“Монголын их утга зохиол, ялангуяа яруу найраг Норовын Гантулга дүүгийн маань цээжинд байгаа” хэмээн Арлааны Эрдэнэ-Очир найрагч нэгэн ярилцлагадаа хэлж байв. Монголын утга зохиолыг, түүнийг бүтээгч бурхад, уран үгсийн сүмбэр, зүмбэр оргил болсон авьяас билигт зохиолчдынх нь намтар түүх, хууч яриаг цээжиндээ баринтагласан тэр эрхэм найрагч ийнхүү хэлнэ гэдэг том үнэлгээ. Бас итгэл, бахархал юм. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга үнэхээр Монголын яруу найргийн амьд архив. Бараг бүх яруу найрагчийн шүлгүүдийг цээжээр дуудна. Намтар түүхийг нь дотно халуунаар дурсан ярина. Норовын Гантулга маань энэ л халуун дулаан сэтгэл, оргилуун гэгээн онгодоороо нэгэн шинэ ном бүтээн, баринтгыг нь задлан барив. “Яруу найрагчийн ижий” хэмээх энэ номдоо Монголын яруу найргийн хөх сүмбэр оргилууд болсон алдарт найрагчдын ижий нарын тухай өгүүлжээ. Ном хэвлэх амархан, зохиолч гэгдэх хялбархан болчихсон, ном хэмээх эрдэнийн үнэ цэн буурсан мэт санагдах энэ цаг үед уран үгийн бурхдыг тээж төрүүлж, сурган хүмүүжүүлсэн сайхан монгол ээжүүдийн тухай сүү, хайр ивэлгэн бичсэн шүншигтэй судар уншигчдын гарт очоод байна. Номыг нь Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Шагдарын Дулмаа багш нь ариутган шүүж, эрхшээн соёрхохдоо “Яруу найрагчийн ижий нарыг ариун гэгээн сэтгэлтэй хүн л бичнэ” хэмээн адис жанлавтай сайхан үгээр авьяаст шавьдаа урмын ташуур өгчээ. Шинэхэн номынх нь тухай Норовын Гантулга найрагчтай хөөрөлдлөө.
-“Яруу найрагчийн ижий” номыг нэг амьсгаагаар уншиж дуусгалаа. Жилийн дотор л бичсэн хөрөг, тэмдэглэлүүд юм. Уншихаар хэдэн арав, бүр зуун жилийн тэртээ рүү хөтлөөд явчих юм. Шүлгээр бол онгодоо оронгуут л асгартал бичихсэн юм шиг тийм ном санагдлаа?
-Энэ номыг бичих санаа хэрхэн төрснийг эхлээд ярья. Би яруу найрагчийн ээжийг л бичье гээд олон жил бодоод бясалгаад, дотроо шүншиглээд яваад байсан хүн биш шүү дээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэр, ажлынхаа хооронд, амралтынхаа цагаар, амьдралынхаа аяс хооронд босон суун биччихсэн. Гэхдээ сүүлийн нэг, хоёр сард нь, ялангуяа арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард, идэр ес ид гялганаж байсан тэр цаг үед би Монголын 39 яруу найрагчийн ижийн хайранд хөлбөрч хэвтлээ шүү дээ. Өнгөрсөн өвөл ч гойд хүйтэн байлаа. Тэр үед над шиг халуу дүүгэсэн хайранд хөлбөрсөн хүн ховор байх гэж бодохоор, миний амьдралд дараа нь бодоход жинхэнэ халуун хайр буцалсан өдрүүд болсон. Би сонин хэвлэлийн хүн гэдгийг та мэднэ. Манай сонин хэвлэлд ээжийнхээ тухай бичдэг жишиг байдаг. Өнгөрсөн 2022 оны гуравдугаар сарын наймны өдөр яг Эмэгтэйчүүдийн баярын дугаарыг би эрхэлж таарахгүй юу. “Өдрийн сонин”-д “Орчлонгийн сайхан ээж” гээд булан байдаг. Би гуравдугаар сарынхаа хуваарийг харж байгаад тэр буланд ээжийнхээ тухай жаахан юм биччихдэг юм билүү, Хөшөөтийн голд сууж байгаа саальчин ижийгээ бичье гэж бодоод байж байв. Гэтэл зүгээр л ээжээ бичих нэг хэрэг. Ерөөсөө яруу найрагчдын ижий нарыг бичье гэж бодсон.
