Японы сүмо бөхийн башё болдог саруудад монголчууд дор бүрнээ нутаг нэгтнүүдээ түрүүлээсэй, сайн барилдаасай, цол зиндаагаа ахиулаасай хэмээн залбирч, дэмжиж байдаг. Монгол сүмочид маань ч элэг нэгтнүүдийнхээ итгэлийг алдалгүй эдүгээ цагт Японы үндэсний бөхийн дэвжээг эзэгнэсээр байгаа билээ. Яг одоо л гэхэд сүмогийн дэвжээнд ид барилдаж байгаа цорын ганц их аварга нь монгол сүмоч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ байгаа. Харамсалтай нь тэрбээр арваннэгдүгээр сарын кюүшюү башёд бэртлийн улмаас барилдалгүй өнжөөд байгаа. Түүний араас шинэхэн залуу озэки цолтнууд Киришима Б.Лхагвасүрэн, Хоошорюү С.Бямбасүрэн нар хүч түрэн гарч ирж буй. Энэ сард хоёр монгол озэки сүмо сонирхогчдын анхаарлын төвд буй. Башёгийн эхний дөрвөн өдрийн дараах байдлаар Хоошорюү С.Бямбасүрэн өвдөг шороодолгүй тэмцээнийг хошуучлагчдын эгнээнд яваа бол Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр эхний ялагдлаа хүлээжээ.
Өнгөрсөн сард тааруухан барилдаж хоёр даваа, 13 унаатай тэмцээнийг өндөрлөсөн Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн 3-аас 12 руу зиндаа буураад буй. Энэ сард тэрбээр эхний дөрвөн өдрийн дараах байдлаар өвдөг шороодолгүй башёг амжилттай эхлүүлж байна. Тамавашиг онцлохын учир нь тэрбээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд тогтвортой, удаан барилдаж байгаа бөхчүүдийн нэг. Тэрбээр 2004 онд сүмод хөл тавьж, 2008 оны нэгдүгээр сард жюүрёо зиндаанд дэвшин дөрөвхөн башёгийн дараа буюу тухайн жилийнхээ есдүгээр сард макүүчи буюу дээд зиндаанд орж ирсэн юм. Түүнээс хойш гурван удаа 2012 оны нэг, есдүгээр сар, 2013 оны тавдугаар сарын башёд тус тус жюүрёо зиндаа руу унасан ч ганц башё барилдаад эргэж дээд зиндаандаа орж ирж байжээ. Энэ гурвыг эс тооцвол Тамаваши Б.Мөнх-Оргил 2008 оны есдүгээр сараас хойш тасралтгүй 15 жил дээд зиндаанд тогтвортой барилджээ. Ингэхдээ комүсүби, сэкивакэ цолуудыг хэд хэдэн удаа хүртэж, дээд зиндаанд 2019 оны оны нэгдүгээр сар, 2022 оны есдүгээр сард тус тус түрүүлэн эзэн хааны цомыг гардсан билээ.
Тамаваши Б.Мөнх-Оргилын нэг онцлог нь макүүчигийн дээд зиндаанд тогтмол сайн барилддаг. Ингэхдээ өндөр цолонд хүрч, түрүүлэх өрсөлдөөнд ч орох тохиолдол цөөнгүй. Яг ийм үедээ таавар эвдэн дараалан унах нь бий. Маэгаширагийн дээд хэсэгт тогтмол сайн барилддаг ч зарим башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадалгүй маэгаширагийн доод хэсэг рүү унана. Маэгаширагийн 15,16-д эрэмбэлэгдэж байсан удаа ч бий. Ийн эрэмбэ доошилмогцоо маэгаширагийн доод хэсгийн бөхчүүдийг гуядаж хаяад дараагийн башёнуудад эргээд дээд хэсэгт очно. Ийн “цахилгаан шат” шиг дээш доош гүйсэн амжилттай ч макүүчигаас буулгүй 10 жил барилдсан байна. Үүгээрээ тэр 1996-2006 онд макүүчид тасралтгүй барилдсан Кёкүшюзан Батбаярын амжилтыг хэдийнэ эвдээд байна. Олон жилийн амжилтынх нь дунджаас харахад энэ сард Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн 12-оос босож барилдаж байгаа ч 10-аас дээш даваа авах боломж, магадлал бий. Тэгвэл тэрбээр ирэх жилийн эхний башёд эргээд маэгаширагийн дээд хэсэгт эрэмбэлэгдэнэ. Гэхдээ тэр бол таавар эвддэг Тамаваши гэдгийг мартаж болохгүй. Маэгаширагийн 12-оос босож барилдаад 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй бол тэрбээр сүүлийн 10 жилийн рекордоо төгсгөж жюүрёо руу унаж мэднэ. Тэгэхгүй гэдэгт бас мөрийцөхөд бэлэн хүн олон бий.
Эцэст нь хэлэхэд маргааш Тамаваши Б.Мөнх-Оргилын төрсөн өдөр. Тэрбээр 39 насны төрсөн өдрөөрөө маэгаширагийн зүүн жигүүрийн 14 дэх бөх Томоказетэй барилдана.