Monday, November 25, 2024

Тусгаар тогтнолын тунхаг Төрийн далбааны өдөр

Date:

Төрийн далбаа бол улс орны тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын бэлгэ тэмдэг. Тиймээс дэлхийн бүх  улс орон төрийн далбаагаа онцгойлон дээдэлдэг. Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх тусгай өдөртэй байдаг. Ийм өдрийг тухайн улсын парламент эсвэл Ерөнхийлөгч нь баталсан, мөн Үндсэн хуульдаа тусгасан байх нь ч бий. Зарим улс төрийн далбааны өдрийг жилд хэд хэдэн удаа тэмдэглэдэг байна. Тухайлбал, ХБНГУ-д нэгдүгээр сарын 27, тавдугаар сарын нэгэн, есөн, 23, зургадугаар сарын 17, долдугаар сарын 20, аравдугаар сарын гурван гэх мэтээр тусгаар тогтнолын баяр, үндэсний хэмжээний баатарлаг, эмгэнэлт үйл явдлуудыг дурсах тэмдэглэлт өдрүүдэд жилд найман удаа төрийн далбаагаа албан ёсоор мандуулж хүндэтгэл үзүүлэхээр хуульчилсан байдаг аж. Өмнөд хөрш БНХАУ аравдугаар сарын нэгэнд БНХАУ байгуулагдсан өдрөөр төрийн далбаагаа мандуулдаг бол ОХУ наймдугаар сарын 22-нд ЗХУ задран унаж орчин үеийн ОХУ байгуулагдсан өдрөөр төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг байна. Харин Абхазад долдугаар сарын 23, Албанид арваннэгдүгээр сарын 28, Австралид есдүгээр сарын гурванд Канадад наймдугаар сарын 15, АНУ-д зургадугаар сарын 14, Италид нэгдүгээр сарын долоонд, Энэтхэгт арванхоёрдугаар сарын долоонд, Европын холбооны улсууд тавдугаар сарын есөнд тус тус төрийн далбааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ.

Өнөөдөр 2023 оны долдугаар сарын 10. Монголчууд бид өнөөдөр төрийн далбааны өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 2009 оны нэгдүгээр сард Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, төрт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нарын гишүүд Төрийн далбааны өдрийг хуульчлах саналыг УИХ-д өргөн барьж, мөн оныхоо зургадугаар сард батлуулж байв. Ингээд 2009 оны долдугаар сарын 10-нд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 88 жилийн ойн өмнөх өдөр анх удаа Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэсэн түүхтэй. Дараа жил нь буюу 2010 оноос төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж цэргийн хүндэтгэлийн жагсаал хийдэг уламжлал тогтсон юм. Энэ нь төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлж цэргийн парад зохион байгуулдаг дэлхий дахины жишигт нийцүүлсэн хэрэг байв.

Төрийн далбааны “төрсөн өдөр” долдугаар сарын 10

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2009 оны тавдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн  Ж.Сүхбаатар “Монголчууд бид төрийн далбаандаа их хүндэтгэлтэй ханддаг. Бусад улс орнууд хуулиараа, Ерөнхийлөгчийн засаглалтай улсууд бол Ерөнхийлөгчийнхөө зарлигаар төрийн далбааны өдрийг товлож тогтоогоод, хүндэтгэл үзүүлдэг. Төрийн далбаагаараа дамжуулж төрт ёс, түүхэн уламжлалаа сурталчилж, өвлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Төрийн далбааг баталсан өдөр юм уу, үндэсний баярын өдөр, түүхэн бусад явдлууд болсон өдрийг сонгож төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг. Монголчууд төрийн далбааны өдөргүй явж болохгүй юм гэж үзээд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдрийн хүрээнд, долдугаар сарын 10-ны өдрийг сонгож байгаа. Энэ бол төрийн далбааны анхны загварыг баталсан өдөр юм” хэмээн танилцуулж байжээ. Ташрамд сонирхуулахад Төрийн далбааны өдөртэй болох тухай энэхүү хуулийн төсөл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд төрийн түшээгээр сонгогдоод боловсруулсан анхны хуулийн төсөл нь байжээ.

Монгол Улсын төрийн далбааны түүх

Монголын анхны төрт улс Хүннү гүрний туг далбааны талаар баттай баримт мэдээлэл олдоогүй. Харин хүннүчүүдийн сүлд нь нар, сар байсан ажээ. Энэ бэлгэдлийг монголчууд уламжлан авч хэрэглэсээр өнөөг хүрсэн юм. 1206 онд Их Монгол Улс байгуулагдахад төрийн далбаандаа мөнх тэнгэрийн хөх өнгийн дэвсгэр дээр цагаан шонхор шувууг дүрсэлсэн байжээ. Хожим 1250-аад оны үед хөх дэвсгэр дээр цагаанаар наран, саран, гал гурвыг дүрслэгн мөнхөлсөн байна. Монголын их Юань гүрнээс эхлээд XVIII зууны дунд үе хүртэл монголчуудын дунд төрийн далбаа нь энэ хэвээр байсан аж. Наад зах нь 2000 жилийн түүхтэй өвлөгдөн ирсэн нар, сар нь одоог хүртэл Монгол төрийн далбааны соёмбын оройд залаастай байдаг билээ.