Би Монголын их утга зохиолын бурхадын өвөр дээр хар нялхаараа эрхэлж, дураараа тарвалзаж гарч ирсэн хүн. Ийм хувь заяа олон хүнд олдоод байх уу гэж зарим үед боддог. Долгорын Нямаа ахтайгаа тэр жилийн намар төрсөн бууц Хирс таван толгойн Үүдэн бууцанд нь очоод хамт зогсож байлаа. Тэгэхэд Нямаа ах маань ижийгээ ярьж байсан. “Ижий минь намайг зул сарын ерөөлөөр төрүүлсэн гэдэг. Олон өдөр өвдсөний эцэст төрүүлж, Хос Мижидийн Цэрэндорж гэдэг хүн эх барьж авсан” гэж ярьж байсан юм. Тэгж ярьж зогсохдоо “Шанхын хэц буюу Шанхайн хэц ч гэж ярьдаг тэр сайхан хэц намрын салхинд азарган дэлээ намируулаад чи бид хоёрын өмнүүр үелзэж байна даа, Гантулга аа” гэж Нямаа ах маань уйлмаар гоё үг хэлж байсан. Бас нэг дурсамж хэлсэн. Ээжийгээ орхиод сургуульдаа очихоор гэрээсээ явахад жаахан яваад эргэж харахад хоёр нүдийг нь нулимс бүрхчихээд юу ч харагддаггүй. Нэлээд хол яваад эргээд харахад ээж маань гэрийнхээ үүдэнд байсан газраа яг хэвээрээ торойтол зогсож байдагсан гэж ярьсан. Хүүгээ сургуульд явуулчихаад байж байх эхэн үед байсгээд л санана. Гадаа дуу нь гарах шиг болоод гүйн гарахад гэрийн ойрхон хэцэн дээр бялзуухай шувуу ирж жиргэсэн байдаг сан гэж ижий нь хэлж байсан гэдэг. Ийм дурсамж ярьж байсан Нямаа ахынхаа ижийг нийтлэлдээ жаахан оруулчихъя гэж бодсон. Тэгэнгүүт “Надад бага нас байгаагүй” гээд л эхэлдэг, “Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам”, “Ижийнхээ ачийг яалаа даа”, “Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ”, “Ижийнхээ амьдад би баян байсан” гээд эхэлдэг Бавуугийн Лхагвасүрэн гуайг бодоод ижийнх нь тухай дурсамж дурдатгалаас бас жаахан оруулъя гэж бодсон. Дөнгөтийн Цоодол багштайгаа, Долгорын Цэнджав ахтай бид гурав тэр жил Бүрэнгийнх нь тэнгэр дор Монголын хөтлийн наахна байдаг Шанхайн шар талаар галгиулж явахад багш маань ижийгээ ярьж байсан. Дэнсмаа ижийнхээ тухай Цоодол багшийн маань тэр халуун дурсамж бас сэтгэлд байгаад байлаа. Сүүеэ буюу Шаравын Сүрэнжав гуай дээрээ би очиж эрхэлдэг байлаа, та мэднэ. Сүүеэ дээрээ очиход төрсөн хүү нь гэртээ ирж