Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг дарга С.Эрдэнэболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
Малынхаа ашиг шимийг сайжруулж, чанаржуулахад анхаарч байна
-Нийт нутгаар цасан бүрхүүл зузаан тогтсон байна. Говийн аймгуудад ч цас нэлээд оржээ. Хатанбулаг суманд өвөлжилт ямар байна вэ?
-Өнгөрсөн зун зуншлага сайнгүй байлаа. Идэш бэлчээр муу, алаг цоогтой бороо орлоо. Наймдугаар сар гарч байж л зарим газраа мал ногоо идсэн ийм байдалтай зуссан. Цас харьцангуй бага унадаг байсан. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сарын 20-д гараад хоёр ч удаа цас орж, үндсэндээ жилийн дунджаасаа хэтэрсэн нэлээд цастай өвөл эхэлж байна. Нэлээд хүйтэн өвөл болох шинжтэй. Малчид дор бүрнээ өвөлжилтийн бэлтгэлээ хангасан. Гэхдээ зуншлага, намаржилт тааруу байсан учраас малын тоо толгойг цөөрүүлэхээс өөр аргагүй болж байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгавар гарсан. Үүний хэрэгжилтийг хангах хүрээнд сумандаа мөн ажлын хэсэг томилсон. Хонин толгойд шилжүүлснээр мал бүрт гурван кг хүртэл өвс бэлтгэх чиглэл өгсний дагуу Хатанбулаг сумын хэмжээнд ард иргэд 500 орчим тонн өвс гар дээрээ бэлтгэх, төр захиргааны байгууллага 3000 боодол өвс буюу 70 тн өвсийг бэлтгэх чиглэл өгсний дагуу бэлтгэл ажлыг хангаж өнөөдрийн өвс тэжээлийн фонддоо 800 шуудай буюу 20 тонн тэжээл, 3000 боодол өвс татан төвлөрүүлчихээд байна. Үүний өмнө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагын хүрээнд цаг муудахтай холбогдуулж аль болох үнэ өсөхөөс өмнө өвс тэжээл бэлтгэж 3000 боодол өвс, 1500 шуудай тэжээлийг малчдадаа үнэ төлбөргүй тараасан. Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд нутгийн ард иргэдийн өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд сайн дурын дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, өрх бүрт 3-5 шуудай тэжээл, 2-5 боодол өвсний дэмжлэг бодитойгоор үзүүлсэн. Цаашид ч гэсэн бид орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтайгаа хамтарч сайн дурын үндсэн дээр, нийгмийн хариуцлагын хүрээнд өвс, тэжээл татах ажлыг хийнэ. Энэ намар Хатанбулаг суманд нийт 12 мянган боодол өвсийг малчид гар дээрээ татан төвлөрүүлээд байна. Түүнчлэн 3500 шуудай буюу 83.5 тонн тэжээл нөөцлөөд байна.
-Малчид өөрсдөө өвс, тэжээлээ хэр базаав. Мэдээж говийн сумд өвсөө хангайн аймаг, сумдаас татдаг байх?
-Болзошгүй эрсдэлийн үед төр нөөцөөр хангана гэсэн чиглэлтэй. Бусад үед малчид өөрсдөө нөөцөө бүрдүүлж өвлийг өнтэй давах бэлтгэл ажлаа хийдэг. Малын тооноос хамаараад малчин айл бүрийн бэлтгэх өвс нь адилгүй л дээ. 1500-2000 малтай айл бол 1000-2000 боодол өвс бэлтгэх жишэээтэй. 200 толгой малтай айл бол 200 боодол өвс гэдэг ч юм уу, ингээд малын тоо толгойпой тааруулаад өвсөө нөөцөлдөг. Хоёрдугаарт, өвөлжиж байгаа газар нутгийн өвс бэлчээрээс шалтгаалаад бэлтгэх өвс, тэжээлийн хэмжээ харилцан адилгүй байгаа.
