Ромын пап Францис Монгол Улсад анх удаа айлчилж байна. Энэхүү түүхэн айлчлал улс төр, эдийн засгийн ач холбогдлоос гадна түүх, соёл, шашны өргөн агуулга, өндөр ач холбогдолтой юм. Папын айлчлалыг тохиолдуулан Сэргэн мандалтын үеийн Италийн алдарт зураач Рафаэл Сантийн /Raffaello Sanzio da Urbino/ нэгэн бүтээлийг толилуулж байна. “Афины сургууль” /The School of Athens/ хэмээх энэ зураг Рафаэлийн маш алдартай гол бүтээлүүдийн нэг. 1509-1511 оны хооронд Ватикан дахь Апостоль буюу Төлөөлөгчдийн ордны Станзе ди Раффаэлло /Stanze di Raffaello/ гэж нэрлэгддэг өрөөнүүдийг тохижуулах ажлын хүрээнд зуржээ. Энэ бол Рафаэлийн шилдэг бүтээл бөгөөд Сэргэн мандалтын үеийн сонгодог урлаг, урлалын төгс биелэл гэж үздэг.
Сургууль хэмээх эрдэм ном, сэтгэлгээний арвин их үүдийг нээдэг газрыг уран зурагт Рафаэлаас илүү дүрсэлж гаргасан хүн байхгүй гэх нь бий. “Афины сургууль” зурагт Платон, Аристотель, Пифагор, Архимед, Гераклит зэрэг эртний Грекийн суут сэтгэгч, философич, математикч, байгаль шинжлэлийн ухаантнууд, эрдэмтдийн цуглааныг дүрсэлсэн байдаг. Ингэхдээ нийт 58 хүнийг өөрсдийнх нь онцлог шинжээр дүрслэхийн сацуу төгс алслалт, архитектур, эртний бурхдын дүрээр төлөөлүүлэн хүний мөн чанар зэргийг уран чадварлаг илэрхийлжээ. Мөн Италийн алдарт зураач Леонардо да Винчи, Микеланджело нарыг Платон болон Гераклитийн дүрээр тус тус илэрхийлсэн гэж үздэг.
Рафаэл өөрөө архитектур байсан учир энэхүү зургийн детальд их анхаарсан бололтой байдаг. Зургийн голын хэсэгт байх хагас цухуйсан аркны хажууд Рафаэл эртний Грекийн хоёр бурхныг дүрсэлжээ. Зүүн гар талд лир барьсан Аполло бурхан, харин баруун талд нь цэцэн мэргэний бэлгэдэл болсон Афина бурхны баримал тус тус харагдана.
Рафаэлийн амьдарч асан XV-XVI зуун хүн төрөлхтөн өөрсдийн оюун ухаан, эрдэм мэдлэг, авьяас чадварыг танин мэдэж, бурхан төвт үзлийг халан хүн төвт, хүнлэг энэрэнгүй буюу гуманист үзлийг тунхаглаж эхэлсэн үе юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн үеэ үгүйсгэлгүйгээр урлаг, уран сайхны сэтгэлгээнд христийн соёл болон Грек, Ромын сонгодог соёлыг хамтад нь хөгжүүлж байжээ. Эдгээр соёл, урлагийн сэтгэлгээ, гол санаа, ур чадварын нийлмэл байдлыг илэрхийлсэн зургийн нэг бол “Афины сургууль” юм.
Дүрүүдийг тайлбарлавал шууд харж болохуйц нуман аркны доорх төв цэгт Аристотель, Платон нарыг дүрсэлжээ. Зураач Платоны үзэл санааг долоовор хуруугаа тэнгэр өөд чиглүүлж буйгаар дамжуулж, бодит байдлын мөн чанарыг оюун ухаанд байдаг гэх түүний идеал санааг илэрхийлсэн бол түүний хажууд алхах Аристотелийн бодит байдлын мөн чанар оюун ухаанд бус юмс үзэгдлүүдэд, тэдгээрийн дотор өөрсдөд нь байдаг гэх үзлийг алгаа доош харуулсан байдлаар дүрсэлжээ. Ийнхүү гүн ухааны санаагаа хэлэлцэн алхах тэр хоёрын ойр орчмыг хэд хэдэн хэсэг, бүлэг хүмүүс болгон зураач хуваажээ.