байгаа юм шиг, Цэндээ эгч адууны мах чаначихсан, адууны махаар бууз хийчихсэн угтана. Сүүеэ намайг хүлээгээд, “Хар сувд” гээд тэр үед ид худалдаанд гарч байсан ганц шил юм бэлдчихсэн байж байдаг. Сүүеэ маань “Миний төрсөн эцэг Шарав гэж хүн цэрэгт яваад л тэр чигээрээ ирээгүй. Аавыг хүмүүс Жонжоо Шарав гэж яриад байхаар нь жанжин Шарав гэж бодоод байсан. Тэгсэн ямар юмных нь жанжин байх вэ. Жонжоо гэдэг хоч байсан” гэж ярих. Үрээ тэврээд үлдсэн, хань нь цэрэгт явсан ч эргэж ирээгүй. Тэгээд өөр хүнтэй нийлсэн хэрнээ Сүүеэг төрсөн эцгээр нь овоглосон тэр ижийг би бодсон. Сүүеэ өөрөө “Би багаасаа шүлэг найраг гээд л ээжийгээ ер нь жаргааж чадаагүй дээ. Харин нэг л удаа баярлуулсан. Тэр бол Миний нутгийн бараа гэж би дуу бичсэн” гэдэг юм. Тэр дуунд
Сүргийн бэлчээр чимэглэсэн
Сүйхэн цагаан гэрүүд байна аа
Сүүгээ өргөөд хоцорсон
Миний ээжийн өргөө юү даа гэж бий. Авдарын цэнхэр уулс, Үнэгтийн их уулс, Цантын булгаар нутаглаж байсан тэр сайхан саальчин ижий хүүгийнхээ зохиосон энэ дууг сонсож, өөрөө бас сайхан дуулдаг байж. Ээж нь нас нэлээд ахисан үед найран дээр “Энэ хүүгийн минь надад зориулсан дуу шүү дээ” гэж бахдал дүүрэн хэлж байхыг нь Сүүеэ сонсоод нулимс унагаж байснаа ярьдаг байсан. Энэ хэдэн дурсамжийг нэгтгээд би “Яруу найрагчийн ижий” гээд нэг нүүр нийтлэл биччихгүй юү. Эхлээд өөрийнхөө ээжийн тухй бичье гэж байгаад дэлгэрүүлээд ерөөсөө энэ хэдэн найрагчийн ээжийн тухай бичсэн юм. Тэгээд гуравдугаар сард гаргасан сонин дээрх нийтлэлээ зургадугаар сарын нэгэнд Эх үрсийн баярын үеэр цахим руу оруулчихсан чинь цахим сүлжээгээр давлагаалж өгсөн. Маш олон хүнээс хувь чаатаар маань “Үгүй чи энэ яруу найрагчдын ээжүүдийг яг ингэж бичээч ээ, Гантулга аа. Чи л бичиж чадна. Ямар гэгээн тунгалаг, ямар ариухан, гоё юм бэ. Уншаад уйллаа” гээд зурвасууд ирсэн. Ингээд л би ерөөсөө үүнийгээ ном болгоё гэдэг санаа төрсөн. Ном болгоё гэнгүүт надад бас нэг санаа бууж байгаа юм. Хэнээс эхлэх вэ гэж. Тэгэнгүүт их Нацагдоржоосоо эхэлье гэж бодсон.
-Их Нацагдоржийн ижийн тухай баримт ер нь хомс доо?
