Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр 16 дахь “Өглөөний уулзалт”-аараа Монголын архитекторын эвлэлийн гишүүд болон хот төлөвлөгч нарын төлөөлөлтэй уулзлаа. Тэрбээр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”, үйл ажиллагааг танилцуулж, өнгөрсөн хугацаанд нийслэлийн газар олголт, хот төлөвлөлтийн бодлого гажуудсан, авлигажсан шалтгаан болон бусад тулгамдсан асуудал, үүнийг засах шийдлүүдийн талаар санал солилцлоо.
“Ньюурбанизм” ХХК захирал, архитектор З.Туяа:
-Социалист төвлөрсөн төлөвлөгөөнөөс шилжихдээ л өнөөдрийн бүх алдаа, завхрал эхэлсэн. Хот, хөдөөгийн ялгаа заагийг бид одоо бүрэн ойлгох цаг болсон. Улаанбаатар хотын тухайд төлөвлөлтийг түрүүлж биш, араас нь хийж хоцорч алхаад байгаа. Хууль байгаад ч зохицуулж чадахгүй гажуудаж байна. Есөн давхар барилга барих газар дээр 24 давхар бариад явж байна.
Архитектор Ц.Баярхүү:
Монголын төр 30 жил архитекторуудаа сонсохгүй явж ирсэн нь үнэн. Энэ удаа би үнэхээр талархаж байна. Ер нь бол 90 оноос хойш дарга нар, цүнх баригч нар л Улаанбаатар хотын бүх төлөвлөлтийг хийсэн. Үр дүнг нь өнөөдөр бид харж байна. Үүнийг заавал засах шаардлагатай. Хугацаа их орно. Гэхдээ засахгүй бол асуудал улам л хүндэрнэ.
Архитектор Г.Мягмар:
Манай улсад төрөөс баримталж буй хот байгуулалтын нэгдсэн бодлого алга. Иргэд улс даяар тархан суурьшиж, аз жаргалтай, ажлын байртай амьдрах бодлого алдагдсанаас эмх замбараагүй байна. Бодлогын баримт бичгийг яаралтай дуусгаад эрэмбэ дараатай, цэгцтэй, төлөвлөлттэй явмаар байна.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн эрхлэгч Г.Цовоодаваа
Ногоон барилгын төслүүд гадныхан олон хийж байна. Үүн дээр манайх оролцоо муу. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн чиг хандлагад эко төслүүд тусгагдсан ч эрчим хүчний үр ашиггүй олон барилга байна.