Thursday, November 21, 2024

Дэлхийн 27 улс авлигын хэргийн дагнасан шүүх байгуулжээ

Date:

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас авлигын дагнасан шүүх байгуулах санаачилга гарчээ

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, судлаач Ц.Мөнх-Эрдэнэ жилийн өмнө Авлигын шүүх ба олон улсын чиг хандлага” өгүүлэл бичиж байжээ. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар авлига, албан тушаалын хэргийн дагнасан шүүх байгуулах тухай зохицуулалт бүхий Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар тогтоод байгаа энэ үед дээрх өгүүллийг толилуулж байна.

Нэгдүгээрт; 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Авлигын Эсрэг ээлжит бус чуулганаар 73/191 дугаартай тогтоол баталж улмаар 2021 оны 6 дугаар сард Авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн сэдвээр НҮБ Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганыг товлон хуралдуулж гишүүн орнуудын зүгээс өөрсдийн эрмэлзлийг илэрхийлсэн Улс төрийн тунхаглалыг гаргажээ.

Энэхүү улс төрийн тунхаглалаар Авлигаас урьдчилан сэргийлэх, үр дүнтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал болон олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн гишүүн улс орнуудын оролцоог тодорхойлж “… аливаа улс орон ганцаараа авлигатай үр дүнтэй тэмцэх боломжгүйг ойлгох хэрэгтэй учир нь авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх гэдэг нь цогц ойлголт бөгөөд үндэстэн дамнасан авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улсын түвшинд хамтаараа хариуцлагатай хандаж олон улсын хамтын ажиллагааг дэмжиж эрх зүйн харилцан туслалцааны гэрээг өргөн хүрээнд ашиглахыг… ” санал болгож улмаар Олон улсын Авлигын Шүүх, улс орнуудад Авлигын дагнасан шүүх байгуулах санаачилга гарчээ.

 Хоёрдугаарт; 2018 оны байдлаар дэлхийн эдийн засгийн дотоод нийт бүтээгдэхүүний 5 хувийг авлига эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт байдгаас үзэхэд үндэстэн дамнасан авлигын гэмт хэргийн цар хүрээ ялангуяа ядуу буурай орнуудад илүү өргөжиж, хөгждөг.

Жишээ нь Siemens корпорац нь 2001-2007 онд Бангладеш, Нигер, Аргентин зэрэг улсуудад 800 сая ам долларын хууль бус төлбөр тооцоог буюу авлигын гэмт хэргийг өөрт ашигтай гэрээ хэлцэл хийхийн тулд хийжээ. Гэтэл хөгжил буурай улс орнуудад хууль эрх зүйн хөгжил муу, улс төрийн хүсэл эрмэлзэл сул байгаагаас улс орон бүр мөнгө угаах болон авлигын гэмт хэрэгтэй амжилттай тэмцэж чадахгүй, төрийн өндөр албан тушаалтнууд нь ял шийтгэлээс зайлсхийж улс орнууд алдагдсан хөрөнгөө буцаан авч чадахгүй байгаа юм.

Иймд Авлигын дагнасан шүүх, прокурор, мөрдөн шалгах байгууллагыг байгуулах нь чухал ач холбогдолтой.

Гуравдугаарт; Одоогийн байдлаар Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дэлхийн 27 улсад өөр өөрийн онцлогт тохирсон Авлигын дагнасан шүүх байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Авлигын дагнасан шүүх байгуулах нь тухайн улс авлигын гэмт хэргийн эсрэг ямар хэмжээнд анхаарлаа хандуулж байгааг дотоод болон гадаадад тодорхойлох нэгэн үзүүлэлт.

Авлигын дагнасан шүүх байгуулах нь институцийн шинжтэй өөрчлөлт байдаг учраас нийгэм эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, шүүх эрх мэдлийн байгууллагад нөлөөлөх улс төр, эрх зүйн орчин, хуулийн байгууллагын бүтцийн онцлог орчин нөхцөлийг харгалзан үзэж дүгнэлт хийх шаардлагатай.

 Дөрөвдүгээрт; Энэ нь Эрүүгийн эрх зүйн системийн зорилго нь олон улсын хамтын ажиллагаанд суурилсан нийгэм эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Үндэстэн дамнасан авлигын хэргүүд нь маш нарийн аргаар үйлдэгддэг тул энэ төрлийн хэргийг шалгах ажиллагаа нь ч гэсэн энгийн хэргүүдийг бодвол онцлог байдаг жишээ нь хуулийн этгээдийг эрүүгийн гэмт хэрэгт шалгах буюу Coporate Prosecution-г ашиглах нь илүү үр дүнтэй байгаа нь АНУ, ХБНГУ зэрэг орнуудын туршлагаас харагдаж байна.

Тодруулбал олон улсын хамтын ажиллагааны хүрээнд үндэстэн дамнасан авлигын гэмт хэргүүдийг шалган шийдвэрлэж чадсанаар хууль бусаар алдагдсан гадаад улсад байгаа хөрөнгийг буцаан авах боломжтой. Ийм төрлийн гэмт хэргийг илрүүлж шалгаж шийдвэрлэсэн туршлага одоогоор манай улсад байхгүй.

