Өөрийн бүхий л амьдралыг кино урлагт зориулсаар ирсэн Хятадын ард түмэн гэлтгүй нийт дорно дахины өмнө суу алдраа үлдээсэн Жан Имоу найруулагчийн бүтээл болох “Ангалын ирмэг дээр” кино маргааш буюу есдүгээр сарын 2-нд ганцхан удаа “Тэнгис кино” театрт 19:00 цагаас үнэ төлбөргүйгээр монгол үзэгчдийн хүртээл болох гэж байна. Уг киног “Хятадын кино өдрүүд”-ийн хүрээнд олон нийтэд толилуулах гэж байгаа юм.
Энэ ташрамд Хятадын кино урлагийг дэлхийн тавцанд гаргасан шинэ үеийн гол төлөөлөгчдийн нэг бол Жан Имоу найруулагчийн талаар товч танилцуулахад түүнийг Хятадын кино урлагийн тав дахь үеийн төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрдөг. Түүнийг дэлхий дахин “Дорнын гайхамшгийг урлаач” хэмээн нэрийддэг. Түүний бүтээлүүдээс дорнын нарийн мэдрэмж, тансаг илэрхийлэл, гоо сайхан нэвт харагддаг.
Жан Имоу 1951 онд Шэнси мужийн Сиайн хотод Гоминданы армийн бэлтгэл хурандаагийн хүү болон төржээ. Бага насаа бусад хүүхдүүдийн нэгэн адил өнгөрөөж, сургуульд суралцсан байна. Гэвч ах нь Чан Кайшигийн армид алба хаадаг гэсэн шалтгаанаар Соёлын хувьсгалаар сургуулиасаа хөөгдөж 1968 онд хөдөө аж ахуйн коммунд албадлагаар явжээ. Албадан ажлаа гурван жил хийснийхээ дараа даавууны үйлдвэрт орж тэндээ 1978 он хүртэл ажилласан байна. Жан Имоу энэ үйлдвэрт ажлынхаа хажуугаар чимэглэлийн зураач хийж байв. Энэ үеэсээ гэрэл зураг сонирхох болж анхны аппаратаа таван сар цусаа өгөн мөнгөө хуримтлуулж байж авчээ.



Гэрэл зургийн сонирхол нь түүнийг кино урлаг руу хөтөлж 1978 онд Бээжингийн кино урлагийн академи нээгдэхэд элсэлтийн шалгалтыг нь амжилттай өгсөн боловч орж чадаагүй байна. Түүний их сургуульд сурах нас нь хэдийнээ хэтрэн 27 хүрсэн тул ийнхүү хасагджээ. Гэвч тэр бууж өгсөнгүй Соёлын яамны сайдад өргөдөл гаргаж санасандаа хүрч суралцах зөвшөөрөл авав. Ингээд 1982 онд сургуулиа зураглаач мэргэжлээр амжилттай төгсөн Гуанси-Жуанийн улсын кино үйлдвэрт хуваарилагджээ. Түүний хамт Чен Кайгө, Тянь Жуанжуан, Жан Жуньжао зэрэг Хятадын тав дахь үеийн уран бүтээлчид бэлтгэгдэн гарчээ.
Мэргэжлээрээ хийсэн түүний анхны ажил нь 1984 онд дэлгэцнээ гарсан Жан Цюньжао найруулагчийн кино юм. Түүнээс хойш нэг курст хамт суралцаж байсан Чан Кайгэгийн кинонуудад голчлон ажиллаж байв. Харин Жан Имоу найруулагчийн хувиар хийсэн анхны бүтээл нь 1987 онд дэлгэцнээ гарсан “Улаан тутарга”. Мо Яны зохиолоос сэдэвлэсэн “Улаан тутарга” кино нь Хятадын кино урлагийн тав дахь үеийг төлөөлж чадахуйц цөөн шилдэг бүтээлийн нэг гэгддэг. Мөн Жан Имоугийн хэв маягийг дэлхийд таниулсан юм. Энэ бүтээл 1988 онд Берлиний олон улсын кино наадмаас “Алтан баавгай”, 1989 оны Брюсселийн кино наадмаас “Шүүмжлэгчдийн сонголт” шагнал хүртжээ. Гол дүрийг бүтээсэн жүжигчин Гун Лиг мөн олон улсад таниулсан бүтээл болсон юм.
Тэрбээр 1985 онд Сианийн кино үйлдвэрт шилжин ажиллах болж зураглаачийн ажлынхаа зэрэгцээгээр кинонд тоглож эхлэв. Тоглосон дүрүүд нь ч муугүй болж Ү-Тянмин найруулагчийн “Хуучин худаг” киноны гол дүрээрээ 1987 онд Токиогийн кино наадмаас шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртжээ. Энэ амжилт нь түүнийг киноны ертөнцөд хүчээ үзэх урам зоригийг өгч тэр жилдээ “Улаан Гоалян” нэртэй анхны киногоо найруулсан нь Берлиний кино наадмаас “Алтан баавгай” шагналыг хүртсэн юм. Найруулагчийн анхны алдар нэрийг Жан Имоуд авч ирсэн энэ киноны гол дүрийг алдарт жүжигчин Гүн Ли бүтээсэн бөгөөд энэ үеэс эхлэн тэдний хооронд ажил хэргийн болон янаг амрагийн холбоо тогтож эхэлсэн байна. Гүн Ли “Алтан цэцгийн хараал”, “Улаан дэнлүүг асаа”, “Жү Доу” зэрэг Жан Имоугийн ихэнх киноны гол дүрүүдийг бүтээсэн юм.
Шанхайн гурвал”, “Гэртээ хүрэх зам”, “Баатар”, “Нисдэг хутгын бүлгэм”, “Алтан цэцгийн хараал”… гэхчлэн түүний бүтээлийн жагсаалт хөвөрнө. Эгэл хүний жирийн амьдрал, чин үнэнч хайр сэтгэл, дорнын бүсгүйн ичимхий ааль, хаад ноёдын эцэсгүй тэмцэл, тулааны урлагийн мастеруудын түүх гээд Жан Имоугийн сонгосон сэдэв ямар байхаас үл хамаарч киноны өгүүлэмж намуухан уянгалах ятгын аялгуу мэт хөвөрдөг. Үг бүрийн цаана утга шингэж, үзэгдэл бүрээс нь дорнын хэв маяг, уламжлал, өв соёл ханхалдаг. Агуу их сүр хүчийг харуулсан зураглалууд нь угаас Жан Имоугийн онцлог гэлтэй.