-Сумын хэмжээнд малчид өвс, тэжээлээ тодорхой хэмжээнд бэлтгэж нөөцөлжээ. Малчид отор нүүдэл хэр хийж байна. Энэ жил сумын нутаг дэвсгэрт хэчнээн мал өвөлжиж, хаваржих вэ?
-2022 оны жилийн эцсийн тооллогоор Хатанбулаг сум таван төрөл дээр нийт дүнгээр 326 мянган толгой мал тоолуулсан. Өнгөрсөн жил хаваржилт нэлээд хүндэрсэнтэй холбогдуулж бог мал, мөн үхэр адуунд ч хорогдол нэлээд гарсан. Өнгөрсөн хавар сумын хэмжээнд төл бараг авсангүй. Цаг муудсантай холбогдуулаад айлууд маш ховор төл авлаа. Зуншлага тааруу байсан, дээр нь цаг хүндрэх төлөвтэй байгаа учраас ирэх хавар ч төл авах нь ховор шинжтэй. Ингээд үзэхээр
Манай сумын нутагт Өмнөговь аймгийн ганц нэг айл орж ирж оторлож байна. Тус сумаас өөрийн аймгийн Сайхандулаан, Хөвсгөл сумын нутагт дөрвөн өрх оторлож явна. Бусад газраар отор нүүдэл харьцангуй бага. Ер нь отор нүүдэл Өмнөговь талаасаа шахаж орж ирэх магадлал өндөр байна. Яагаад гэвэл Өмнөговь аймаг сүүлийн хоёр жил гантай, өвөлжилт нэлээд хүндэрч байгаатай холбогдуулж манай сумын нутагт бэлчээр сайтай газар руу орж ирье гэдэг хүсэлтүүд удаа дараа тавьж байгаа. Бид мэдээж нүүдлийн мал аж ахуй учраас учиргүй хөөж туух нь юу юм. Гэхдээ эхлээд өөрийн орон нутгийн малчдынхаа бэлчээр, усыг харгалзан үзэж байж нэмэлтээр отрын бүс нутаг руугаа оруулах ийм байдлаар шийдээд явж байгаа. Хатанбулаг сум бол өөрөө онцлогтой. Хилийн сум. Тиймээс хил рүү нэлээд шахаж орох өрхийн тоо нэмэгдэж байгаа. Хил рүүгээ идэш бэлчээр нь гайгүй байгаа учраас малчид хил рүү нутаглах сонирхолтой байдаг. Хилийн зурвас руу орж өвөлжихөд хил хамгаалах байгууллагаас зөвшөөрөл өгдөг. Хилийн торонд мал тулах ч байдаг юм уу, ийм эрсдэл их тулгардаг. Цасан шуурганд уруудаж мал хил давах ийм эрсдэл байдаг учир малчдыг хилийн бүс рүү өвөлжүүлэ асуудлаар энэ жилийн хувьд хилийн цэргээс зөвшөөрөл өгөөгүй байгаа.
-Малчдаас хилийн бүс рүү орж өвөлжих хүсэлт ирж байна уу?
-Энэ жилийн хувьд хилийн гурван багийн 60 гаруй өрх саналаа ирүүлсэн байгаа. Хил рүү дөхөж өвөлжье гэсэн хүсэлт ирүүлсэн. Хилийн цэрэг бол 100 хувь бүгдийг нь оруулах боломжгүй. Мэдээж хилчид өөрсдөө тодорхой хэмжээнд өөрсдийн хэрэгцээний мал аж ахуйтай. Тэрнийхээ идэш бэлчээр, ус худгийн хангамж зэргээ тооцож байж оруулах эсэхээ шийдье гээд ярилцаж байна.
