Манайхны зарим нь Хятад дахь монголчуудыг сайн ялгаж салгахгүй, нийтэд нь “Өвөр Монгол” гэж эндүүрэх нь бий. Өвөр Монголчууд, Шинжааны Монголчууд, Хөх нуурын Монголчууд үүх түүх, яс үндсээрээ ялгаатай, хоорондоо хэдэн зуугаас хэдэн мянган км алслагдсан нутагт салгуу аж төрдөг. Хөхнуурын монголчуудын олонх нь Ойрадын Төрбайх гүүш хааны удам хошууд ястан, цөөнх нь халхын Цогт хунтайжийн хойчис, цөөн тооны торгууд бас бий. Тэд Хөхнуур, Төвөдийн өндөрлөгт аж төрдөг учраас Дээд Монгол гэгдэх болжээ.
Уран бүтээлийн Цэгц аравт нэгдлийн уран бүтээлч Б.Бүргэдийг манай уран зохиолын хүрээнийхэн сайн мэднэ. Тэр бол үнэхээр сонин хувь тавилантай, ховорхон билэг авьяастай эр. Өвөг дээдсийнх нь хувь заяа нэг талаар ХХ зууны ороо бусгаа түүхийн гэрч, нөгөө талаар Б.Бүргэд бол түүхийн давалгаанд шидэгдэж морь буусан шагай.
Элэнц эцэг нь 1917 оны хувьсгалын үеэр Байгаль нуурын ойр орчмоос өнөөгийн Хэнтий аймгийн Дадал суманд нүүж ирсэн хорь буриад хүн. Өвөг эцэг Лхасүрэн нь эгчтэйгээ хоёул өнчирч үлдээд 1930-аад онд 9 настайдаа ойр төрлийн хамаатнуудаа даган Хөх нуурт очиж суурьшсан гэдэг. Лхасүрэн гуай өсөж том болоод Дээд Монголын хошууд бүсгүйтэй гэр бүл болж, хүүгээ (Б.Бүргэдийн аав) нутгийнхаа голын нэрээр Балж хэмээн нэрийджээ.
Л.Балж гуай хүүдээ эрдэм ном, тэсвэр хатуужил хоёрыг уйгагүй сургаж, уугуул нутаг руугаа дөрөөнд нь сүү дусааж явуулсан бөгөөд Б.Бүргэд Улаанбаатарт хориод жил аж төрж, багагүй бэрхшээлийг даван туулсны эцэст гэр бүлээрээ Монгол улсын иргэн болсон юм.
Хорь буриадын
Хосгүй тавилант
Дээд Монголын
Дэндүү авьяаст хөвгүүн Б.Бүргэд бол судлаач, яруу найрагч хүн. 2009 онд “Би орших үгүй”, 2013 онд “Хязгааргүй мөрөөдөл”, 2022 онд “Аравт” хэмээх шүлгийн түүвэр хэвлүүлсэн. Түүнийг уран зохиол, эрдэм судлалын талбарт эрийн цээнд хүргэсэн хүн нь Монгол улсын ардын багш, доктор профессор Л.Дашням ах.
Үүрнээсээ холдоогүй цагцгай байхаас
Өд сөдийг минь ургуулж
Өндөрт тэнгэрт нисгэсэн
Өвгөн багшдаа мөргөмү
Зохиолч, яруу найрагчид бичиж туурвих үйлсээ авьяастай төрсний ял буюу шагнал, үүрэг, хобби, амьдрах арга, мөнгө олох хэрэгсэл, алдар хүндийн улаач, эсвэл амьдралынхаа утга учир хэмээн янз бүрээр ойлгож, тодорхойлдог. Персийн аугаа их яруу найрагч Омар Хайямын хувьд рубай шүлэг бичих нь зугаа төдий байсан гэдэг. Шүлгийг зугаа гэж үзсэнээрээ Омар муу найрагч байсангүй. Бүтээж туурвих үйлсээ амьдралынхаа цор ганц утга учир гэж үзлээ ч тэглээ гээд суут зохиолч болчихгүй. Олон хүн залуу насныхаа гал дөлөөр шүлэг зохиол оролдож байгаад аж амьдралын зэрэглээнд уусан алдардаг.
