Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч зургадугаар сарын 26-30-ны өдүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв. Жил хагасын дотор өмнөд хөршдөө хоёр дахиа айлчилсан нь хоёр улсын хоорондох өндөр түвшний айлчлалын давтамжийг нэмэгдүүлсэн, стратегийн түншлэлийг бэхжүүлсэн алхам байв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд БНХАУ-ын хоёр Ерөнхий сайдтай дараалан уулзаж, хэлэлцээ хийсэн нь 1988 оноос хойш анхны тохиолдол болсон юм. Өнгөрсөн 35 жилд БНХАУ-ын Ерөнхий сайд нар бүрэн эрхийнхээ хугацаанд манай 2-3 Ерөнхий сайдын нүүрийг үздэг, өөрөөр хэлбэл Засгийн газрууд тийм тогтворгүй байсан юм. Энэ удаа эсрэгээрээ БНХАУ-ын төр засгийн удирдлагууд солигдож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуучин, шинэ удирдлагуудын аль алинтай нь уулзаж, хэлэлцэ хийв. Энэ нь Монгол Улсын Засгийн газар тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа, бодлого, үйл ажиллагаа нь урт хугацаанд хэлбэрэлтгүй хэрэгжиж байна гэдэг эерэг сэтгэгдлийг өмнөд хөршийнхөндөө төрүүлсэн болов уу.
Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал эдийн засаг, улс төрийн өгөөжөөс гадна Монгол Улс гадаад бодлогын тэнцвэрт байдлаа хадгалж байгаагаа баталсан үйл явдал болов. Ажлын таван өдөр үргэлжилсэн айлчлалын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын хамтын ажиллагааны шинэ хуудсыг эргүүлж, гацаанд орсон томоохон төслүүдийг урагшлуулж, төрийн хэмжээнд шийдвэрлэлээ. Ялангуяа хоёр орны төмөр зам, боомтыг холбож, эдийн засаг худалдаа, хөрөнгө оруулалт, эрчим хүч, ногоон хөгжил, авлигатай тэмцэх болон бусад салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүллээ. Монгол, Хятад хоёр улс стратегийн түншлэлийн харилцаатай. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ удаагийн айлчлал стратегийн түншлэлийг улам бэхжүүлж гадаад харилцаанд шинэ сэргэлт авчирлаа гэж дүгнэж болно.
Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах амбицаа олон улсад харуулсныг дурдах нь зүйтэй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээр хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид тус тус бараалхсан юм.
Уулзалтын үеэр талууд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр санал солилцож, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан билээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзахдаа “Манай хоёр улс бол уул усаар холбогдсон хөрш. Урт хугацааны, сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцнэ. Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилдаг, Монгол Улсын итгэж, найдаж болох түнш юм. Найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд ахиулахад бэлэн байна” хэмээгээд үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард түмний бие даан сонгосон хөгжлийн замыг хүндэтгэхээ илэрхийллээ. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжин хотноо зохион байгуулсан Монгол-Хятадын бизнесийн форум, Монголд зочлох жилийн арга хэмжээнд оролцож, Хятадын томоохон аж ахуйн нэгжийн төлөөллүүдтэй ажил хэргийн уулзалт хийсэн болон Тяньжин, Нинбо хотод ажилласан айлчлалын үр дүнгээс тоймлон хүргэж байна.
Гацаанд орсон төслүүдийг урагшлуулав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Ардын их хурлын ордонд албан ёсны хэлэлцээр хийхдээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон жил дамнасан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэхийг эрмэлзэж, хамтын ажиллагаагаа эрчимжүүллээ. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах, Монголбанк болон Хятадын Ардын банкны своп гэрээг сунгах асуудлыг хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэсэн юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопөн нар хоёр улсын тээврийн салбарыг хөхиүлэн дэмжиж, харилцан уялдаатай, хөнгөвчилсөн нөхцөлөөр тээвэрлэлт гүйцэтгэх, тээврийн төрлүүдийн уялдаа холбоог хангах, хоёр улсын тээвэрлэгч нарт гуравдагч улс руу болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх шинэ боломж бүрдүүлсэн хэлэлцээрийг үзэглэлээ. Хоёр улсын эдийн засгийн харилцааны голлох салбар болох тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр гадаад худалдааны суурийг бэхжүүлж, олон төрөлт тээврийн гарцыг бий болгох ач холбогдолтой.
“Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай нэмэлт хэлэлцээр”-т Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын Худалдааны сайд Ванг Вентао нар гарын үсэг зурсан.Улмаар говийн мазаалайг хамгаалахад чиглэсэн судалгааг илүү өргөн хүрээтэй, цогц байдлаар хийх боломж бүрдлээ. Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, БНХАУ-ын Төрийн өмчийн хяналт, зохицуулалтын хорооны дарга Жан Юйзуо нар Төрийн өмчит компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хэрэгжилт, технологийн инновац зэрэг чиглэлээр туршлага солилцох, төрийн өмчит компаниудын хооронд олон салбарт харилцан ашигтай, бодитой хамтын ажиллагааг өрнүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны баримт бичгийг баталсан. Хоёр улсын Гаалийн ерөнхий газар хоорондын уг баримт бичгүүд нь энэ салбарын өмнөх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, тэр дундаа мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын үйл ажиллагааг харилцан уялдаатай, хөнгөлөлттэй бөгөөд шуурхай, олон улсын стандартад нийцсэн нөхцөлөөр явуулах эрх зүйн үндсийг бий болгосон протоколд Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын дарга Юй Жяньхуа нар гарын үсэг зурсан юм.
Эрчим хүчний төслүүдэд ахиц гарлаа
БНХАУ-ын хөгжлийг шинжээчид SASAC буюу Төрийн Зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороотой холбон тайлбарладаг. Энэхүү байгууллага нь эрчим хүч, дэд бүтэц, ашигт малтмал, иргэний агаарын тээвэр зэрэг стратегийн ач холбогдолтой санхүүгийн бус салбар дахь Хятадын төрийн өмчит 97 компанид хяналт тавьж байна. 2021 оны байдлаар компаниудын нийт хөрөнгө 194 их наяд юань, хувьцааны үнэлгээ нь 65 их наяд юаньд хүрч дэлхийн хамгийн том эдийн засгийн нэгж болжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийсэн хэлэлцээрийн үеэр Төрийн өмч ба төрийн өмчит аж ахуйн нэгжийн салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Төрийн өмчийн хяналт, зохицуулах хороо хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Улмаар хоёр улсын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бүх талаар эрчимжүүлэхээр тохиролцсон билээ. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Эрчим хүчний барилгын корпорац (Power China)-ын ТУЗ-ийн дарга Дин Яньжян, Газрын тосны үндэсний корпорац (CNPC)-ын ТУЗ-ийн дарга Дай Хоулян, Хойд үйлдвэрлэлийн компани (Norinko)-ийн Намын хорооны нарийн бичгийн дарга Ян Шяочин нарыг хүлээн авч уулзсан. “Power China” бол эрчим хүч үйлдвэрлэл, усан цахилгаан станц, сэргээгдэх эрчим хүч, газрын тос, хийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 130 улстай хамтын ажиллагаатай Хятадын Эрчим хүчний барилгын корпорац юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус корпорацын ТУЗ-ийн дарга Дин Яньжянтай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт түшиглэн цахилгаан эрчим хүчний төслүүд хамтран хэрэгжүүлэх, БНХАУ-ын технологи, инновацыг нэвтрүүлэх, Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэхээр тохиролцлоо.
Харин Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC)-ын ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай газрын тосны салбарын олборлолт, ашиглалтын тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, дизель болон евро стандартын түлш шатахууныг Монголын зах зээлд нийлүүлэх, ОХУ-аас Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д Байгалийн хийн хоолой дамжуулах төслийг урагшлуулах чиглэлд хамтран ажиллахаар санал солилцсон юм. CNPC бол дэлхийн газрын тосны гурав дахь том компани бөгөөд газрын тос, байгалийн хийн бизнес, инженер техникийн үйлчилгээ, нефтийн инженерийн барилга байгууламж, нефтийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, санхүүгийн үйлчилгээ, шинэ эрчим хүчний хөгжил чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Хойд үйлдвэрлэлийн компани (Norinko)-ийн намын хорооны нарийн бичгийн дарга Ян Шяочин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрс баяжуулах үйлдвэр, Нефть боловсруулах үйлдвэрийн газрын тосны дамжуулах хоолойн төслийн талаар санал солилцож, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон юм. “Norinko” компани хилийн чанадад газрын тос, ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 130 гаруй улстай гадаад худалдаа эрхэлж, үндэстэн дамнасан индексээр улсдаа тэргүүлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хийх албан ёсны хэлэлцээрийн өмнө “Чайна энержи” группийн удирдлагуудтай уулзалт хийж, олон жил дамнасан бүтээн байгуулалтын төслийн талаар санал солилцож, зарчмын тохиролцоонд хүрсэн нь онцлог байлаа.