-Хаа газар малын тоо толгой хэт өслөө, түүнээс болж бэлчээрийн даац хэтэрлээ гэж ярьдаг боллоо. Малыг чанаржуулах, тоо толгойг нь хэт өсгөлгүй барих, чанаржуулах тал дээр орон нутгийн зүгээс ямар бодлого барьж байна вэ?
-Одоо яг наад асуудлыг чинь ярьж байна. 326 мянган толгой мал гэдэг бол Хатанбулаг сумын нутаг дэвсгэрийн бэлчээрийн даац зарим газар хоёр дахин, зарим газраа 3-5 дахин хэтэрчихсэн гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ туурайн зуд гэдэг юм болж байна. Малын тоо олширсон. Цаашид малчид тоонд биш чанарт анхааръя, цөөн тооны ашиг шим өндөртэй малтай болъё гэж зорьж байна. Тийм учраас эцэг мал, хээлтэгч малын үүлдэр угсааг сайжруулах үржил селекцийг хийх тал дээр сүүлийн үед нэлээд ажиллаж байна. Манай малчид тодорхой хэмжээнд өөр аймаг, сумын нутгаас шилмэл омгийн мал авчирч байгаа. Тухайлбал, Дорнодоос барга, үзэмчин үүлдрийн хуц, Сэлэнгийн цагаан толгойт үүлдрийн бух гэдэг ч юм уу. Тэмээ бол мэдээж Өмнөговийн Ханбогдтой ойрхон учраас Галбын улаан тэмээг өсгөж байна. Тэмээний тоо толгой харьцангуй гайгүй гэж үздэг. 326 мянган тоо толгой малын 160 мянга нь ямаа байгаа. Сумын нийт малын 60-70 хувь нь ямаа гэсэн үг. Яагаад ямаа их өсгөөд байна гэхээр амьжиргаатай л холбоотой. Ашиг шимийн үзүүлэлт нь арай өндөр нь ямаа байна. Ноолуур өндөр авдаг. Манай Хатанбулаг сумын хувьд нэг ямаанаас авах ноолуурын гарц өндөр. Нэг ямаанаас дунджаар 500 граммаас нэг кг ноолуур авдаг. Бүдүүн ямаа нэг кг, шүдлэн, борлон 300-500 гр ноолуур өгдөг. Ноолуурын гарц өндөр боловч чанар жаахан унадаг. Ноолуурын микрон жаахан бүдүүн. Гэхдээ л ямаагаа өсгөж байна гэдэг бол хаврын улиралд малчдын орлогын гол эх үүсвэр нь ноолуур байдагтай холбоотой. Манай малчид жилдээ зөвхөн ноолуураасаа нэг өрх дунджаар 5-50 саяын орлого олж байгаа. 2000 ямаатай айл 500 кг шахам ноолуур авна. 500 кг ноолуурыг 100 мянгаар бодоход 50 сая төгрөг.
Бусдаар бол мал, махны борлуулах асуудал хаа сайгүй л улсын хэмжээнд өртөг багатай байгаа. Гэхдээ манай сумын хувьд давуу тал байдаг. Хил боомтыг түшиглэсэн олон бүтээн байгуулалт өрнөж байгаа учир тэнд байгаа компани, аж ахуйн нэгжүүдийн хүнсний хэрэглээг хангахтай холбогдуулаад хавар зуны цагт нэг хонь 350-400 мянган төгрөг хүрдэг. Аж ахуйн нэгжүүд ойр орчмын малчин айлуудаас мал, махаа аваад сурчихсан. Хонь 350 мянга гэдэг бол Монголын зах зээлд байхгүй ханш. Намар улсын хэмжээнд мал, мах нийлүүлээд ирэхээр ханш жаахан буурдаг. Цаашид малчдын орлогын эх үүсвэрийг баталгаатай болгох, мал, махны үнийг өсгөх чиглэлээр улсын бодлого хэрэгжиж байна. “Ханги” хилийн боомт мал, мах экспортлох боомт болж байгаа. Замын-Үүд боомтоор малыг амьдаар нь гаргаад эхэлсэн. Мал эрүүлжүүлэх бүсээр дамжуулаад амьд мал гаргаж байгаа. Үүнтэй адил ирэх жилээс Хатанбулаг сум “Ханги” хилийн боомтоо түшиглээд мал эрүүлжүүлэх бүс байгуулж, нэгдүгээрт өөрийн сумын малчдын малыг гаргана. Хоёрдугаарт, Дорноговь аймгийнхаа бусад сумдаас мал, махыг өндөр өртөгтэйгөөр гаргаж, зах зээлд нийлүүлэхээр энэ ажлын бэлтгэлийг хангаад явж байна.