-Юм гэдэг сонин. 2013 онд би “Болор цом” авсан жилээ МҮОНТ-ийн захирал байсан Ө.Нарангэрэл ах бид хоёр Ардын жүжигчин, нэрт кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн ахынд очсон. Тэгсэн Жийгээ ах “Манай эмээ ярьдаг байсан юм. Нацагдоржийн ээж сайхан Пагма бид чинь үе тэнгийн бүсгүйчүүд байсан юм. Энэ Бөөрөлжүүтийн нуурын хойшоо, хуучин Нялга, одоогийн Баянжаргалан сум, жинхэнэ боржигоны голомт байсан ус нутагт манайх чинь айл аймаг байсан. Энэ Нацагдорж бол ижийгээ дуурайсан юм аа гэж ярьдаг байсан” гэж байна. 1960-аад оны эхээр тэгж ярьсан гэж байгаа юм. 1960-аад онд анх Нацагдоржийн нэрэмжит шагнал бий болгоод, Нацагдоржийн хөшөө босгоод л, Нацагдоржийг ярьж эхэлж байсан үе шүү дээ. Тэр үед Жигжидсүрэн найруулагчийн эмээ нь Дуламханд гэж хөгшин “Нацагдоржийн тунгалаг хар нүд, нимгэн цагаан царай энэ бүгд ерөөсөө манай Пагма дүрээрээ шүү дээ. Тэгээд үеийн бид “Пагма явж явж энэ Дашдоржтой суучихдаг нь юу ч вэ дээ” гэж жиг жуг хийцгээдэг байсан гэж эмээ нь ярьж байжээ. Тэндээс би Нацагдоржийнхоо ээжийг босгож ирсэн. Юмны учрал ерөөл гэдэг сонин. Өмнөд Монголын Нацагдорж гэгддэг “Нандир сүмбэр” найраглалаараа Монголын уншигчдад танигдсан Насандэлгэрийн Сайчунгаа гэж хүний 100 жилийн ойд Нацагдорж судлалын нэрт эрдэмтэн Ч.Жачин ах, түвдэч Л.Хүрэлбаатар гуайн шавь Г.Ням-Очир ах бид гурав явсан. Ч.Жачин гуайтай хамт явна гэдэг чинь Нацагдоржтой хамт явж байгаа л гэсэн үг. Ингэж явахад Жачин ах ярьж байгаа юм. 1970-аад онд УБДС-ийн оюутан байхдаа Дашдорж багштайгаа Их, Бага Гүн нуур, Галуутайн голоор, Баян, Баяндэлгэр сумдаар явж байхад Нацагдоржийн ээжийн садан төрлийн хөгшид амьд байсан гэж байгаа юм. Тэгэхэд Нацагдоржийн ээжийг асууж байсан. Нацагдорж бол ерөөсөө ээжийн шүншигтэй хүн байсан гэдэг. Багадаа айл гэр болж тоглохдоо дандаа эмэгтэй хүүхэд болж тоглодог. Монголд ший янгуу анх тавигдаж байхад эмэгтэй хүний дүрд тоглож байсан гэдэг. Царай зүс нимгэн цайвар. Өр нимгэн, нинжин сэтгэлтэй. Нацагдорж “Цэнхэрлэн харагдана” дууг Ленинградад яаж дуулж байсан тухай Бямбын Ринчен гуайн “Боржигон Нацагдорж “гэдэг тэмдэглэлд байдаг. Ингээд Нацагдоржийнхоо ижийг босгож ирээд, ижийтэйгээ ямар шүншиг ерөөлтэйг нь бичсэн. Та бодоод үзээрэй. Нацагдоржийн “Үзэгдээгүй юм” зохиолд “Цагаан саарал морины нуруун дээр ногоон гөлөмтэй боржигон янзын эмээлийг тохсон нь холхи газрын хүлгийн өнгө ялгаран үзэсгэлэн бүрдээд түүний дээр залуу охин хормойг нь цэмцийтэл гуяыг мөлчийлгөн ороогоод хөндлөн суужээ. Үзвэл нас арван найм, ес. Шинэ саран адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Урт хар гэзгийг гурваар дарж…” гэх мэтээр гайхалтай нарийн нягт зурсан. Энэ гоо бүсгүй бол ижийнх нь гэрэлт дүр мөн. Ер нь уг зохиолын үг, мөр бүхнээс ижийнх нь царай гэрэлтэх шиг болдог. Ижийгээ санаж, ижийгээсээ ургуулж бичсэн гэдэг нь мэдрэгддэг.