 Тавдугаарт; Словак Улс нь 2003 онд Эрүүгийн хэргийн тусгай шүүх (Special Criminal Court) авлигын гэмт хэргийн дагнасан шүүх байгуулах тухай хуулийг баталж 2005 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Энэхүү шүүх нь зохион байгуулалтай гэмт хэрэг, мөнгө угаах гэмт хэрэг болон авлигын гэмт хэрэг, захиалгаар хүнийг алах гэмт хэрэг зэрэг хэргийг харьяалан хянан шийдвэрлэдэг.

Эрүүгийн хэргийн тусгай шүүхтэй (Special Criminal Court) ижил төрлийн хэргийг харьяалан хяналт тавих чиг үүрэг бүхий Тусгай прокурорын газрыг байгуулжээ. Эрүүгийн хэргийн тусгай шүүх (Special Criminal Court) нь давж заалдах шатны шүүхийн статустай боловч харьяалах хэргүүдээ анхан шатны журмаар хянан хэлэлцэж гаргасан шийдвэр нь дээд шүүхээр хянагддагаараа онцлогтой.

Одоогоор Эрүүгийн хэргийн тусгай шүүх (Special Criminal Court) нь 13 шүүгчтэй хэргийн хүнд хөнгөнөөс хамааран шүүгч дангаар эсхүл бүрэлдэхүүнтэйгээр хэргийг хянан шийдвэрлэж байна. Эрүүгийн хэргийн тусгай шүүхийн (Special Criminal Court) шүүгчийн цалин нь бусад шүүхийн шүүгчдээс тийм ч их биш байгаа нь Авлигын шүүхийн шүүгчээр ажиллах сонирхлыг татаж чадахгүй боловсон хүчний дутагдал үүсгэж байна.

 Зургаадугаарт; Украин Улс нь 2018 оны 6 дугаар сарын 07-нд Авлигын дагнасан шүүх байгуулах тухай хууль баталж тус шүүх нь 2019 оноос үйл ажиллагаа явуулж эхэлжээ. 2014 оны Украины Майдан хувьсгалын дараа хуулийн системийн шинэчлэлийн хүрээнд Авлигын эсрэг үндэсний товчоо (мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллага), Дагнасан авлигын прокурорын газар буюу УЕПГ-н нэг хэлтэс, Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний агентлаг буюу авлигын эсрэг бодлого боловсруулагчдын хөрөнгө орлогыг мэдүүлэх системийг хариуцах чиг үүрэгтэй, Алдагдсан хөрөнгийг буцаан төвлөрүүлэх агентлаг зэргийг цогц байдлаар байгуулсан.

Эдгээр байгууллагуудыг байгуулахад Олон улсын валютын сан, Европын холбоо, Дэлхийн банк зэрэг донор байгууллагууд санхүүгийн дэмжлэгийг үзүүлсэн. Авлигын дагнасан шүүх нь анхан шатны журмаар өндөр албан тушаалтнуудын (сайд, дэд сайд, парламентын гишүүд, агентлагийн дарга, шүүгч, прокурор, улсын үйлдвэрийн газрын дарга нар) холбогдсон, эсхүл 39,500$ түүнээс дээш үнийн дүн бүхий авлигын хэргийг харьяалан хянан хэлэлцдэг. Өөрөөр хэлбэл тус шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

 Долоодугаарт; Авлигын шүүхийн үйл ажиллагааны чанар нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас шууд хамааралтай. Мөн хяналтын журмаар гаргасан гомдлыг дээд шүүх хянаж байгаа ч дээд шүүхийн шүүгч нь Авлигын шүүхийн шүүгч шиг ижил шалгуурыг давж томилогдоогүй нь учир дутагдалтай. Хэргийн ачаалал их байдаг тул бүрэлдэхүүний шүүгчид хүрэлцдэггүй. Ажиглагчдын зүгээс Авлигын шүүх нь хараат бус төвийг сахисан шийдвэр гаргах болохоос бус олон нийтийн хүлээлтэд нийцүүлсэн хийсвэр шийдвэр байж болохгүйг олон улсын шинжээчид анхааруулсаар байна.

 Наймдугаарт; Авлигын дагнасан шүүх байгуулахдаа дараах үндсэн нөхцөлүүдийг анхаарч үзэхийг олон улсын байгууллагуудаас зөвлөж байна.

Үүнд:

  • Авлигын шүүх нь шүүх эрх мэдлийн байгууллагын бүтцэд ямар хэлбэрээр багтах,
  • Бүтэц орон тооны хувьд ямар байх,
  • Дагнан хянан шийдвэрлэх хэргийн харьяаллыг хэргийн ачаалалтай харьцуулан тогтоох,
  • Авлигын дагнасан шүүх, дагнасан прокурор, авлигатай тэмцэх газрын хоорондын уялдаа холбоо зэргийг чухалчлан анхаарч үзэхийн зэрэгцээ дагнасан шүүхэд ажиллах шүүгчийг сонгох, шилжүүлэх, ажиллах нөхцөл зэргийг тусгайлан хуульчлахыг энэ төрлийн шүүх байгуулах талаар хэлэлцэж байгаа улс орнуудад зөвлөдөг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...