Талууд Гацаанд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг энэ жил эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцсон.Тус группийн ТУЗ-ийн дарга Лю Гүөюэ Монгол Улстай урт хугацааны тогтвортой хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгсэн.“Чайна энержи хөрөнгө оруулалтын групп” бол БНХАУ-ын нүүрс, эрчим хүч, тээвэр, химийн үйлдвэр зэрэг салбарын цогц үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит эрчим хүчний гол аж ахуйн нэгж юм.Дэлхийн хамгийн том нүүрс үйлдвэрлэгч бөгөөд дулааны, салхины эрчим хүч үйлдвэрлэгч, нүүрснээс нефть гарган авах нүүрс-химийн компани юм. Тус компанийг “Гуодянь” корпорац, “Шэнхуа” ХХК-ийг нэгтгэн 2017 онд байгуулжээ. “Чайна энержи” бол төрийн өмчит компанийн хамтарсан өөрчлөн байгуулалт, төрийн өмчит хөрөнгө оруулалтын компанийн шинэчлэл, дэлхийн нэгдүгээр зэрэглэлийн аж ахуйн нэгж, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах гэсэн дөрвөн туршилтыг үлгэрлэн хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж юм. Энэхүү групп нь 2022 онд дэлхийн топ 500 аж ахуйн нэгжийн 85 дугаар байрт эрэмбэлэгджээ.
Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш
Монгол Улсын Засгийн газар “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хөрөнгө оруулалтын орчныг шинэ түвшинд хүргэх, эрх зүйн болон институтийн шинэчлэлийг хийж байна.Монголд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай 7500 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Манай улс хөрөнгө оруулалтын бодлогоо нарийн тодорхойлж, тогтвортой, тууштай байж, Эдийн засаг, хөгжлийн яам болон тус яамны дэргэд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулж, хөрөнгө оруулагчдад тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаарх мэдээллийг тогтмол хүлээн авах, хөрөнгө оруулагчаас гаргасан гомдлыг цахим хэлбэрээр бүртгэх, шийдвэрлэх тогтолцоог бий болгосноо Ерөнхий сайд тэмдэглээд эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллахаа хөрөнгө оруулагчдад илэрхийллээ.
Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэлийн хөрөнгө оруулалт 600 сая ам.доллар буюу гурван тэрбум юаниар хэмжигдэж байсан. Харин хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэснээр 2.8 тэрбум ам.доллар буюу 20 тэрбум юаньд хүрчээ. Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн зүүн босоо тэнхлэгийн төмөр замын хөрөнгө оруулалт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн санхүүжилтийн хэлэлцээрийг бүрэн шийдвэрлэсэн нь харилцан итгэлцлийн бодит илэрхийлэл байлаа.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тяньжин хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы нээлтэд оролцож, Давосын эдийн засгийн форумыг санаачлагч Клаус Швабтай уулзсан. Цар тахлын дараах эдийн засгийн тогтвортой хөгжил, өсөлтийг хангахад, геополитикийн шинэ нөхцөл байдлаас үүссэн сорилтуудыг хамтын хүчээр даван туулахад Дэлхийн эдийн засгийн форум чухал үүрэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлон дурдсан юм. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн төрөлжилт, далайд гарцгүй орнуудад тулгарч буй асуудал, авлигын эсрэг олон улсын хамтын ажиллагааны талаар ярилцсан билээ.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөшигийн хөндийн эдийн засгийн бүс, шинэ хот, суурьшлын бүс байгуулах сонирхолтой байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “2020-2040 он хүртэлх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэхдээ БНХАУ-ын “Пан Чайна” групптэй хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэсэн юм.“Пан Чайна” групп Улаанбаатар хотын түгжрэлийг сааруулахад хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Соёл, эрүүл мэнд, аялал жуулчлал, худалдааны логистик, хөдөө аж ахуй зэрэг тэргүүлэх таван салбарын цөмд суурилсан тус групп нь хотуудад хөрөнгө оруулалт татах, аж үйлдвэрийн кластер байгуулах, хот төлөвлөлтөөр улсдаа төдийгүй дэлхийд шинэлэг инновацыг нэвтрүүлж буй компани юм.