Хохь тайжийн эхнэр, залуу сайхан бүсгүй сайхан морь уналгүй яах вэ, сайхан эмээл тохолгүй яах вэ. Эндээс Нацагдоржийнхоо ижийг босгож ирсэн юм аа. Очирбатын Дашбалбар найрагч “Нацагдоржийн маань зохиолын эмэгтэй хүний дүрүүд бол ямар ч цагийн хувиралтад мөн чанараа хадгалж үлдсэн монгол эмэгтэйн дүр” гэж “Оюуны тэнгэр буюу миний Нацагдорж” нийтлэлдээ бичсэн. Зохиолынхоо дүр бүхэнд ижийгээ бодож шүншиглэсэн юм чинь яаж өөрчлөгдөх юм бэ. Тийм биз дээ.
-Цэндийн Дамдинсүрэн гуайн ижий нарын тухай бас л сурвалж, судалгаа их хийсэн санагдсан?
-Дамдинсүрэн гуай гурван ижийтэй хүн. Төрсөн ээж нь Уламбаяр ээж, хойт эх Ханд ижий. Сүүлд Дамдинсүрэн гуай Улаанбаатарт ирээд Буяндэлгэр гэдэг айлтай танилцаж, Долгор гэж ээжийн өргөмөл хүү болсон. Дамдинсүрэн гуай гурван үеийн намтар дээрээ Уламбаяр ээжийнхээ удам гарлыг бичсэн байдаг. Миний хөгшин ээж Уламбаяр хөдөөнөөс хотод ирсэн тул би нэг гэрт хамт сууж, зохиолч Нацагдорж манайхаар байн байн ирдэг байсан гэж бичсэн. Тэгэхээр их Нацагдорж, Дамдинсүрэн гуай хоёр Уламбаяр ээжийн гарын цайг уугаад сууж байсан байгаа юм. Тэр үедээ Дамдинсүрэн гуай Ленинградад сурахаар явсан. Тэндээс “Буурал ээж” найраглалаа бичсэн. Энэ найраглал бол гарцаагүй Уламбаяр ээждээ зориулсан бүтээл нь.
Надад зохиолчдын бүтээл, намтар сэлт бүхий 40-өөд хавтастай хайчилбар бий. Тэр зузаан хавтаснуудаа хааяа үздэг юм. 2008 онд манай “Өдрийн сонин” дээр Гавьяат багш, шинжлэх ухааны доктор, академич Осорын Шагдарсүрэн Дамдинсүрэн гуайн тухай, түүний уг удмынх нь тухай бичсэн материалыг 100 жилийнх нь ойд зориулан гаргасан байдаг. Тэр материалыг би архивлаад авсан байсан. Сая эргээд уншихад маш сонин зүйл байна. О.Шагдарсүрэн гуай зургаа, долоон настай жаахан хүүхэд аав, ээжийгээ дагаад лам багш дээрээ очиж. Тэгсэн лам багшийн гэрийн тогооны хүн нь нэг их өндөр сайхан эгч түүнд дугуй цаасан хайрцагтай юм түүнд өгчээ. Тэр эгчийг ээж, ааваасаа лавласан чинь Цэнд мээрэнгийн бага хатан Ханд гэж гэнэ. Ханд ижийн өгсөн зүйл нь “морьмал” гэдэг чихэр байжээ. Түүнийг хүү нь Ханд ижийдээ авчирч өгсөн юм байж. Түүн дээр нэг их гоё талимаарсан нүдтэй залуу ирдэг байсан нь Цэнд мээрэнгийн их хатан Уламбаяр ээжээс төрсөн Дамдинсүрэн байлаа гэж О.Шагдарсүрэн гуай дурссан байдаг. Хориодхон настай Дамдинсүрэнгийн дүр, Ханд эхийн дүрийг би О.Шагдарсүрэн гуайн дурсамж тэмдэглэлээс ингэж олж байгаа юм. Тэгээд юмны ерөөл гэж их сонин. Аугаа их Дожоогийн Цэдэв гуайтай би амьдралынх нь сүүлийн жилүүдэд их ойр байж бага сага юм сонссон. Д.Цэдэв гуай өнгөрөхөөсөө арваад хоногийн өмнө Дамдинсүрэн гуайн Уламбаяр ээжийн тухай надад ярьсан. Ардын багш Дагвын Чойжилсүрэн гуай 1960-аад онд Цэдэв гуайд хэлснээр Дамдинсүрэн гуайн Баяр гэж дүүгийнх нь том охин Сэр-Од гэж хүнтэй уулзаж олон сонин юм яриулж авч байжээ. Уламбаяр ээжийн зургийг түүнээс авч таван ботид нь оруулсан тухайгаа хэлсэн.