-Мал, мах экспортлоход эрүүл ахуйн шаардлага зайлшгүй тавигдана. Танай сумын хувьд малын өвчлөл гайгүй юу?
-Малын халдварт өвчин сүүлийн хоёр жил харьцангуй тогтвортой байна. Манай Хатанбулаг сум хилийн бүс нутаг. Малын халдьарт өвчин гарах магадлал өндөртэйд тооцогддог. Сүүлийн хоёр жил өвчлөл харьцангуй намдсан. Энэ нь улсаас малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх товлолын вакцинуудыг тогтмол хийгээд явж байгаагийн үр дүн.
-Бэлчээрийн усан хангамж хэр вэ. Худаг гаргаж байна уу?
-Говь нутаг мэдээж ус маш ховор. Дээрээс нь цөлөрхөг газартаа гарсан ус нь хужир мараа ихтэй. Унд ахуйд хэрэглэх боломж хомс гээд хамгийн эмзэг асуудал. Жил бүр л гадаргын ус ховордож, гүний ус руугаа орж байна. Хуучин бол айл болгон нэг нэг шанд гаргаад, гар худаг гаргаад явдаг байсан. Одоо хэр баргийн газарт гар худаг гарахаа байсан. Усны ундарга муудсан. Тиймээс гүний худаг л гаргаж байна. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд 10 гаруй гүний худаг гаргалаа. Дээрээс нь Тавантолгой, Манлай, Ханги чиглэлийн авто зам, төмөр замын бүтээн байгуулалттай холбогдуулаад технологийн худгуудыг маш ихээр гаргасан. Зам барилгын ажилд шаардлагатай тул худаг гаргаж байгаа. Нийт 20-иод худаг манай сумын нутаг дээр байна. Энэ замууд бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхээр бүх худгийг орон нутагт хүлээлгэж өгнө. Ингэснээр малчид гүний худгийн усаар хангагдах боломжтой болж байгаа юм. Нэг гүний худаг гаргах зардал хамгийн багадаа 50 сая төгрөг байна. Тэгэхээр асар их зардлаар худаг гаргаж байна гэсэн үг. Тэгэхээр 20 худаг гэдэг бол тэрбум шахуу төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг. Түрүүчийн худгуудыг нь бид ашиглаад эхэлсэн.
Хатанбулаг сумын нутагт Батмөнх даян хаан, Мандухай сэцэн хатны түүхтэй холбоотой уул, ус бий
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр Хатанбулаг сумын төр захиргааны байгууллага ямар бодлого баримталж байна вэ?
