсан албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын асуудлыг 2024 оны 1 дүгээр улиралд багтаан холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх талаар тусгасан байна.

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлт болон холбогдох тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Өнөрболор, М.Оюунчимэг, С.Одонтуяа, Б.Баттөмөр, Ш.Адьшаа, Н.Учрал, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар нар асуулт асууж, үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол иргэд, олон нийтийн мэдэх эрхийг хангаж, далд мэдээллийг ил болгосон, улс төрийн эр зориг гаргасан, холбогдох талуудыг тайлбар мэдүүлгээ өгөх боломжоор хангасан, үр дүнтэй арга хэмжээ болсныг тэмдэглээд, бизнес эрхлэгчдэд хэтэрхий хатуу хандсан талаар шүүмжлэлтэй хандлаа. Хүний нэр төрд халдсан тохиолдол гарсныг сануулж, цаашид үүнд онцгойлон анхаарахыг зөвлөсөн юм. Мөн хэт олон гэрчийг дуудаж, гол хүмүүст хандах анхаарлыг сарниулахад хүргэсэн сөрөг зүйл ажиглагдсаныг дурдаж, Улсын Их Хурлын хяналт, шалгалтын чиг үүргийг улс төрийн өрсөлдөгчдөө, сөрөг хүчнээ намнах хэрэгсэл болгох вий гэсэн болгоомжлолоо ч хэлсэн юм. Шинжээчдийн гаргаж тавьсан зарим тоон мэдээлэл ташаа байж болзошгүй нь зарим ноцтой үр дагаварт хүргэх вий гэдэгт болгоомжилж буйг мөн тэмдэглэв. Түүнчлэн, гаалийн бүртгэлгүй гарсан нүүрсний хэмжээг тодорхой болгох, алдагдсан боломжийн өртгийг шинжлэн тооцох, бодит хохирлын хэмжээг гаргаж ирэх, хууль бус үйл ажиллагаа, хулгай луйвар хийсэн хүмүүст хариуцлага тооцох, төрийн байгууллагуудыг хариуцлагажуулах нь зүйтэйг хөндөж, мухар төмөр замуудын бүтээн байгуулалтыг гүйцээх, архив, баримтын бүрдэл, арилжаа, мэдээллийн нэгдсэн платформд шилжих, төрийн хяналтын тогтолцоог сайжруулах, дэлхийн зах зээлийн өрсөлдөөнд зохистой оролцох асуудлыг цэгцлэн шийдвэрлэх шаардлага тулгамдсан хэвээр байгааг анхаарууллаа.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт, бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын батлах санал хураалт явуулахад, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолыг баталснаар Хянан шалгах түр хороо татан буугдсанд тооцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...