-“Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн гуайн ижийн тухай уншихад нулимс гарч байна лээ. Хүү нь хөөрхий ижийгээ шүлэг найрагтаа мөнхөлж дээ?
-Чойжилжавын Лхамсүрэн гуайн ижийн нэр байхгүй. Айлын хонинд нийлүүлэх өнчи ишиггүй, арван хуруундаа зүүх ганц бөгжгүй гуйлгачин явсан миний ижий гэж Ч.Лхамсүрэн гуай бичсэн. “Хүрэн морь” найраглалын ядуу эх яг ээж нь дүрээрээ мөн. “Эх” шүлэг нь ч тэр чигээрээ намтар нь.
“Хатуу бэрх зовлон бүхнээс болж
Халширч ядарсан зарим нэгэн эх
Хайрт үрээ амьдаар нь хээр хаяад
Хар нулимсаа унагаж байсан юм гэдэг
Тэр цагт миний ядуу эх
Тийм зовлонт бүсгүйн нэгэн байвч
Тээж төрүүлсэн ганц үр намайгаа
Тээр санаж хээр хаяагүй байжээ” гэж хөөрхий ижийгээ дурссаныг уншаад би уйлах баярлах зэрэгцсэн. Ч.Лхамсүрэн гуайтай уулзаж учирч явсан В.Занашир гэж ная гарсан хүн мэнд байна. Тэр хүнээр би их юм яриулсан. “Монголын уран зохиолын дээжис” анхны найман ботийг уншсан. Зохиолч Д.Наваансүрэн гуай Ч.Лхамсүрэн гуайн тухай нийтлэпдээ анх яаж танилцаж байсан тухайгаа “1940 хэдэн онд үсээ хоёр тийш хагалаад самначихсан сайхан залуу “Буурал ээж” минь найраглалыг уншиж байсан” гэж бичсэн байдаг. Эндээс Лхамсүрэн гуайнхаа залуугийн дүрийг харж байгаа юм. В.Занашир гуайн ярианаас Лхамсүрэн гуайн ээжийнхээ тухай ярьсан зүйлс бий. Чой.Лхагваа гэж эцэг нэгтэй дүү нь “Аавын минь сүүлчийн нулимс” гэж дуртгалдаа уйлмаар бичсэн. Чойжилжав гуай “Хүрэн морь” найраглалыг Чой.Лхагва хүүгээрээ уншуулаад уйлсан тухай, тэгээд сарын дараа бурхан болсон тухай юм. Би Баянхонгорын Баацагаан сумаар, Ч.Лхамсүрэн гуайнхаа нутгаар олон явсан. 2007 онд анх очиж Пүрэвжавын Пүрэвсүрэн ахынхаа Бөөнцагаан нуур шүлгийг уншиж, зургадугаар сарын тэнгэр дор сарны гэрэлд асгарч явлаа. Санжаажавын Оюун эгч, Бямбажавын Хүрэлбаатар ах бид хэд ч бас Баацагаанаар явж л байсан. Тэгэхэд Доржжанцангийн Мөнхцэцэг гэж эгч өөрийнхөө ээж, буурал ээж нарын яриаг бүгдийг нь хэлж өгсөн. Тэр хүн бас Ч.Лхамсүрэн гуайн тухай нутгийнхныхаа яриаг надад хэлсэн. Бүр ээжээсээ очиж асуугаад л. Сүүлд Д.Мөнхцэцэг эгч Баацагаанд байгаа миний төлөөний хүн шиг сумынхаа өвгөд хөгшидтэй уулзаж яриа авч над руу явуулж байлаа. Энэ бүгдээс би Лхамсүрэн гуайнхаа ээжийг босгож ирсэн. Би Ч.Лхамсүрэн гуайнхаа халамжит хань Цэндсүрэн эгчийг сэрүүн тунгалаг байхад уулзаж ярилцаж байсан. Ч.Лхамсүрэн гуайнхаа охин Чулуунцэцэг эгчээс юмнууд асууж байсан.