Хөвсгөл аймаг, Улаан уул сум. Хориг уулын монгол булшны олдвор. XIII-XIV зуун

Богд хаант Монгол Улсын далбаа 1911 он

1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа Монгол Улсын төрийн далбааг бүтээх тухай баримт бичигт өгүүлэхдээ “Олон улсын дор цөм өөр өөрийн далбаа буй, бидний Монгол болбоос өөрөө эзэрхэг эрх хэмжээ бүхнийг илэрхийлбэл зохимой” хэмээн тунхаглаж байжээ. Ийнхүү тусгаар тогтнолтойгоо хамт туг, сүлдээ сэргээн залсан ажгуу.  Богд хаант Монгол Улсын төрийн далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гурав, нэгийн харьцаатай хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байх ба хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй цацарган цэцэг бүхий соёмбо сүлд “Э”, “БАС” тусгай мөргөлийн ном (Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзан) бичсэн дэвсгэр үсгийг тусгай мөргөлийн ном бичсэн дэвсгэр дээр урлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд “Ум”, дундад “Аа”, доодод “Хум” хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ. Энэхүү төрийн далбааг мандуулах өдрийг тогтоон, жил бүрийн Цагаан сарын шинийн нэгнээс найман хүртэл хийсгэх, мөн Майдар залах, өвлийн бат оршил өргөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Бас Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг төр, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байв.

БНМАУ-ын төрийн далбаа 1924-1940 он

1924 онд батлагдсан Улсын Анхдугаар Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд БНМАУ-ын төрийн далбааг тодорхойлж бичихдээ “Улсын туг, далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино” хэмээжээ.

БНМАУ-ын төрийн далбаа 1940-1945 он

1940 онд БНМАУ-ын 8 дугаар Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд “БНМАУ-ын туг нь 1:2 хэмжээний улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд уул тугийн төвд улсын сүлд тэмдэг байх ба түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна” гэж заасан байна. Үндсэн хуулийн заалтаар урьдах улсын тугийн хэмжээ нь дөв дөрвөлжин байсныг өөрчилж, тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэ зүйл юм. Мөн Үндсэн хуулийн энэ заалтад улсын нэрийг нэмэн хийх болсон нь шинээр нэмэгдсэн болно. Гэхдээ 1924-1940 оны хооронд байсан БНМАУ-ын төрийн туг далбаанд улсын нэр байсан байж магадгүй байна.

БНМАУ-ын далбаа 1945-1992 он

1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Х.Чойбалсан Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглээд “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг тусгайлан яаралтай хэлэлцүүлжээ. Тус хурлаар БНМАУ-ын далбааны маяг, найруулгыг батлан тогтоохдоо: “БНМАУ-ын далбаа нь 2:1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Үүнээс өмнө Үндсэн хуульд гол төлөв БНМАУ-ын туг далбаа хэмээн бичиж ирсэн бөгөөд энэ үеэс хойш БНМАУ-ын төрийн далбаа хэмээх болов. Энэ далбааны эхийг БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, УГЗ Д.Чойдог зохиосон байна. Энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал хэмээн Х.Чойбалсан тодорхойлжээ.

Улмаар 1949 онд Үндсэн хуульд нэмэлт орсноор улсын далбааны талаарх заалт дараах байдалтай болжээ: “Зуун зургадугаар зүйл. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын далбааг улаан ба цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд уг далбааг гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь тэнгэрийн хөх цэнхэр өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан шар өнгийн таван хошуу, түүний дор мөн алтан шар өнгийн Соёмбо тэмдэг, бадамлянхуа цэцэггүйгээр байна. Далбааны өргөн урт хоёр нь 1:2-ын харьцаатай байна”.

1960 оны Үндсэн хуулийн Ерэн нэгдүгээр зүйлд улсын далбааны талаар заахдаа: “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улсын сүлдийг үндэслэн хийнэ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн далбааг улаан, цэнхэр өнгийн эдээр үйлдэх бөгөөд тэгэхдээ гурав хуваасны нэгийн хэмжээтэй, дунд тал нь цэнхэр огторгуйн өнгөтэй байх ба түүний хоёр хажуу тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дээд хэсэгт алтан таван хушуу, түүний доор мөн алтан соёмбо үсэг байна. Далбааны өргөн урт хоёр нэгийн харьцах хоёрын харьцаатай байна” хэмээжээ.

Монгол Улсын Төрийн далбаа 1992 оноос

1992 онд ардчилсан Үндсэн хууль батлагдсанаар Улсын өнөөгийн төрийн далбааг тусгаар тогтнол, бүрэн эрх байдлын бэлгэ тэмдэг болгон хуульчилсан юм. Монгол Улсын Үндсэн хуульд төрийн далбааны талаар доорх заалтууд багтсан байдаг.

12.1 Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

12.2 Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

12.5 Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна гэж заажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...