Харин Б.Бүргэд бол “эсгэгдсэн элэг шиг яруу найргийн” төлөө энэ амьдралаа зольж яваагаа эрхэм дээд хувь тавилан хэмээн эргэлзэлгүй итгэгч юм билээ. Ийн хэлж буй учир нь түүний удахгүй хэвлэгдэх “Хуучин танил” түүврийг уншаад төрсөн бодол юм. Бүргэдийн шүлгийг унших тусам түүнтэй зүрх сэтгэлийнх нь нарийн нандин бүхнийг уудлан хуучилж суух мэт санагдна.
-Та Монгол улсын иргэн ч гэлээ Дээд Монголд төрж өссөн хүн, төрсөн нутаг усаа их санадаг уу?
-Саналгүй яах вэ, нутаг ус, бага нас, ижий аавыгаа их санадаг.
Чулуу чөдөрлөж тоглосон бага насаа
Эргэцүүлж нэг бодно
Царгил өндөр нутгийн салхинд
Ижий минь бууралтаж суугаа гэхлээр
Зүрх минь дугтарна…
-Таныг их сэтгэлийн тэнхээтэй хүн гэлцдэг. Эхнэртэйгээ Улаанбаатарын гудамжинд нэг биш удаа хоног төөрүүлж явсан гэдэг. Зовлон бэрхшээлийг яаж даван туулдаг вэ?
-Хүн гэдэг сэтгэлийн амьтан, хүчтэй итгэлийн дэргэд хэр баргийн зовлон өчүүхэн. “Бүх юм түр зуурынх” гэж боддог. Сэтгэл санаа хэцүүхэн байсан үеэ өнгөрсөн хойно нь эргээд харахад ялимгүй санагддаг шүү дээ.
Ургаж буй наранд
Түрүүчийн шөнө бүдгэрээд л…
…
Өөрийгөө тэргэл сар шиг
Өргөж явахад
Сэтгэлийн цонх
Итгэлийн галтай
Өнчрөхгүй юм шиг хорвоод
Бардам явахад
Өвлийн гурван ес
Зуны нартай…
-Тэгвэл танд шантрах үе байсан уу?
-Байсан байсан, “Эгнэгт дасахгүй юм шиг тавиланд Эрдэнийн чандмань гурван үрээ” эрийн цээнд хүргэх ёстой эцэг хүн шүү би гэж бодоод босож ирсэн.
Тулгуур нь даахгүй нурсан барилга шиг
Сэтгэлийн минь тамир хугарахад
Тулж босохдоо барьц алдан…
…
Харамгүй нинжин сэтгэлийн минь гүнд
Үр минь буй…
…
Эцэг хүн шүү гэж
Өөрийгөө чангалахад
Уулын арын цастай жавар
Хацрыг минь хайрах юм…
…
Зүрхийг сэмлэж
Дуусгасан үгс
Салхи даган холдож
Зөн мэдрэхүйн
Цагаан сар
Харанхуйг туучин бүдчинэ…
-Та юугаар бахархдаг вэ?
-Өвөг дээдсээрээ бахархдаг, тэдний үргэлжлэл гэдгээрээ бахархдаг.
Би
Дэргэж яваа сүргийн тоосноос
Эргэж хуйларсан салхи
Дэвж яваа шувуудын өднөөс
Сугарч хоцорсон үүлс
…
Миний дээдэс
Өс хонзонгийн хар сүүдрээс
Нууж төрүүлсэн үрсээ
Уулсын өндөр
Салхины хурд
Овооны сүрд даатгаж
Өлзий зангидсан бодолдоо
Тэргэл сарны амгаланг
Тээж залбирсан юм
Амгалангийн нууцад өлгийдүүлсэн
Арвайн түрүү шиг хүүхдүүд нь
Хүмүүн заяаны хясланг умартаж
Хонины хоргол шиг сэмэрч үсчихдээ
Хөрөөний ир шиг тавилан
Зэлнийх нь дэрийг хяргаж
Унаганых нь чагтага алдуурсан ч
Улс байгуулахаа мартаагүй
-Тэгвэл таны хувьд юу хамгийн агуу вэ?
