Friday, November 22, 2024

Ерөнхийлөгчийн зарлигийг зөрчиж Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлджээ

Date:

Энэ жил таван аймгийн 100 жилий ой тохиож байна. Эдгээр аймгийн дөрөв нь ирэх долоо хоногийн сүүлээр, нэг нь наймдугаар сарын эхээр ойгоо өргөн дэлгэр тэмдэглэнэ. Засгийн газраас ийн хуваарь гаргаж, хугацааг нь товлосон. Мөн эдгээр таван аймгийн 50 гаруй сум энэ өдрүүдэд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Сумдын ойгоор Төрийн Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган хийснийгээ залж байгаа тохиолдол нэг бус харагдав. Энэ бол Төрийн тэргүүнийхээ зарлигыг зөрчиж байгаа хэрэг. Тодруулбал, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч халаагаа өгөхийнхөө өмнөхөн буюу 2017 оны зургадугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргасан юм.

Уг зарлигт:

  1. Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалсугай.
  2. Есөн хөлт Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгасугай.
  3. Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль болон холбогдох бусад журмыг дагаж мөрдөх, биелэлтэд хяналт тавихыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосугай гэсэн байдаг. Тэгэхээр Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэж, олон нийтийн аливаа үйл ажиллагаа, тухайлбал сум, аймгийн ой, үндэсний их баяр наадамд дуурайлган үйлдэж, залж болохгүй гэдэг нь маш тодорхой, ойлгомжтой байна. Үүнд төр захиргаа, орон нутгийн байгууллагууд хяналт тавих ёстойг ч үүрэг болгочихсон байна. Харин эдүгээ энэ зарлигийг цалгардуулан зөрчиж байна уу даа. Сумдын ойн наадам төдийгүй хилийн чанад дахь монголчууд бэсрэг наадам дээрээ Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэж залсан харагдсан. https://www.facebook.com/100014941322115/videos/949009542842257/

Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргах болсон учир шалтгаан нь дараах утга, агуулгатай гэдгийг сануулахад илүүдэхгүй.

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталснаар, Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн билээ. Үүний бодит нэгэн жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Их цагаан туг юм.

Их Монгол Улс нь монгол хэл, соёл, сэтгэлгээний ижилсэл, монгол төрийн уламжлалыг хадгалсан шинэ нэгдэл байв. Монголын эзэнт гүрний удирдагчид үндэсний уламжлалд тулгуурлан шинэ бэлгэдлийг бүтээсний нэг нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл- Их цагаан туг билээ. Монголчууд энэ цаг үеэс нэгэн хэлтэй, нэгэн сэтгэлтэй байж; нэгэн тугийн дор энх тайвнаар оршин амьдардаг болсон. Уг бэлгэдэл бол Монголын эзэнт гүрэн хүчтэй байх, Монгол үндэстэн улам бүр нягтарч эвлэхийн гол үндэс болсон юм.

Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах энэхүү бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус удаа гарч байв. Тухайн цаг үе бүхэнд монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй бөгөөд энэ бүхэн сургамж болон үлджээ.

Их цагаан тугийг бүтээх, гүнээ хүндэтгэн дээдлэх, холбогдох хорио цээрийн тухай:

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн”; 2 дахь хэсэгт “Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ”; 4 дэх хэсэгт “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн”; Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Есөн хөлт их цагаан туг нь Монгол Улсын төрийн туг мөн” хэмээн тус тус заажээ.

Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд хэвшин тогтсон боловч хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарав.

Тухайлбал, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлэгдсэн хүрээ мандалын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”; 2 дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан боловч аймаг, сум, зарим олон нийтийн байгууллага, иргэн Төрийн тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглаж байна.

Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг; Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл; Төрийн хүндэтгэлийн бэлгэдэл: Монгол Улсын Төрийн тугийг үл хүндэтгэсэн хэрэг болж байгаа юм.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж; Их цагаан тугийг дууриалган үйлдсэнийг төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгаж, Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх; биелэлтэд хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болгосон зарлиг гаргах нь зүйтэй хэмээн үзсэн болно. Уг зарлигийг гаргаснаар Төрийн ёслол холбогдох хууль, журмын дагуу утга төгөлдөр болж; төрийн бэлгэ тэмдгийн хэрэглээ эмх цэгцтэй болох нөхцөл бүрдэх юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...