Японы мэргэжлийн сүмогийн долдугаар сарын Нагоя башё үргэлжилж байна. Башёгийн зургаа дахь өдөр шинэхэн озэки Киришима Б.Лхагвасүрэн маэгаширагийн хоёр дахь бөх Шодайг өвдөг шороодуулан хоёр дахь даваагаа авлаа. Кирибаяма нэрээр барилдаж байсан монгол сүмоч Б.Лхагвасүрэн өнгөрсөн сарын барилдааны дараа озэки цол хүртэж, дэвжээний нэрээ Киришима болгон өөрчилсөн билээ. Тэрбээр Нагоя башёгийн өмнөхөн цээж, нуруундаа бэртэл авсны улмаас эхний гурван өдөр барилдалгүй өнжсөн юм. Башёгийн дөрөв дэх өдөр тэрбээр комүсүби Котоновакаг давсан бол өчигдөр маэгаширагийн тэргүүн бөх Тобизарүд өвдөг шороодсон юм. Харин өнөөдөр учраагаа давснаар Киришима хоёр даваа, хоёр унаа, хоёр өнжөөтэй тэмцээнийг үргэлжлүүлж байна.
Их аварга Тэрүнофүжи башёгийн дөрөв дэх өдрөөс бэртлийн улмаас цааш барилдах боломжгүй болов. Тэрзүнофүжи их аваргын өвдөгний гэмтэл эргэн сэдэрсэн байна. Зүүн жигүүрийн сэкивакэ Хоошорюү С.Бямбасүрэн өнөөдөр учраагаа давж таван даваа, нэг унаатай болжээ. Маэгаширагийн зүүн жигүүрийн зургаагаас босож барилдаж буй Хокүсэйхо А.Даваанинж өнөөдөр давснаар гурван даваа, гурван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр давснаар таван даваа, нэг унаатай болсон байна.