Sunday, November 24, 2024

“Зэс эрдэнийн хувь”-д эрдэнэтчүүд сэтгэл хангалуун байвал сайн, биш бол Засгийн газар анхааралдаа авна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн иргэдтэй уулзаж “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлууд үр дүн, олон улсын болон улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
2024 оны улсын төсвийн төслийг Засгийн газраас боловсруулахдаа бүх аймагт Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж судлаад төсөл, хөтөлбөрийн саналыг иргэдээр эрэмбэлүүлж буй. Сүүлийн 30 жилд улс орны хөгжлийг хязгаарлаж байсан хүчин зүйл бүрийг засахын төлөөх бодлогыг Засгийн газар бүх салбарт хэрэгжүүлж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” эхнээсээ үр дүнгээ өгч эхэлсэн. Ялангуяа,цар тахлыг даван туулах хөтөлбөрүүд, эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлсэн. Авлигын эсрэг “5Ш” цогц ажиллагааг хэрэгжүүлж, Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлж, нүүрсний гэрээ, экспортыг ил  болгосноор бондын өрөө төлж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэржилт, эрчим хүчний төслүүдийг хөдөлгөж, боомтуудыг төмөр замаар холбох ажлын үр дүн гарч байгааг тэрбээр онцоллоо.

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мөнгөөр луйвардаж хувьд шилжүүлсэн алдааг залруулж, төрийн мэдэлд буцааж авсан. Үр дүнд нь тус үйлдвэр энэ онд түүхэндээ анх удаа 1,8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Оюутолгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Нүүрсний худалдааг цахимжуулж, үнийг ил тод болгосноор валютын нөөц өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум ам.доллар болсон. Энэ бүхний үр дүнд 2023 оны төсвийн орлого батлагдсан дүнгээс 1.7 их наяд төгрөгөөр давсныг Ерөнхий сайд дурдлаа.
Эрдэнэт хот доторх авто замыг өргөтгөх шинэчлэх, үйлдвэрийн тоос агаар бохирдуулж иргэдийн эрүүл мэнд хохирч байгааг шийдэх, ус, дулаан, бохирын шугам сүлжээний 45 хувь нь насжилт дууссан учир цогцоор нь шинэчлэх, шинээр орон сууцууд олноор баригдаж байгаа учир сургууль, цэцэрлэгийн хүртээмжид анхаарах, уурхайн овоолгыг ашигладаг компаниуд, тэр дундаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн асуудлыг нэг мөр шийдэж, төрд буцаан авч үйлдвэрийн дэргэд ажиллуулж ашгийг нь Орхон аймгийн иргэд хүртдэг болох, Тендерийн тухай хуулийг амьдралд нийцүүлж өөрчлөх, төрийн байгууллагаас гаргасан аливаа шийдвэр дунд, доод шатанд хэрэгжилт нь тааруу байгаа зэргийг иргэд хөндөж байлаа. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг төрд буцааж авсан төдийгүй бүлэглэлийн гарт нэгэнт орчихсон байсан бусад уурхай, ордуудыг эргүүлж авах тэмцлийг эхлүүлсэнд, “Ачит Ихт”-ийн талаар анх парламентад дуугарч шүгэл үлээсэнд эрдэнэтчүүд Ерөнхий сайдад талархал илэрхийллээ.

“Зэс эрдэнийн хувь” ХХК-ийганх Эрдэнэтийн 24 мянган иргэн байгуулж, компанийн 66 хувийг эзэмшиж байсан боловч иргэдийн хувь одоо 30 хүртэл буурсан. Үүнийг бууруулах ёсгүй гэдгийг хөндөх иргэд ч байв. Олон жил маргаантай байгаа “Зэс эрдэнийн хувь” ХХК-д эрдэнэтчүүд сэтгэл хангалуун байвал сайн. Баялгийн эзэд сэтгэл дундуур байвал Засгийн газар анхааралдаа авна гэж Ерөнхий сайд хэллээ. 
Орхон аймгийн иргэдийн саналын дагуу Эрдэнэт хотын төвийн зам засварт шаардлагатай 50 тэрбум төгрөг, автобусны хүрэлцээг нэмэгдүүлэх санхүүжилт, Дэнж, Оюут багийг нэгдсэн төвтэй болгох, “Эрдэнэтийн анхдагч илгээлтийн эзэд”-ийн нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх, стандарт хэмжил зүйн газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх зэргийг Ерөнхий сайд холбогдох сайд, аймгийн удирдлагуудад үүрэг болгов.

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Орхон аймагт хэрэгжүүлэх дараах төсөл, арга хэмжээг иргэд ийн эрэмбэллээ. 
-“Эрдэнэт хотын ерөнхий төлөвлөгөө” боловсруулах 2040 /Орхон, Баян-Өндөр сум/
– Улсын чанартай А1001 авто замыг орон сууцны 2А хороолол, Эрх чөлөөний өргөн чөлөөний авто замтай холбох /Орхон, Баян-Өндөр сум, Оюут баг/
-Улсын чанартай А1002 дугаартай авто замыг 7 дугаар хорооллын авто замтай холбох авто зам /Орхон, Баян-Өндөр сум, Цагаан чулуут баг/
-Хотын инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн зураг төсөв /Орхон, Баян-Өндөр сум/
-Цэцэрлэгийн барилгын зураг төсөв /Орхон, Баян-Өндөр сум, Найрамдал баг, 7А хороолол/
-Сургуулийн барилгын төсөв  /Орхон, Баян-Өндөр сум, 7-р хороолол/
-Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж /Орхон/
-Боловсролын салбарын тоног төхөөрөмж /Орхон/  
-Соёлын төвүүдийн тоног төхөөрөмж /Орхон/
-Татварын хэлтсийн барилга /Орхон, Баян-Өндөр сум/

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...