Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долдугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн юм. Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн.
Шинээр батлагдсан хуулиар өмнөх хуулийн төсөлд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг тусгасан. Мөн төмөр замын зориулалттай газрыг тодорхойлж, аюултай бүс, зурвас газар, хамгаалалтын бүсийн талаарх зохицуулалтыг тусгаж, төмөр замын суурь бүтцийн зураг төсөл, барилгын ажил, суурь бүтцийг ашиглалтад оруулах талаар тодорхой тусгасан юм. Төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ, түүнд тавигдах шаардлага, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүргийн талаар тусгаж, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч тэгш эрхийн үндсэн дээр үйлчилгээ үзүүлнэ гэж заасан.
Түүнчлэн төмөр замын тээвэрлэгчийн эрх, үүргийг нэмэгдүүлж, тээвэрлэгч нь өөрийн гэсэн хөдлөх бүрэлдэхүүнтэй байх, өөрийн зүтгүүргүй тохиолдолд зүтгүүрээр үйлчлүүлэх гэрээ байгуулсан байх, мөн суурь бүтцийн үйлчилгээний гэрээ байгуулсан байх зэрэг шаардлагыг тодорхой болгосон юм. Үүний хүрээнд өнөөдөр /2023.09.28/ Зам, тээврийн хөгжлийн яам, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ, “Таван толгой төмөр зам” ХХК хамтран Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж, уг хуулийг шинэчлэн боловсруулах хууль зүйн болон практик үндэслэлийн талаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын шинжээч Ц.Наранчимэг “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хууль зүйн ач холбогдол, онцлох зохицуулалт” сэдвээр илтгэл танилцуулав.