-Хатанбулаг сум төвөөс алслагдсан тул дотоодын жуулчид ирэх магадлал бага. Бид юуг түшиглэх вэ гэхээр Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа Боомтын сэргэлтийн хүрээнд хилийн боомтыг өргөжүүлэн хөгжүүлж байна. Манай сум өөрийн онцлогтой. Хангийн хилийн боомт манай сумын нутагт байрладаг тул уг боомтоо түшиглэн БНХАУ-ын жуулчдыг татах боломжтой. Энэ чиглэлээр тодорхой ажлууд эхлүүлээд байгаа. Хилийн боомтын зурвас дээрээ хувийн хэвшлийн ААН-тэй хамтраад өдөрт 2000 жуулчин хүлээж авах хүчин чадалтай “Анчин отог” гэж жуулчны бааз байгуулж байна. Геннисийн номд бүртгүүлсэн хамгийн том гэр тэнд бий. Чингисийн отог маягаар тохижуулсан энэ том жуулчны отгийг 2017 онд суурийг нь тавьж бүтээн байгуулалтын ажлыг нь эхлүүлсэн. Ковидын үед ажил нь удааширсан. 2024 оны хавраас үйл ажиллагаагаа эхлэхээр төлөвлөж байна. Энэ нь хилийн аялал жуулчлал хөгжихөд түлхэц болно. Хилийн боомтоос 20-хон км-т баригдаж байгаа жуулчны бааз. Жуулчид 30-хан минут давхиад л очно. Хамгийн гол нь өдрийн жуулчдын визний асуудал улсын хэмжээнд яригдаж байсан. Энэ асуудал шийдэгдчихлээ. Одоо Хятадын жуулчид хил дээр ирээд цахимаар визээ захиалаад л ороод ирнэ. Өдөртөө тойроод л нутгийн байгалийн сайхан, түүх дурсгалт газруудыг үзээд буцаад гарах боломж бүрдэж байгаа. 2000 жуулчин гэдэг бол бага тоо биш. Өдөрт 2000 жуулчин хүлээн авах чадалтай баазыг ашиглалтад оруулна гэдэг саалиа бэлдэхээр саваа бэлдэж байгаа хэрэг юм.
-Хятад жуулчид орж ирээд юу юу үзэх боломжтой вэ. Мэдээж говийн байгалийг үзэж таарна?
-Хятад, Өвөрмонголоос орж ирж байгаа жуулчид нүүдэлчдийн соёл, онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтан үзнэ, сонирхоно гэдэг үндсэн зорилготой л орж ирдэг. Тийм учраас бид “Анчин отог” жуулчны баазыг түшиглээд сумын үзэсгэлэнт газруудын маршрутыг гаргасан. Хатаны булаг, Эргэлийн зоо, Цагаан зандан мод, Тооройн төгөл гэдэг юм уу, байгалийн үзэсгэлэнт газруудаа үзүүлнэ. Мөн хулан, хар сүүлт зээр зэрэг ховор ан зонхилж байдаг газруудаар аялуулж болно. Монгол нутагт байгаа нийт хулангийн 60-70 хувь Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт байна. Хулан үзэх сонирхолтой жуулчдад энэ бол том боломж. Ийм байдлаар аялал жуулчлалын төлөвлөгөө яригдаад, ерөнхий зураглалууд гарсан байгаа.
Хатанбулаг суманд Дорноговийн есөн гайхамшгийн хоёр нь байдаг. Эргэлийн зоо, Цагаан зандан модыг хүмүүс их үздэг. Сум өөрөө есөн гайхамшгаа мөн тодорхойлж гаргасан. Тооройн төгөл, Зүүн бичигтийн хадны сүг зураг, эртний далайн ёроол байсан гэгддэг чулуужсан дун, хясаа бүхий Цагаан гогцоо буюу Дунгийн овоо гэх мэт. Цээл говь руугаа орохоор тахилгат хайрханууд байна. Хатаны булаг, Хангийн булаг гээд булаг, рашаанууд бий.
Дээрээс нь Хатанбулаг сумын нутаг дэвсгэрийн 30 хувь нь говийн бага дархан цаазат газрын тусгай хамгаалалттай бүсэд багтдаг. Яг энэ хэсэгт хулан, зээрийн үндсэн идэш бэлчээр байдаг. Ан амьтан үзэх сонирхолтой бол энэ газруудаа үзүүлж болно. Мөн спорт, ангийн гээд төрөлжсөн аялал жуулчлал хөгжих боломжтой. Хатанбулаг сум хоёр ангийн нөхөрлөлтэй. Энэ хоёр нөхөрлөлөөрөө ангийн үйл ажиллагаа эрхлүүлж, орлогын төлөвлөгөө биелүүлдэг. Жил болгон 2-4 угалз агнуулдаг. Манай сум угалз, янгир гээд ховор ан амьтны үндсэн бэлчээр нутаг.
