Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулж буй “Бүсийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум өнөөдөр эхэллээ. УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт арга хэмжээг нээж илтгэл танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний үе шат болох Шинэ сэргэлтийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази, Европыг холбосон транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд тавьсан зорилтуудаа үр дүнтэй, хурдтай, чанартай, бас цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Цар тахлаас үүдэн нэгэн үе царцанги, зогсонги байдалд ороод байсан дэлхийн эдийн засгийн “цусны эргэлт” хурдасч, хэвийн байдалд шилжлээ. Үүнд тээвэр логистик, зам харилцаа, дэд бүтэц шийдвэрлэх чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар холбохыг нэн тэргүүнд чухалчилж, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна.
Үүний үр дүнд Монгол Улс Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 33 байраар урагшилж 97 дугаар байрт орсон, цаашид ч илүү урагшлах, илүү дэвшихийг эрмэлзэж байна. Цаашид Ази Европыг холбосон транзит улс болохыг зорьж байна. Өмнөх 2022 онд зөвхөн Европын Холбоо болон БНХАУ-ын худалдааны эргэлт 850 тэрбум ам долларт хүрсэн бол БНХАУ болон ОХУ-ын худалдаа 190 тэрбум ам долларт хүрч 34 хувиар өссөн.
Энэ бүх өсөлт Монгол Улсын хувьд хилийн боомтуудаа төмөр зам болон хатуу хучилттай авто замаар бүрэн холбож, тээвэр логистикийн өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, бүс нутгийн хэмжээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, цаашид транзит улс болох зорилтоо хэрэгжүүлэх нэгэн чухал шалтгаан болж байгааг онцлон тэмдэглэх байна. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминалуудыг байгуулахад онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орлоо. Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 320 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж байна. Түүнчлэн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминалыг шинээр ашиглалтад оруулахад бэлэн болоод байна.
Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэ бүхний үр дүнд эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдасч, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүнгүүд гарсан. Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай.
Цар тахлын өмнө манай улсын олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 6,900 км байсан бол энэ 2023 оны эцэс гэхэд 8100 км хатуу хучилттай авто замтай болохоор байна. Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн оруулж Ази Европыг холбосон авто замын 2 дахь коридороо нээлээ. Цаашид бид “Шинэ сэргэлтийн таван тойрог” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна. Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм.
Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг- Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина. Ирэх 2024 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй “Шинэ тойрог зам” төслийн урд хэсэг “Туулын авто зам” -ын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох Наадамчдын гудамжны 800 у/м гүүрэн байгууламжийн төслүүдийг хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхийг Та бүхэнд санал болгож байна.
Монгол Улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдолтой “Рашаант-Хөшигийн хөндий-Хоолт зөрлөг” чиглэлийн 4 эгнээ, “Налайх-Багахангай-Чойр-Сайншанд-Замын-Үүд” чиглэлийн 2 эгнээ тусгай зориулалтын авто зам барих, “Дархан-Алтанбулаг” чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийг Та бүхэнд санал болгож байна. Энэ хүрээнд бид төр, хувийн хэвшлийн түншлэлийн “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” болон “барих-ашиглах-шилжүүлэх” төрлүүдээр концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаад байна.
Төслүүд хэрэгжсэнээр олон улс, улсын чанартай авто замын сүлжээний 80 хувь нь хатуу хучилттай болно. Хатуу хучиллтай авто замаар нийт 21 хилийн боомт холбогдоно. Олон улсын авто замын сүлжээнд 5 коридор бий болно. Олон улсын автотээврийн харилцааны хэлэлцээрийг 24 улстай байгуулна. Монгол Улс далайн 6 боомттой холбогдох боломж бүрдэнэ. Монгол Улсын хилийн боомтын хүчин чадал 3 дахин нэмэгдэж 2030 он гэхэд 120 сая.тн ачаа автотээврээр тээвэр боломжтой болно. Олон улсын хэмжээнд хийгдэж байгаа тээвэрлэлт 40 хувиар өснө.
Монгол Улсын тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Бүс нутгийн ачаа тээврийн урсгал сайжирна. Манай улсын экспортын биет хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Бүс нутгийн тээвэр логистикийн холболт бол бидний хамтдаа хөгжих хожлын нүүдэл байх болно.