-Хүний сэтгэл шиг агуу юмыг би мэдэхгүй. Болгоно бүтээнэ гэж зориглоход болохгүй, бүтэхгүй юм гэж үгүй.
Бороон дундуур норохоо мэдэхгүй алхахад
Бодол ямар хязгааргүй юм бэ
Богинохон амьдралыг бүтээнэ гэж тэмүүлэхэд
Сэтгэл ямар агуу юм бэ
-Та их өөдрөг хүн юм, тань шиг хүнд хорвоо их зөөлөн байх нь ээ?
-Зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу. Өвдөх үхэх үгүйрэхэд, ялангуяа нялх балчир амьтныг зовлон дайрахад хатуу шүү дээ хорвоо.
Ширэн нүүртэй хорвоог
Цоо ширтсэн загасны нүд
Зүрхний минь гуниг дээр тогтоно…
-Таны амьдралын зорилго юу вэ?
-Олон зорилго бий, түүнээс хамгийн чухал нь сайн бүтээл туурвих.
Эсгэгдсэн элэг шиг
Яруу найргийг би
Зүрхнийхээ судсаар
Хөвөрдөж бичдэг…
…
Агаар ус нь тэнцсэн
Ганц шүлэг биччихээд
Газрын чулууг дэрлэн
Тэнгэрийн хаалгыг тогших юм сан…
-Тэгвэл та үхлийг юу гэж боддог вэ?
-Ямартай ч төгсгөл биш, амар амгалангийн эхлэл, бясалгал юм даа.
Цаг тооны хүрдэнд дуусахаа мэдэрч
Айдсыг би яллаа
Ямагт цэлмэг хөх тэнгэр шиг бодчихоод
Бодлоо залгиж бясалгалд живнэ би…
…
Туучиж яваа он жилүүд минь
Дээлийн минь өнгө шиг
Гандаагүй
Торгоны ар шиг бодол минь
Намайг элээсэн
…
Гоо сайхан гэдэг
Ертөнцийн толинд бууралтана
Намрын өнгө шиг сэтгэл минь
Зүрхнийхээ зарлигийг хүлээнэ…
…
Цагийн хүрдийг бодолдоо өлгийдөж
Намтраа бичихэд
Салхины аясаар навчис бүжих нь
Амьдралыг зурах мэт…
-Та аав ээжийнхээ тухай их бичих юм, тэр юуных вэ?
-Тийм ээ, он цаг улирах тусам муу ижий аавыгаа улам их бодох юм. Насных юм байлгүй дээ.
Хүү нь таныгаа даарч байгааг мэдэж байна
Хөлдөөгүй зүрхнийхээ галаар
Хөлийг чинь очиж хучина…
…
Уулсын сүүдэрт
Жиндэж зогсохдоо
Аавынхаа үнэрийг санах юм
Улирч буй он жилүүдтэй
Өвгөн хүн шиг дасал болох юм
…
Зүсэм зүсмээр
Зүрхийг минь эсгэх амьдралд
Элгээ хатааж
Аавыгаа л их санах юм
.
-Өнөөгийн нийгэм, хүмүүсийн зан чанар ямар санагддаг вэ?
-Би Монголын ирээдүйг өөдрөгөөр хардаг. Залуус улам ёс суртахуунтай болж байна. Сошиал ертөнцөд хэн нэгний алдаа, ялангуяа залуу хүний тэнэглэлийг дэврээж бах таваа хангах л муухай санагддаг. Хэн нэгнийг сайн муугаар хэлэхдээ тэдний сэтгэл зүрх рүү өнгийж, зовлон жаргалыг нь бодолцдог байх хэрэгтэй.
Сэтгэл хэчнээн гүн байдгийг
Хүмүүс ер мэдэхгүй
Яагаад гэвэл тэд
Шагайж харахыг ч хүсдэггүй…
-Тэгвэл та залууст юу захих вэ?
-Алхаж гишгэж буй амьд ертөнц, эх болсон байгаль дэлхийгээ улам их хайрлаарай гэж захья даа.
Өвсний толгойг хяруу
Сондор шиг чимнэ…
Өлмий доор дэлхий
Судас шиг лугшина…