Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ “Тэр Эрдэнэбилэг гэдэг хүнээ үзүүлээтэх. Нууц ноёнтоо гаргаад ир. Энэ Их хурал дээр авчир түүнийг. Яасан их нуугддаг юм, тэр эзэн чинь. Энэ хүний чинь нүүрийг үзье. Эзнээ үзчихээд үхмээр байна шүү дээ, Орхоон. Миний эзнийг чи надад нэг үзүүлчихээч” хэмээн УИХ-ын чуулганы танхимд бухимдан хэлж байсан удаатай. Энэ бол Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэг гэдэг нууц ноёнтон Монголын банк, санхүүгийн салбар төдийгүй улс төр, эдийн засаг, уул уурхайг тэр чигт нь далдаас удирдаж, албан тушаал, ашиг сонирхол, хөрөнгө, мөнгөөр усалж тордсон авлигын аалзны торыг хаа сайгүй сүлжиж суусан цаг.
2019 он хүртэл нууц ноёнтон, эзэнтэн хэмээгдсэн сахал хочит Д.Эрдэнэбилэг олны нүднээс эчнээ, далд байлаа. Тийм боловч хийсэн хэрэг нь бол ил байсан юм. Д.Эрдэнэбилэг 1999 онд байгуулагдсан нийслэлийн “Улаанбаатар сан”-г нэг мэдэхэд халаасалчихсан байсан нь өнөө хүртэл эргэлзээ, хардалт төрүүлдэг. Хувьцааных нь 75 хувь нийслэлийн буюу улсын мэдэлд байсан уг санг өөрийн болгож авмагцаа банк болгосон ид шидтэн бол тэр. Түүгээр зогсохгүй Худалдаа хөгжлийн банкны хувьчлалд оролцож ялалт байгуулан халаасалсан нь 2003 он. Ийнхүү 20 жилийн өмнө Монголын улстөрчдийн “Эзэн” мэндэлжээ. Н.Энхбаярыг хаан явахад түүний үгэнд ордоггүй ганц хүн байсан нь Д.Эрдэнэбилэг ч гэдэг.
Мөнгөтэй хүнийг “Аав аа” гэхээс буцахгүй манай улстөрчид тэр цагаас сахалт эзнийхээ халаасанд сайн дураараа гүйж орцгоосон нь үнэн. Мөнгөнд үнэр байдаггүй гэдэг шиг мөнгөнд нам бас огт хамаагүй байсан юм. Тухайн үеийн МАХН буюу өнөөгийн МАН-аас М.Энхболд, Т.Бадамжунай тэргүүтэн, АН-аас Ц.Элбэгдорж, З.Энхболд тэргүүтэн Худалдаа хөгжлийн банкны эзний үүдэнд дугаарлаж байв. Халтмаагийн Баттулгыг бизнесмэн байхад жолооч нь явсан гэх бүдэг бадаг намтартай эр ийнхүү “хаан эзний” зиндаанд хүрсэн түүх ээдрээ адармаа дүүрэн. Эрх мэдэл, албан тушаал, мөнгөний сүлжээ болж үүссэн МАНАН ч тэр, шударга бусын хонгил ч тэр мань хүний алсын удирдлагаар хөдөлж байсан гэх юм билээ. Тийм хүчирхэг болоход нь улстөрчид нөлөөлсөн нь мэдээж. Тэдний тэргүүнд М.Энхболд, Ц.Элбэгдорж, З.Энхболд нарын нэрс дурайна. Юугаараа, хэрхэн яаж Д.Эрдэнэбилэгтэй холбогддог тухай нь бичих гэвэл цаг, цаасны гарз болно. Нэг үгээр хэлбэл аалзны шүлсийг хөвөх юм бол биеэс нь 32 мянга дахин урт утас гарна гэдэг шиг л юм. Авлига, албан тушаалын “аалзны тор” ингэж л нийгмийн хэрж сүлжсэн байв.
2016 оны сонгуулийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг монголчууд худалдан авсан мэдээлэл цацагдаж, үүнийг Д.Эрдэнэбилэ худалдан авсан удалгүй тодорхой болсон. Цааш нь бичих бараг шаардлагагүй. Тун ойрын түүх, сүүлийн хэдэн жилийн топ сенсаац учраас давтан нуршаад байх нь илүүц. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд Монголын хүнд үйлдвэрийн аль л өрөм дээж болсон үйлдвэрүүдийг хэрхэн халаасандаа хийж авсан. Хэтэвчээ яаж зузаалсан. З.Энхболд үүнд нь хэрхэн тусалсан гээд Италийн мафитай кино цаашаа. Хамгийн сүүлд Хөгжлийн банкны гэх хэргийн улсад хамгийн их хохирол учруулсан яллагдагч нь Д.Эрдэнэбилэг. Гэвч түүнийг хууль хяналт, шүүх, цагдаагийнхан улсын хилээр гаргаад алдчихсан.
Өнгөрсөн зун Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон нутагт ажиллах үеэрээ Ховдын Мянгад суман дахь Халзан бүргэтэйн ордын асуудлыг хөндсөн. Гэтэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж уг ордыг эзэмшигч “Монголын зэс” корпорацын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг дагуулан Ховдын хязгаарт давхиж очсон байдаг. Дээр дурдсан дөрвөн Э-гийн нэхсэн “Аалзны тор”-ын үзүүр сэжүүр тэнд хөндөгдсөн хэрэг. Аалз амь бөхтэй амьтан л гэдэг. Авлигачдын нэхсэн “Аалзны тор” бас амь бөхтэй аж. Засгийн газар авлигатай тэмцэх бодлогоо зарлаж, 5Ш ажиллагаа явуулж байгаа нь авлигачдад аранга, аалзанд аянга болж байна.