“Инээмсэглэл” хамтлаг. Монголын эстрад урлагийн түүхэнд тод мөр, содон дуу хоолойгоо үлдээсэн анхдагчдын нэг энэ хамтлаг ирэх сарын 01,02-ны өдрүүдэд бие даасан сүүлчийн тоглолтоо хийх гэж байна. Алтан тайзнаасаа зодог тайлах гэж байгаа гэсэн үг. “Инээмсэглэл” хамтлагийн түүхийг сөхөх аваас хагас зууны жилийн өмнөх Улаанбаатарын гудамжаар алхаж, Улсын циркийн баруун талд нүүн очсон Зөвлөлтийн гуравдугаар сургуулийн хаалгыг татан орох болно. 1969-1970 оны хичээлийн жил тухайн үедээ Зөвлөлтийн гуравдугаар сургууль гэж нэрлэдэг байсан одооныхоор бол Орос-Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчид 48-р сургуулийн байрнаас Циркийн дэргэдэх шинэ байранд нүүж очсон аж. Тэгэхэд Чулууны Ганболд, Мажигийн Энхсайхан нар есдүгээр ангид, Балчинжавын Долгион наймдугаар ангид, Намсрайн Ганхуяг зургадугаар ангид сурч байжээ. Хүсэл, сонирхлоороо нэгдсэн хөвгүүд хамтлаг байгуулсан нь “Инээмсэглэл” хамтлагийн эхлэл болжээ. Тухайн үед Ч.Ганболд даралтат хөгжим, М.Энхсайхан ритм гитар, Б.Долгион басс-гитар барьж байв. Сүүлд бөмбөрчнөөр Намсрайн Ганхуяг нэмэгдсэн байна. Ганхуяг сүрхий дуулдаг хүү байв. Харин Ганболд сахилга бат сайтай, эвлэлийн үүрийн дарга байсан тул автоматаар хамтлагийн ахлагч болсон ажээ.
“Удахгуй дунд сургуулиа төгсөөд гадаадад сурч байх хугацаандаа манай хэд Москвад оюутны урлагийн бригадад нэгдэж ЗХУ-ын хотуудаар тоглож байв. Энкүүш буюу Тогоогийн Энхболд, “Дөрвөлжин”-гийн Баатар нар нийлж Н.Ганхуяг маань “Улыбка” буюу “Инээмсэглэл” нэрийг хайрласан. Би Монголдоо үлдсэн тул түр холдож 1979 онд Н.Ганхуяг Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгсгөж ирээд Шинжлэх ухаан техникийн улсын хороонд албан хаагч болсноор бид тал талаас цуглав. Дээрээс нь Пунцагийн Батчимэг, Бадраагийн Бадрууган, Данзанхүүгийн Цогдэлгэр, Ядамсүрэнгийн Оюундэлгэр, Гэсэржавын Пүрэвдорж нар нэмэгдэж, Раднаабазарын Энхбазар уран сайхны удирдагчтай “Инээмсэглэл”-ийн баялаг түүх өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа билээ” гэж Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Долгион дурссан байдаг.
1978 оноос хамтлагийн нэрээ орчуулж “Инээмсэглэл” болж байгуулсан ажээ. Тухайн үед “Баян Монгол”, “Соёл эрдэнэ” гэж хоёр хамтлаг л байв. Залуу хүмүүс учраас өөрсдийн хүссэн хөгжмөө сонсож дуугаргах эрмэлзлээр тэд нэгдсэн нь энэ. Манай улсын хилийн цаана ямар хөгжим эгшиглэж, залуус юуг сонирхож байна гэдгийг харуулах нь тэдний зорилго байжээ. Анхны цомог маань 20 дуутай. Түүнээс хойш радиод бичүүлсэн нийт 60 гаруй дуу байдаг аж. Бичүүлээгүйг нь нэмбэл 1985 оноос өмнө бүх дуунууд нь 100 орчим байсан ажээ.