-Төрийн шагналт яруу найрагч Цэгмидийн Гайтав гуай ижийгээрээ овоглодог гэдгийг бүгд мэднэ. Цэгмид гэж тэр ижийн зургийг энэ номоос анх харлаа. Энэ мэт ховор сонин баримт сэлт бий биз?
-ЦГайтав гуайн 80 насны ой болсон жил буюу 2009 оны өвөл нэг их цас будагнасан хүйтэн орой их найрагчийн охиноос нь яриа авах гээд Адъяасүрэн эгчийн утсыг олоод ярьсан чинь өөрөө гүйгээд ирж билээ. Агуу их Гайтавын ганц охин аавынхаа гурав дөрвөн альбомыг бариад ирсэн нь нүдэнд харагдаж байна. Тэр альбомд энэ ном орсон Цэгмид чавганцын зураг байсан. Гайтав гуай ээжийгээ Цэгмид чавганц гэж хэлдэг байсан гэдэг.
Монголын соёл, яруу найргийн академийн “Пегасус” буюу онгодын хүлэг гэж том шагналыг миний “Дотоод орон зайн урсгал” номд олгосон юм. Тэр шагналыг мялааж “Улаанбаатар” их сургуулийн захирал, Шинжлэх ухааны гавьяат ажилтан, доктор Санжаагийн Байгальсайхан ах надад том хайрцаг дүүрэн ном бэлэглэсэн. Тэр дунд Галсанбалдангийн Ловор гуайн эмхэтгэж гаргасан Доржийн Гомбожавын хоёр боть байсан. Тэр ботиос агуу их Гомбожавын ижийн зургийг би бас олсон. Түүний шавь нэрт эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатар гуайн багшийнхаа тухай бичсэн хөрөг агуу. С.Дашдооров гуайн “Өндөр ээж” зохиолын эх дүр нь Доржийн Гомбожав найрагчийн ээж Лхасрангийн Ичин гэж дарьганга ижий юм. Зохиолд Өндөр ээжийн хүү нь Гомбожав нэртэй байдаг шүү дээ. Гомбожав найрагчийн ээж уужимхан сайхан ижий байсан.
Хэрвээ Гайтав гуайн охин Адьяасүрэн эгчтэй уулзаагүй бол, “Онгодын хүлэг” шагнал авахад С.Байгальсайхан доктор богц дүүрэн ном авчирч бэлэглээгүй бол дээрх ижий нарын тухай би сайхан дурсамжуудыг бичихгүй байсан. Монгол Улсын Гавьяат барилгачин С.Должин хүн байсан. Тэр хүн бид хоёр ах дүүгийн хувьд сайхан харилцаатай байлаа. Анх уулзаж танилцаад ус нутгийг нь асуусан чинь Завханы Алдархааных гэнэ. “Та чинь манай их Явуугийн нутаг юм байна шүү дээ” гэсэн чинь “Юу яриад байгаа юм. Явуугийн ээж Дэжид ижий чинь намайг эх барьж авсан ээж маань шүү дээ” гэнэ. Эндээс Явуугийнхаа ижийг би олсон. Должин ахын аав данхар Сандаг, Явуугийн аав Хоовон Бэгз нар айл аймаг явж. Энэ хоёр айл үхэр тэргээр сар гаруй нүүдэллэн Отгонтэнгэрээсээ Улаанбаатарт ирэхэд хамт явж байсан хүн нь Должин ах. Явуухулан гуай багадаа их энхэр хүүхэд байсан. Хангай, говийн хооронд нүүхдээ хүүгээ газар тавилгүй, морин дээр биш дандаа явган арганд хийж үүрдэг байсан тэр эхийн сэтгэл ямар агуу вэ.
