Friday, November 22, 2024

“Тавантолгой түлш” ХХК нэг тэрбумын алдагдалтай, ТУЗ-ийн гишүүд нь нэг тэрбумын урамшуулалтай

Date:

Нүүрсний хэргийн хоёр дахь шатны нээлттэй сонсгол өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэв. Хэлэлцэх долоон асуудлын нэг нь “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар байв. Уг асуудлыг хэлэлцэх явцад тус компанийн ТУЗ-ийн гишүүд өөрсдөдөө цалин, урамшуулал хэлбэрээр 1 тэрбум төгрөг авсан атал компани нь үйл ажиллагаа нь доголдон, 1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан, боловсон хүчин авахдаа ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө ажилд авсан, ерөнхий нягтлан нь нөхрийнхөө данс руу их хэмжээний мөнгө шилжүүлүүлсэн зэрэг олон зөрчлийг гэрчүүдээс тодруулж, тайлбар авсан юм.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-“Зерован” ХХК-иас найман удаагийн гүйлгээгээр 57.6 сая төгрөгийг шилжүүлсэн. Тус компанийн захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагадаж, таны гэр бүлийн хүн Ө.Ууганбаярын Төрийн банк руу шилжүүлсэн.Үүнд тайлбар өгнө үү?

“Тавантолгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан П.Амарцэцэг:

-Би 2018-2021 он хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажилласан.  Санхүүгийн программыг сонгон шалгаруулахад тендер зарлах шалгуур өндөр байсан. Худалдан авалтын материал, үнийн харьцуулалтыг оруулсан бол 40 сая гэж өндөр үнэтэй байсан. Тэгээд аргагүйн эрхэнд санхүүгийн бүртгэлээ хийхийн тулд программ авахаар болсон. Үнэхээр авах программ тэр үед 10 сая төгрөгт олдоогүй учраас программыг авсан. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд:

-Одоо тус компани 997 тэрбум төгрөгийн өртэй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас 1.69 их наяд төгрөгийг авч, маш их үрэлгэн хандаж, олон бичиг баримт алга болж байна. Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын 31-нд 15.5 тэрбум төгрөгөөр “Иннэр монголиа” болон өөр нэг компаниас нүүрс худалдан авах гэрээ хийсэн байх юм. Мөн 2022 оны наймдугаар сарын 31-нд 6.6 тэрбум “Интерпрайс” компаниас сайжруулсан түлш хийхээр 23 тэрбумаас нүүрс худалдан авсан байх юм. Ямар учиртай юм бэ?

Мөн Хятадын нэг компаниас 86.4 тэрбум, 47.2 тэрбум, 14.4 тэрбум, 6.8 тэрбум, 3.8 тэрбум гээд барьцалдуулагч авсан байна. Тендерийн материалуудыг үзсэн болов уу. Тендерээр авдаг юм гэж байна уу. Асар их алдагдалтай компани байхад ТУЗ-ийн 30 хүн 1.1 тэрбумын урамшуулал, цалин авсан байна. Удирдлага нь ямар гэрээгээр явдаг юм бэ. Хамгийн өндөр цалинтай хүн 125 сая төгрөг авчээ. Гэтэл компани нь их наядын алдагдалтай байдаг. Юу хийсэн гэж ийм их мөнгө аваад байдаг юм бэ?

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-ТУЗ-ийн дарга Ж.Баясгалан өөрөө ирээгүй байна. Шинжээч хариулах уу?

Шинжээч:

-Санхүүгийн мэргэжилтэнтэй холбогдсон боловч АТГ-т шалгагдаж байгаа гэсэн шалтгаанаар тодорхой баримтыг ирүүлээгүй. Хоёрдугаарт, зарим томоохон худалдан авалтууд нууцын зэрэглэлд оруулж, шууд худалдан авалтыг хийсэн байна. 

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Тус компани нэг их наядын алдагдалтай, 500 тэрбумын өртэй, 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний тогтоолоор компанийн 2021 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд Үндэсний аудитын тайлангаар зөрчилгүй дүгнэлтийг гаргуулсан. ТУЗ-ийн урамшууллыг хавсралтад зааснаар олгохыг гүйцэтгэх захирал зөвшөөрсүгэй гэж тогтоол гаргачихсан. Үндэсний аудитын газар нь зөрчилгүй гэчихсэн байна. Ж.Батбаясгалан 64 сая, Л. Одхүү 124 сая, Л.Гүнбилэг 114 сая, Б.Насантогтох 53 сая, Ш.Батсайхан 78 сая, Б.Анхбаяр 46 сая, Б.Цагаан-Өвгөн 27.9 сая, О.Одбаяр 78.7 сая, Н.Дэмбэрэл 57.7 сая, С.Зоригт 80 сая, Ц.Пүрэвхүү 78.7 сая, Н.Өлзийнаран 6.3 сая, Х.Нурлат 72.5 сая, Ц.Шинэхүү 33.9 сая, Д.Санчир 27.9 сая, И.Лувсанцэрэн 21.1 сая, Б.Сүндэръяа 8.6 сая, Ч.Дэчингалсан 15.8, Ганбаатар 5.8 сая, Н.Бямбагэрэл 11.4 сая, Х.Мөнхжаргал 12.6 сая, Э.Түвшинжаргал 12.6 сая, Г.Ундармаа 6 сая, Б.Нармандах 12.6 сая, Г.Гантуяа 3.7 сая, Б.Энхтуяа 3.7 сая, Х.Владимир 3.7 сая, Б.Пүрэвсүрэн 3.7 сая, Ц.Сангижав 22.8 сая төгрөгийн цалин авч, нийт 1.1 тэрбум төгрөгийн авч, нийслэлийг утаагүй болгосон гэж шагнасан байна. 

Л.Одхүү гэж хүн гарч ирж байна. Шинжээчийн дүгнэлтэд энэ хүнийг юу гэж танилцуулсан бэ?

Шинжээч:

-Шуудайны шууд худалдан авалтаар нийлүүлсэн “SBM Хангай” ХХК-ийн хамаарал бүхий этгээд гэж гарч ирж байгаа. Улсын бүртгэлийн лавлагаагаар гарч ирсэн.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-2019-2023 онуудад шуудай нийлүүлсэн. Нийт 19.6 тэрбум төгрөгөөр шуудай нийлүүлсэн компани нь ТУЗ-ийн гишүүн Л.Одхүүгийн компани байна. Бүртгэл нь байна уу. Энэ компанийг Сэнгээгийн Бямбасүрэн 100 хувь эзэмшдэг. Мөн Л.Одхүү нар хамтарсан компанитай. Нэгдмэл сонирхолтой этгээд байна. Шуудай нийлүүлэх тендерт оролцсон. Мөн ГЕГ-ын санхүүгийн даргаар ажиллаж байсан гэдэг мэдээлэл байна. 

Түүний эхнэр Б.Оюунзул нь “Алтан хот” ББСБ-ын үүсгэн байгуулагч. Мөн Ж.Батбаясгалан иргэн Бадамжунай түүний охин Б.Оюунбилэг, Б.Оюунзул нарын хамтарсан ББСБ гараад ирлээ. Нэгдмэл сонирхолтой нь батлагдлаа. Эцсийн өмчлөгч нь Б.Оюунзул нь гүйцэтгэгч захирлаар ажиллаж байсан үүсгэн байгуулагч дээр Ж.Батбаясгалан, Б.Оюунбилэг нар байсан бол одоо Б.Оюунбилэг байна. Бүгд иргэн Т.Бадамжунайгаар холбогдож байна. Ийм хамаарал тогтоогдож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...