-Дотоодын аялал жуулчлалыг татах боломжийг хэрхэн харж байна вэ?
-Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хамгийн гол хөшүүрэг зам, дэд бүтэц. 240 км газар шороон замаар явж ирнэ гэдэг үндсэндээ өдрийн талыг авна. Тийм учраас өөр маршрут сонгодог. Дотоодын аялагчид ихэнхдээ Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай гээд баруун аймгууд руу аялдаг. Хатанбулаг сумын хэмжээнд хилийн боомтуудыг түшиглээд зам, дэд бүтцийг хөгжүүлэх зорилгын хүрээнд ирэх оноос Ханги-Мандалын хилийн боомтыг Сайншандтай холбох 300 км авто замын ажил яригдаж байна. Сая аймгийн Засаг дарга өмнөд хөршид албан айлчлал хийх үеэр Хятадын талаас хөрөнгө оруулалттай зам тавья гэдэг асуудлыг ярьсан. Энэ ажил биелэлээ олбол Хатанбулаг сум аймгийн төв рүүгээ холбогдсон авто замтай болно. Ингэснээр аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ.
Ханги-Мандалын хилийн боомтоор орж ирсэн жуулчид Дорноговийн Хамарын хийд, Хүслийн уулыг үзээд Замын-Үүдийн боомтоор гарах боломж нээгдэж байгаа.
Энэ бол маш гоё тойрог маршрут үүсэж байгаа юм. Өнөөдөр 72 цагийн аяллын визтэй орж ирсэн жуулчин Хатанбулаг суманд нэг хоночихоод Сайншандад нэг хоноод Зам-Үүдийн боомтоор гарна гэсэн үг. Зам тавигдчих юм бол сумаас аймаг руу гурван цаг давхиад л орно. Боомтын сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох бодлого хэрэгжиж байгаа.
-Сумын хэмжээнд буй түүхэн дурсгалт газруудаа аялал жуулчлалын маршрутад мэдээж холбох байх. Танай сумын нутаг дэвсгэрт түүхэн дурсгалт ямар газрууд байдаг вэ?
-Хатанбулаг сумын хэмжээнд байгаа түүх дурсгалт газруудыг судлах талаар Түүх, археологи, палеонтологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Олдворуудын судалгааны үр дүн эхнээсээ гарч байгаа. Сая Хатаны булгийн баруун талд орших Зүүн, Баруун Хасар уулнаас том олдвор олдсон. Энэ бол Батмөнх даян хааны үед хамаарах олдвор гэдгийг урьдчилан тогтоогоод байгаа. Манай сумын нутагт 32 цэгт булш, бунхан, хиргэсүүр тэмдэглэгдсэн. Эдгээрийг хамгаалалтад авч, судалж байна. Өнгөрсөн зун Сүж уулын булшийг аймгийн музей болон археологийнхон хамтарч малтаж, судалгаа хийсэн.
Манай сумын нутагт хадны сүг зураг, бичээс арвин. Зүүн бичигтийн хадны сүг зураг л гэхэд яг байгалийн галерей шиг газар байна. Эртний хадны сүг зураг бүх л хэлбэр, хэмжээгээрээ байдаг. Домогт Хатаны булаг сүүлийн үеийн олдвор, судалгаагаар бол Мандухай хатны домог түүхтэй холбогдож байгаа. Мөн алдарт Эргэлийн зооны тусгай хамгаалалттай газар байна. Эргэлийн зооноос 1920-оод онд Р.Эндрюсийн экспедиц олон тооны динозаврын яс олсон байдаг.