Saturday, November 23, 2024

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар мэдээлэл сонсоно

Date:

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар анхаарал хандуулах шаардлага үүсээд байгааг тэмдэглэж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаарх мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсох санаачилга гаргажээ.

Тэрбээр, “Авто ослын хохирогч болох, амь насаа алдах, бусдад дээрэмдүүлэх, гэр бүлийн болон бусад орчинд хүчирхийлэлд өртөх, гэр орондоо угаартах гэх мэт хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл бараг өдөр бүр гарч байгааг тэрбээр хэлээд “Хүүхдийг элдэв хэлбэрээр хүчирхийлэх, ялгаварлан гадуурхах, хүүхдэд хортой, харш мэдээлэл түгээх зөрчил газар авлаа. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болоод бүтэн 2 хонож байна. Эрэн сурвалжлах ажиллагааг хийж байгаа боловч үр дүн хараахан гараагүй байна. Сүүлийн 10-аад хоногт л гэхэд 13 настай охин сургуулийнхаа урд гарцан дээр автомашинд дайруулсан; Дорнод аймагт 7 настай хүү хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн; бага насны 3 хүүхэд ээжтэйгээ хамт угаартсан; энэ сарын 2-нд орон сууцны хотхоны 9 давхраас 7 болон 5 настай хүүхэд унаж амиа алдсан зэрэг аймшигтай хэргүүд гарлаа.

Улсын хэмжээнд 48 цагаас эхлээд 20-30 жил хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа, одоо болтол олдоогүй, ямар нэг сураг гараагүй 20 шахам хүүхэд байна.

Монгол даяар эмгэнэл, түгшүүр, айдас төрүүлж буй ийм гэмт үйлдлийг томчууд бид, ялангуяа төр, засгийн байгууллагууд зүгээр хараад сууж болохгүй. Монгол хүүхэд гэмт хэргийн  золиос байж таарахгүй.

Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн эрсдэлт орчин, нөхцөлийг тодорхойлж, хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлд сургууль, боловсролын байгууллага, эцэг, эх, гэр бүлийн орчинд, төрийн байгууллагын үүргийг тодорхой заасан. Энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Нийслэл, аймаг, дүүргийн камержуулалт, сургууль, орчны камержуулалт хангалтгүй байна. Улсын төсвөөс өч төчнөөн хөрөнгө зарцуулсан энэ ажлууд яагаад хэрэгжихгүй байна вэ. Монгол хүүхэд гэмт хэргийн  золиос байж таарахгүй” гэлээ.

Монгол Улс Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын конвенцад 1990 онд элссэн, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг 1996 онд анх баталж, 2016 онд шинэчлэн баталсан болохыг Г.Занданшатар дарга дурдлаа. Эдгээр баримт бичиг, хууль тогтоомжид монгол хүүхдийн эрхийг хамгаалах үүргийг дэлхий дахины өмнө болон Монгол Улсын иргэдийн өмнө хүлээсэн байгууллагууд тодорхой заагдсан байгааг хэлсэн. Үргэлжлүүлэн тэрбээр “Шулуухан хэлэхэд тэдгээр байгууллага үүргээ маш муу гүйцэтгэж байна. Эрсдэлт нөхцөл байдлын дүн шинжилгээ хийгдэж байгаа юм алга байна. Хүүхдийн амьд явах, хөгжих, хамгаалуулах, оролцох эрх зөрчигдөж байгаа талаар маш олон баримт дурдагдаж байна. Улсын Их Хурлын гишүүд энэ асуудалд онцгой анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийг төрсөн цагаас нь хариуцлага хүлээх чадвартай болох хүртэл буюу 18 нас хүртэл Монгол Улсын Их Хурлаас эхлээд Засгийн газар, хүүхэд, гэр бүлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, яамд, Тамгын газрууд, орон нутгийн захиргааны байгууллагууд, Монгол Улсын иргэн нэг бүр, аж ахуйн нэгж, байгууллага, гэр бүл бүр хамгаалах үндсэн үүргээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэр бүл, сургууль, нийгмийн орчинд хүүхэд бүх талаар хамгаалагдсан байх тогтолцоог бүрдүүлэх нь нэн чухал, тулгамдсан асуудал боллоо.

Бид хүүхэд ээлтэй орчин, үйлчилгээ, үйл ажиллагаа бүрдүүлэхгүйгээр энэ зорилгыг хангаж чадахгүй. Хүүхдэд ээлгүй улс орон, үндэстний ирээдүй бүрхэг болно. Учир нь хүүхэд бол улс орны ирээдүй, маргааш юм. Манай нийгмийн ёс зүй хүүхдэдээ ээлгүй, харин ч эрсдэлтэй орчин болж. Өөрийн төдийгүй бусдын хүүхдийг ч хайрлах, энэрэх монгол ёс, уламжлал алдагдсан байна. Тиймээс хүүхдийн эрхийн талаарх нийгмийн ёс зүйг эрүүлжүүлэх нь чухал. Үүний тулд Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд манай Улсын Их Хурлын гишүүд, тэр дундаа Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд манлайлал үзүүлж ажиллах шаардлагатай байна.

Энэ чиглэлд Нийгмийн бодлогын, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороод, Улсын Их Хурал дахь хүчирхийлэлтэй тэмцэх бүлгэмүүд онцгой анхаарал хандуулж, ойрын үед шийдвэртэй арга хэмжээ авахыг үүрэг болгож байна. Түүнчлэн хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Ямар нэг өршөөл, уучлалд хамруулдаггүй байх эрх зүйн шинэчлэлийг хийж болно гэж бодож байна. Нийгмийг аймшигт автуулаад буй гаж донтон, хүүхдийн эрхийг зөрчигчидтэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй байна.

Улсын Их Хурал хууль бүрд хүний эрхийг хангах асуудлыг амин сүнс болгон суулгаж, хүний эрхийг дээдэлнэ гэж тунхагласан. Хүний эрх хүүхдээс эхэлнэ. Хүүхэд ямагт нэгдүгээрт байх ёстой. Энэ чиглэлд Улсын Их Хурлын гишүүд онцгой анхаарал хандуулж, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын төлөө хүсэл зоригоо нэгтгэж, холбогдох Байнгын хороод өнөө, маргаашгүй хуралдаж шаардлагатай бол маргаашийн нэгдсэн хуралдааны мэдээллийг цаг дээр мэдээлэл сонсож ярилцах хэрэгтэй байна. Үүнийг холбогдох Байнгын хороод, бүлгэмүүдэд даалгаж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...