“Энэ чуулгатай анх 1979 онд учирсан. Би Монголын радиогийн хөгжмийн редакцид редактор байлаа. Нэг өдөр МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Энхболд манай редакцид хандан хамтлаг байгуулах тухай, байгуулах ч юу байхав, оюутан байхдаа Москвад “Улыбка” нэртэй тоглож байсан хамтлагаа сэргээх, тэр хамтлагаа радиогийн дэргэд байгуулж голдуу бичлэг хийлгэж байхаар хүсэлт тавьж билээ. Анхандаа би “Энэ хэд ноот мэдэхгүй, бас тэгээд ажил мэргэжил нь ч юү билээ” гэсэн шүү юм бодогдоод “Хөгжим ч та нарт ахадсан хоол байх даа” гэж хариулсансан. Харин Монголын радиогийн хөгжмийн хариуцлагатай редактор асан, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Чимиддорж гуай их л уриалгахан хүлээн авсан юм. Ингээд л хуучин “Баян Монгол” чуулгаас үлдсэн нэг орган, гитарын “Тесла” өсгөгч, бас гитарын нэг муухан “Регент” өсгөгчтэй тэд эхэлсэн юм даа. Ер нь хаягдсан, хэмхэрхий бүхнээ л өгсөн юм. Хамтлагийн идэвхтэй дэмжигч, хэд хэдэн дуу ч хамтран дуулсан М.Энхсайхан /Гадаад худалдааны яаманд ажиллаж байсан/, С.Баяр /МОНЦАМЭ агентлагийн ажилтан байсан/, Л.Дэлгэрцог /Радиогийн засварын газрын инженер байсан/, Т.Галсанжаргал /Радиогийн улс төрийн тоймч байсан/ гэх мэтийн хүмүүс хөгжмийн сэлбэг зэргийг олж засаж, амь оруулж өгдөг, тоглолтын үед нь хөгжим зөөж тусалдаг байв. Ингээд л Т.Энхболд, Ч.Ганболд, Н.Ганхуяг, П.Батчимэг, Б.Долгион нар сургуулилалтаа эхэлсэн. Яваандаа Б.Бадрууган, Д.Цогдэлгэр, Я.Оюундэлгэр, Г.Пүрэвдорж гээд л залуучууд нэмэгдэж Батчимэг хувийн шалтгаанаас хамтлагийн ажлаас хөндийрсөн дөө. Гэвч Батчимэг маань “Би цас ороход дуртай” гэдэг дуу зохиож, энэ хамтлагт нэрээ үлдээсэн юм” гэж хөгжим судлаач, хөгжмийн зохиолч Раднаабазарын Энхбазар дурссан байна.
“Инээмсэглэл” хамтлаг социализмын үед “Улс төрийн дууны уралдаанд” /1980 онд анх удаа/ хэдэн жил оролцож үзүүр түрүү авч, БНАГАУ-д “Улаан дуу” наадамд 1981 онд оролцсон гээд түүхээ бичиж эхэлжээ.
2010 онд тус хамтлагийн ахлагч дуучин Ч.Ганболд, дуучин, гитарчин Б.Долгион, дуучин Р.Оюундэлгэр, гитарчин П.Батчимэг, даралтат хөгжимчин Г.Пүрэвдорж, гитарчин, дуучин Д.Цогдэлгэр, Дуучин Н.Ганхуяг бүрэлдэхүүнтэй тоглолтоо үзэгч фенүүддээ дахин хүргэсэн юм. Мөн урилгаар тус хамтлагийн гишүүн асан Б.Бадрууган агсны хүү Б.Наранзун оролцож, аавынхаа хоёр дууг дуулж, үзэгчдэд сюрприз барьж байв.
Тэгвэл энэ удаа тэд сүүлчийн удаа алтан тайзнаа “инээмсэглэнэ”. Хамтлагийн хувьд бие даасан сүүлийн тоглолтоо үзэгч, фэнүүддээ толилуулна. “Инээмсэглэл” нэрийн дор дахин нэгдэж тоглох болсноос хойш 45 жилийн ойгоо ийн тэмдэглэх гэж байна. Энэ удаагийн тоглолт Live концерт байх бөгөөд “Library Records”-ын Т. Мөнх-Оргил тоглолтын хөгжмийн продюсераар ажиллаж бүх дууны найруулгыг шинээр хийсэн байна. Тоглолтын онцлох үзүүлбэр нь “Инээмсэглэл”-ийн гишүүдийн дүү нар, үр хүүхдүүдийн тоглолт. Б.Ангирмаа, Т.Бат-Оргил, Д.Тэнгисмаа, Б.Наранзун, Г.Эрдэнэсолонго, Ц.Юдко, Ч.Ганбат нар тус тоглолтод дуу хуураараа сюрприз барихаар бэлтгэж байна.