УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу нийслэл хот өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхтэй боловч нийслэл хотод тулгамдаад байгаа төвлөрөл, төлөвлөлт дагасан олон асуудлын үр дагавар нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалагдах эрхийг ноцтой хөндөж байгаа тул хүний суурь жам ёсны эрхийг хамгаалах, нийгмийн дэг журам, нийтийн ашиг сонирхлыг хангахын тулд зарим эрхийг тохирсон хэмжээнд хуулиар хязгаарлах зайлшгүй нөхцөл байдалд хүрээд байна.
Хотын хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөн, хотжилт, түүнийг дагасан тээврийн хэрэгслийн тооноос шалтгаалан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэл сүүлийн жилүүдэд үлэмж нэмэгдсэнээр тээврийн хэрэгслийн дундаж хурд 9 км цагаас 13 км цаг болсон. Сүүлийн 3 жилийн байдлаар жилд дунджаар 47 мянган тээврийн хэрэгсэл нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж байна. Энэ байдал үргэлжилбэл 2030 онд 5 км цаг, 2040 онд 0 км цаг байх тооцоолол гарч байна. Улаанбаатар хотын нэг иргэн жилд дунджаар 30 хоног буюу 717 цагийг түгжрэлд алдаж байна гэсэн тооцоолол гарсан.
Нийслэл хотын замын хөдөлгөөний нөхцөл байдал, хот төлөвлөлтийн гажуудал, авто замын сүлжээ, даац хэтрэлт иргэдийн зорчих хөдөлгөөн, судлаачдын зөвлөмж, бусад улс орны туршлага зэрэг орчин зүйлийг тооцон үзэж нийслэл хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад тээврийн эргэлтийн менежмент, ялангуяа түгжрэлтэй бүсийн тогтолцоог бий болгох нь зүйтэй гэж үзсэн хэмээлээ. Түүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа. Тэрбээр, хууль санаачлагч Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 6.1-д “Улаанбаатар болон дагуул хотыг орон зайн оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл, амьдралын таатай орчин бүхий ногоон хот болгож хөгжүүлэх зорилтын хүрээнд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг сарниулж, ачааллыг тэнцвэржүүлсэн, тээврийн эрэлтэд нийцсэн авто замын сүлжээг бий болгож, түгжрэлийг бууруулна.” гэж заасныг үндэслэн нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн орчныг сайжруулах, шаардлагатай гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан байна. Мөн Монгол Улсын хувьд нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахын тулд замын хөдөлгөөний түгжрэл ихтэй бүсийг тогтоож, түүнийг тусгай тарифтай болгох буюу улс орнуудын нийтлэг жишгээр эдийн засгийн зохицуулалтыг ашиглах, автотээврийн хэрэгслийн импортыг тарифын бодлогоор зохицуулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, агаар, орчны бохирдлыг бууруулах зорилтот цогц арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж үзжээ.Хуулийн төслийг d.parliament.mn цахим хаягт байршуулж иргэд, олон нийтийн саналыг авч байгаа болно. Хуулийн төсөлд замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр, түүнийг тогтоох, мөрдөх журам, авто зогсоолын асуудал мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах талаар төрийн байгууллагын чиг үүрэг, оролцогчийн эрх үүргийн талаар болон нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх үндэслэл, гэр хорооллыг орон сууцжуулах байршил, төрөөс үзүүлэх дэмжлэг, санхүүжилт, хэрэгжүүлэх байгууллагын чиг үүрэг, шилжилтийн үеийн зохицуулалтуудыг тусгасан байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, Нийслэлийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулаад дуусч байна. Барилгын бүсжилт, өндөржилтийг энэхүү төлөвлөгөөгөөр зохицуулсан. Энэхүү өргөн барьсан хуульд барилгажих талбай 70:30 байсныг 60:40 өөрчилж байна. Нийслэлийн их тойруу дотор 1500 өндөр барилга барихаар “А” даалгавар авсныг зогсоож, өөр газар барих зөвшөөрөл олгоно. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хотхонуудыг тойрсон 30 км хашааг буулгаснаар гэмт хэргийн зөрчил буурсан гэсэн судалгаа гарсан. Нийслэлд нийт зургаан дэд төвийг байгуулна. Ингэснээр гэр хорооллыг орон сууцжуулах болон эрчим хүч, дулааны хангамжийг хэсэгчилсэн төслийг хэрэгжүүлэх юм гээд албан тушаалын хэргүүдийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн. Өнгөрсөн 30 жилийн Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засч, дахин алдаа гаргахгүй байхын тулд хариуцлагыг тооцож эхэлсэн. Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа төлөөгүй иргэдийн төрийн үйлчилгээ авах зарим эрхийг хязгаарлах талаар ярилцаж байна. Торгуулийн нийт төлөлт дөнгөж 26,5 хувьтай байна гэлээ.
Мөн тэрбээр олон улсад төлбөртэй бүс тогтоосноор түгжрэл 15-20 хувь буурсан гэсэн тооцоо бий. Харин тухайн бүсэд оршин суугчийн төлбөрөөс 90 хувь чөлөөлөх боломжтой. Нийслэл зөвхөн төлбөртэй бүс тогтоох эрх авах тухай асуудал яригдаж байгаа гэдгийг онцолье. Гэхдээ нийтийн тээврийн шинэчлэлээ хийж, зогсоолын менежмэнтээ тодорхойлж, тойрог хурдны замаа эхлүүлсний дараа төлбөртэй бүс тогтооно. Түүнээс бус өнөө маргаашгүй шийдэх асуудал биш юм. Эхний ээлжинд нийслэлийн замын 18 уулзварыг шинэчлэхээр төлөвлөж байна. Шууд 27 мянган төгрөг тогтоох асуудал яригдаагүй байгаа. Мөн хуулийн төслийн хамгийн том зорилго бол утааг бууруулахад чиглэж байна. Нийслэлд Баянхошуу, Толгойт, Долоон буудлаас ургаш Хайлааст, Чингэлтэй, Дэнжийн мянга орчим нүүрс хүчлийн хийг хамгийн их үүсгэж байна. Эдгээр бүс газарт буй айлуудтай тохиролцоод газрын чөлөөлж чадвал 12 мянган айлын орон сууц барина. Ингэснээр 700 га газрыг дахин орон сууцжуулах эрх зүйн орчин бүрдэнэ. Орон нутагт шилжин суурьших иргэдэд тодорхой боломжууд буй болж байна. Тухайлбал, Монгол банк ипотекийн зээлийн 50-60 хувийг орон нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг хэлэв.
Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хувьд хэлэлцэх нь зүйтэй саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүдийн 73,2 хувь нь тус хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.