Парламент оны өмнөхөн УИХ-ын ээлжит сонгуулийн товыг тогтоов. Мөн УИХ-ын ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоо, нутаг дэвсгэр, төвийг баталсан. Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн сонгуулийн тогтолцоог холимог болгож, бүсчилсэн 13 том тойрогт 78 мандат, жагсаалтаар 48 мандатад нийт 126 гишүүн сонгохоор болсон нь цоо шинэ хувилбар юм. Энэ өөрчлөлтийг анх санаачлахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж чадахгүй бол ард түмэн ардчилсан парламентын засаглалд итгэл алдрах эрсдэл байна. Тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа, авлига хээл хахууль, мөнгөнөөс хэт хамааралтай сонгууль, тогтворгүй засаглал, аливаа асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, бодит үнэнээс зугтаж ирсэн улс төрийн соёл зэрэг нь төлөөлдөггүй төлөөлөл хэмээх ойлголтыг гүнзгийрүүлж, сонгосон төлөөллөөс өөр төлөөлөл нийгмийг удирдан чиглүүлэх шинэ үзэгдэл үүсэж болзошгүй байна” хэмээн хэлж байв.
Тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд УИХ-ын сонгуулийг 76:76 гэсэн харьцаатай холимог системээр зохион байгуулж, парламент 152 гишүүнтэй байхаар санал оруулж ирсэн юм. Энэ бол нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зорилготой байв. Уг санал хэлэлцүүлгийн явцад ялимгүй өөрчлөгдөн 78:48 гэсэн харьцаатай 126 гишүүн бүхий парламент бүрдэхээр хуульчлагдсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуульд сонгуулийн тогтолцооны талаар шийдмэг, зоримог бөгөөд даацтай өөрчлөлт оруулж ирсэн үндэслэлээ “Иргэдийн төлөөлөх эрх 2 дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл 2 дахин багасна” гэж тодорхойлж байсан юм.
1992 онд Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүний тоо 75-200 хүртэл олон хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай ярилцаж байсан түүхэн баримтууд үлдсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш юм. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа УИХ-ын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан байдаг. Гэтэл өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, УИХ-ын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлөх болжээ.
УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирснийг өөрчлөхийн тулд Засгийн газраас, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын санаачилсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгасан юм.
Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлт 2024 онд хэрэгжинэ. Парламентын сонгууль шинэ тогтолцоогоор зохион байгуулагдана. Бүсчилсэн тойргоос гишүүдийг сонгосноор нутаг дэвсгэрийн хэт хамааралтай, жижиг тойргоо додомдож торддог жалга довны улс төр үгүй болно. УИХ-ын гишүүд бүс нутгийн хөгжлийг ярьдаг, түүнд санаа тавьдаг болно. Пропорциональ буюу жагсаалтаар сонгогдох гишүүдэд нийгмийн бүх салбар, давхаргын төлөөллийг багтаана. Тиймээс сонгуулийн шинэ тогтолцоо зөвхөн МАН, АН-д ашигтай, эсвэл олны танил улстөрчид л сонгогдож, залуучуудад боломж олдохгүй гэх мэт шүүмжлэл хэт өрөөсгөл юм. Нарийн ярьвал сонгуулийн шинэ тогтолцоо эрх баригч нам МАН-д хамгийн ашиггүй. Гэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид ганцаар хурдан явахаас илүүтэйгээр олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн бусад улсуудтай хөгжлөөр өрсөлдөхийг илүүд үзнэ” хэмээн хэлсэн нь өнөө маргаашаа бус ирээдүй хойчоо харсан үг байв. Тиймээс ч Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн аль алинд парламентад суудалтай улс төрийн намууд санал нэгдэж чадсан билээ.
Том зургаараа бол энэхүү өөрчлөлт нь улс орны хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлно. “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих үндэс тавигдаж, дараагийн шинэ 30 жилийг эхлүүлнэ. Бүрэн зураглалаар нь, өргөн хүрээнд харвал Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн тогтолцооны шинэчлэл ийм ач холбогдолтой.