НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилсон. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар үүрэгт ажлаа хүлээн авсныхаа дараа өөрийн албан ёсны хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр, “Миний бие ойрын сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж ажиллана. Зарим шийдэл, шийдвэр нь өнөөдөртөө давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй.
Алсдаа харин нийслэлийн тогтвортой хөгжлийн шинэ эхлэл байжээ гэдгийг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ амаргүй цаг үед, хүндхэн зоримог шийдвэрийг гаргаж байж АВЛИГАГҮЙ УЛААНБААТАРЫН ШИНЭ СЭРГЭЛТИЙГ эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргахыг зорино. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй албан хаагчдаас Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх зүтгэл, сэтгэл гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн тэрбээр нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллахын зэрэгцээ дараах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байгаагаа илэрхийлсэн байна. Үүнд,
1. Нийслэлийн засаглалыг сайжруулах хууль, эрх зүйн шинэтгэлийг үргэлжлүүлэн хийнэ. Энэ хүрээнд:
• Эдийн засаг, хүн амын зохистой харьцаа, төвлөрөлийг харгалзан нийслэлийг 40-50 дүүрэгтэй байхаар зохион байгуулж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгаж, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг судлан, шийдвэрлэнэ.
• Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагчийн чиг үүргийг оновчтой зааглан хуваарилах, хотын аж ахуйн ажлыг хариуцах Улаанбаатар хотын захирагчийг хотын зөвлөл, эсвэл Улаанбаатар хотын иргэд өөрсдөө шууд сонгодог болох эрх зүйн өөрчлөлтийг эрх бүхий этгээдэд танилцуулан шийдвэрлүүлэхийг зорино.
• Дагуул хот байгуулах, нийслэлийн хүн амын хүнсний хангамж, байгаль орчныг хамгаалах чиглэлд хамтран ажиллах, бүхий талаар хөгжлийн интеграци, хамтдаа хөгжих боломжийг хууль, эрх зүйн хувьд нарийвчилан зохицуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа “Дархан цаазат” гэх тодотголтой “отоглох” орон сууц, хороолол сүндэрлэсэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг хотын ирээдүйн хөгжлийн төлөвлөгөө, хот төлөвлөлттэй уялдуулан цэгцлэх ажлыг эхлүүлнэ.
• Хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангах, Засгийн газрын 5Ш ажиллагааны зорилтыг хангаж ажиллана.
• Ёс зүйтэй, ур чадвартай, нийслэлийн иргэдийн төлөө зөв сэтгэлээр ажиллаж чадах хүний нөөцийг бүрдүүлэхэд чиглэсэн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, нээлттэй сонгон шалгаруулах, алба хаагчдын ажиллах бүх талын баталгааг Засгийн газрын барьж буй бодлого, шийдвэртэй нийцүүлнэ.
2. Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдах эрхийг хангахад онцгой анхаарал хандуулах болно. Энэ хүрээнд:
• Шинэ стандартыг нэвтрүүлэн ажиллана. Зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулган ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, усны хууль тогтоомжийг зөрчиж барьсан байж болзошгүй хороолол, хотхоныг албадан буулгахаар гаргасан өмнөх Засаг даргын шийдвэрийг хангуулах болно.
• Хөгжлийн бэрхшээлтэй хүн, хүүхдийн эрх хангагдаж байвал хүний эрхийг хангасан, аюулгүй хот гэж үзэж, үүний төлөө хичээл зүтгэл гаргана.
3. Хотын эдийн засгийн суурийг бэхжүүлж, төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого явуулна. Энэ хүрээнд:
• Нийслэлийн зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, ил тод байдлыг хангах, шаардлагатай дэд бүтэц бий болгох, хот төлөвлөлтийн гажуудлыг засаж, түгжрэл гэх мэт бүтээмжийг бууруулж буй нийгэм, эдийн засгийн асуудлыг ухаалаг менежментээр зохицуулж, хувийн хэвшил, иргэдээ дэмжин ажиллана.
• Өрхийн амьжиргааны зохих түвшин доогуур амьдарч буй иргэдийг улс, нийслэлийн хэмжээнд хэрэгцээтэй байгаа мэргэжлийн чиглэлээр мэргэжлийн боловсролд дээрх иргэдийг хамруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх чиглэлд тусгай хөтөлбөр гарган хэрэгжүүлэх бодлогыг баримтална.
• Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд тусгасан эдийн засгийн тусгай бүсийг амилуулж, хүлэмж, агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн эдийн засгийн тусгай бүсийг байгуулах асуудлыг тэргүүн ээлжинд судлан боломжит байдлаар шийдвэрлэнэ.
• Нийслэлийн үйлчилгээний үнэ, тарифийг зах зээлийн зарчимд ойртуулж, нийслэл Улаанбаатар хотын хотын аж ахуйд бизнесийн нээлттэй, шударга өрсөлдөөнийг бий болгоно.
• Тендер, худалдан авах ажиллагаанд гарсан алдаа, дутагдлыг засаж, цаашид ил тодоор хууль тогтоомжид нийцүүлэх зохион байгуулна. Өнөөдөр үүсээд байгаа автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг нягтлан шалгаж, холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд шуурхай авах болно.
4. Хотын хөгжлийг сааруулагч, боомилогч түгжрэлийг багасгахад олон талт цогц арга хэмжээг авна. Энэ хүрээнд:
• Түгжрэлийн асуудлыг шийдвэрлэхэд хот төлөвлөлт, газар чөлөлөлт, татвар, хураамжтай холбоотой хууль, эрх зүйн орчныг цогц байдлаар боловсронгуй болгохын зэрэгцээ торгох шийтгэлээ төлдөггүй жолооч нарын төрөөс авах зарим үйлчилгээг хязгаарлах, Улаанбаатар хотын замын даацад тохирсон автомашины дээд хязгаарыг тогтоох, дугаарыг хугацаатай олгох зэрэг давс мэт шорвог шийдвэр гаргана.
• Нийтийн тээвэр, такси үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэх, шаардлагатай зам, дэд бүтцийг бий болгох зэрэг цогц үйл ажиллагааны судалгаа гаргаж, арга хэмжээ авна.