Платоны зүүн талд хэсэг хүмүүс хэлэлцэн зогсох бөгөөд сайн ажиглабал Сократ хэдэн шавь нарын хамт буюу Агуу Александр, Эсхин нарын хамт зогсжээ. Тэдний урд нэлээн зузаан ном эргүүлэн суугаа хүн бол математикч бас шашныг номлогч, философич, шинжлэх ухаанч Пифагор байна. Харин түүний хажууд гантиг дөрвөлжин чулуун дээр бодолд автагдан, доошоогоо харан суугаа хүн бол Сократаас өмнөх үеийн агуу сэтгэгч Эраклит юм. Түүний үзэл санааг Сократ Аристотель нар ойлгоход бэрхшээлтэй, гүн гүнзгий утга санаатай “харанхуй” хэмээн хэлжээ. Түүний зүүнтээ зогсох үзэгч рүү чиглэсэн харцтай цагаан хувцастай эмэгтэй бол Калокагато юм. Тэрбээр ариун журамт хүний дээд идеал, гоо сайхан, сайн сайхан байдлыг илэрхийлжээ. Харин Аристотелийн урд шалан дээр хайш яайш хэвтээд санаа зовох ч юмгүй байгаа хүн бол галзуу Сократ ч гэж хэлэгддэг грекийн философич Диоген юм. Түүний байгаа байдлаар “Хүн илүү дутуу зүйлгүй байхдаа жаргалтай байдаг” гэх үзлийг илэрхийлжээ. Бусад зураачид түүний энэ байдлыг хотын захад модон торхонд суугаа байдлаар дүрсэлдэг. Үүний дараагаар зургийн баруун урд хэсэгт хэдэн шавь нараа тойруулан самбар дээр гортиг барин буй хүн бол геометрийн эцэг Эвклид юм.
Ийнхүү эртний суут сэтгэгч, гүн ухаантан, шинжлэх ухаан, улс төр судлаач, математикч, одон оронч нарыг нэгэн дээвэр дор цуглуулсан нь хөгжлийн түлхүүрийг атгаж буй гэлтэй. Эдгээр хүмүүс нь НТӨ 550 он орчмоос НТӨ 200 он хүртэлх хугацаанд амьдарч байсан сэтгэгчид юм. Амьдрал нь дардан байгаагүй бөгөөд зарим нь цаг бусаар амиа алдаж, ядуу зүдүү амьдрах нь амьдарч, үзэл бодолдоо үнэнч байсныхаа төлөө ч цаазаар авахуулах ялд унаж байжээ. Гэвч өнөө цагт тэднийг суут сэтгэгчид хэмээн нэрлэсэн юм.
Уг зургийн онцлог нь зураач дүрүүдийн царай төрхийг тухайн үеийнхээ суут хүмүүсийн царайгаар дүрсэлсэн бөгөөд жишээ нь Платоныг Леонардо Да Винчигийн дүрээр, Эраклитыг Микеланжело Буонарротигийн дүрээр, Аристотелийг Бастино да Сангаллогийн дүрээр дүрсэлжээ. Сонирхуулахад баруун буланд байх үзэгч рүү харсан хар малгай шөвгөр царайтай дүрсэлсэн эртний грекийн зураач Апеллог өөрийн царай төрхөөр даруухан дүрсэлжээ.
Уг зураг Ватиканы музейд байрлах Сегнатурын танхимд байрлах бөгөөд уг музейд байрлах гурван том зургийн нэг юм. Бусад хоёр зураг нь Микеланжелогийн “Сүүлчийн шүүлт” болон “Сикстины таазны зураг” юм.