Sunday, November 24, 2024

Жуулчдыг татах хүйтний менежмент

Date:

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өвлийн аялал жуулчлалын бэлтгэлийг хангах чиглэл өглөө. Энэ бол зүй ёсны үүрэг, чиглэл. Хэт улирлын шинжтэй аялал жуулчлалын хугацааг уртасгах бодлогын илрэл. Аялал жуулчлалын салбарынхан зуны гурав, дөрөвхөн сард жуулчид хүлээн аваад, бусад үед ажин түжин болж, “ичээндээ ордог” байж болохгүй. Өвлийн хүйтэнд хэн ч аялж зугаалахгүй гэдэг ойлголтоосоо бид юуны өмнө салах цаг болсон. Харин ч Монгол орон жилийн дөрвөн улиралтай, эх газрын эрс тэс уур амьсгалтай гэдэг маань л өөрөө гадаадын жуулчдад хамгийн том сурталчилгаа, тэднийг соронздон татах Монголын гэсэн өвөрмөц онцлог шүү дээ. Үүнийгээ “чулуу” болгох хэрэгтэй. Жуулчдын хувьд ч гэсэн Монголд зөвхөн зуны улиралд ирчихээд, дандаа ийм халуун дулаан байдаг орон мэт төсөөлөөд буцах нь харамсалтай. Тэд Монголын эрс тэс дөрвөн улирлыг үзвэл илүү сонирхолтой, таашаалтай байх нь мэдээж. Таана анхилж, хялгана халиурсан ногоон тал цасанд дарагдан цавцайхыг, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулс, ой тайга өвлийн дахаа нөмрөн зүүрмэглэхийг, анчин эрс тайган нохдоо дагуулан мөр хөөж одохыг, малчны өвөлжөөнд өвлийн шөнө од ажихад зуныхаас илүү гайхалтай гэдгийг мэдрүүлж чадвал адал явдал, сонин хачинд дуртай хэдэн зуун мянган жуулчин Монголыг зориод ирнэ.

Гэтэл тэднийг ирэхэд жуулчны баазынхан нь хаалга үүдээ дангинатал хадаж орхиод хот хүрээ рүү арилж өгсөн, зочлох үйлчилгээнийхэн нь зогсонги байдалд орчихсон байж болохгүй. Өвлийн аялал жуулчлалын бэлтгэлийг хангах ажлыг одооноос даруй эхлүүл гэж Ерөнхий сайд чиглэл болгосон нь ийм хандлагыг өөрчил гэсэн үг.   

Мэдээж өвлийн аялал жуулчлал зуныхаас ялгаатай. Өөрийн гэсэн онцлогтой. Тэр онцлогуудыг нь бүрэн илэрхийлсэн үйлчилгээ, үйл явдлыг товлож, дэглэж чадвал жинхэнэ хүйтний менежмент тэр болно. Гадаадад бид Монгол Улсаа сурталчлахдаа зуны аялал жуулчлалыг илүү сурталчилдаг. Тэгвэл цаашид өвлийн аялал жуулчлалын талаарх мэдээллийг ч зуныхаас дутахгүй түгээх шаардлага урган гарч байна.   

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх санаанууд

Монголд өвлийн улиралд морь, тэмээ, цаа буга унаж тал, хээрь говь, хөвч тайга гээд байгалийн бүхий л бүсэд аялах боломжтой. Хангайн бүсийн аймаг, сумдад бол цана, чаргаар гулгах, морь, нохойн чарга хөллөн аялах, мөсөнд авирах аяллууд зохиож болно. Хөвсгөлийн тайгад цаатны урцанд хоноглох, малчны хотонд өнжиж монгол ахуйтай танилцах, өвлийн шөнийн одод ажиглах. Цагаан сар, шинэ жил, бүргэдийн баяр, мөсний баяр үзэх, нуурын цооногоос загас барих, мөсөн шагайгаар наадах гээд олон сонирхолтой хөтөлбөрүүдийг жуулчдад санал болгох боломжтой.

Наадмаар зохион байгуулдаг “Дээлтэй монгол” наадам шиг өвлийн улиралд бас монгол хувцасны фестиваль зохион байгуулж болно. Азарган нэхий, чонон дах, дэгтий, үзүүрсгэн болон сэгсүүргэн дээл, хурган дээл, булган дээл, үнэгэн лоовууз, хурган малгайнаас эхлээд нүүдэлчдийн өвлийн хувцас зүүсгэл гадаадынханд сонирхолтой. Үүнийгээ дагаад өвлийн дээл хувцасны худалдаа мэдээж гаргаж таарна. Энэ мэт санал, санаачилгуудыг дараах байдлаар хураангуулж болохоор байна. Үүнд,

  • Өвөл, зуны контeнт гаргахад төрөөс санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх
  • Өвлийн улиралд зориулсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах
  • Аялал жуулчлалын эвент, фестиваль, баяруудын хугацааг тодорхой болгох, дараалал тогтох, хооронд нь холбох
  • Жуулчдад зориулсан хямдралтай бүтээгдэхүүний багц гаргах
  • Нийслэлийн ойролцоо болон орон нутагт байрлах жуулчны баазуудыг өвөл ажиллуулахын тулд жуулчны баазуудын цахилгааны мөнгийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах
  • Дотоодын нислэгийн хуваарь, маршрутыг тодорхой гаргах
  • Бүх компаниуд нэгдээд нэг маршрут дээр төвлөрөх, хөгжүүлэх, тухайн маршрутын дагуу жуулчны баазуудыг ажиллуулах
  • Мөсний баяр, тэмээний баяр зэрэгт агаарын тээвэр, тур операторууд нэгдээд шууд нислэг, транзит нислэг тогтмол хийх боломжийг бүрдүүлэх,
  • Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран өвлийн аяллын шинэ бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллах зэрэг нь өвлийн аялал жуулчлалын бэлтгэл хангах ажлын гол цөм байх болов уу.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...