Амар гэж хөөрхөн хүүтэй болоод
Аргалчин ээжийнхээ ачийг эргэж нэг дурсав
Аргалчин ээжийнхээ ачийг эргэж нэг дурсахад
Тэртээ уулын бэлээс үүрэн ирдэг байсан
Тэмээн жингийн арагт нь дарагдах шиг болов… гэж Явуу найрагч бичсэн.
Энэ мэт сайхан учрал ерөөөөр Дэндэвийн Пүрэвдорж гуайн Довдмаа ээж, Шагдарын Дулмаа багшийн Мажигсүрэн, Бүтэд ижий нар, Пүрэвжавын Пүрэвсүрэн найрагчийн Лэгжимаа ээж гээд олон сайхан ээжийн тухай бичсэн нь утга учиртай юм аа.
-Энэ номыг нэг жилийн дотор бичсэн боловч тархи, зүрхэнд чинь олон жил бичигджээ гэж бодсон маань онож байх шиг?
-Яг тийм. Ерөөсөө олон жилийн турш бичигдчихсэн байсан. Хувь заяа юм. Би маш багаасаа Шаравын Сүрэнжав гуайнхаа өвөр дээр нь тарвалзаж байлаа. Өндөр Цоодол багшдаа эрхэлчихсэн. Агуу их Урианхай ах, Тангадын Галсан гуай гээд, Долгорын Нямаа ах гээд агуу сайхан хүмүүстээ эрхэлж, нөмөр нөөлөгт нь явж иржээ. Тангадын Галсан гуайтай нэг жил би эх орны таван аймагт хамт очиж байсан. Алтай таван Богдын алтан бэл, Ховд голын хоргой эмжээр, Толбо нуурын торгон хаяа гээд хаа сайгүй явлаа. Ингэж газрын холыг туулахад энэ аварга өвгөд өнөө хэдээ л ярина. Өнөө хэд гэдэг нь утга зохиолын их мэргэдээ ярина гэсэн үг. Утга зохиолын мэргэдээ ярихаар заавал ч үгүй аав, ээжийг нь дурсана. Тэр бүхэн миний тархины бор хальсан бичигдэж үлджээ.
Номоо бараг дуусгах дөхөөд Цагаан сараар Шагдарын Дулмаа багшдаа очиж золгохдоо ийм ном бичиж байна гэдгээ хэлсэн. Тэгсэн багш “Энэ номын өмнөтгөлийг багш нь бичнэ” гэсэн. Багш юм бичих байтугай ярих хэцүү байгаа хүн. Гэхдээ охиндоо хэлж миний номын өмнөтгөлийг бичүүлсэн. “Яруу найрагчийн ижий нарыг ариун гэгээн сэтгэлтэй хүн л бичнэ. Миний шавь хол явна аа, би мэдэж байна” гэж урам нэмсэн сайхан үг бичсэн. Жилийн өмнө “Сүрэнжав” сангийн нээлтийг хөтлөх үеэр “Сэлэнгэ пресс” компанийнхан миний нэг номыг ивээн тэтгэхээр болсон. Ингэж “Яруу найрагчийн ижий” ном хэвлэгдэх нөхцөл бүрдсэн. Үүнийг би Шаравын Сүрэнжав гуайн минь халуун сэтгэл намайг ивээлээ гэж бодож сэтгэл цэлмэж, нулимстай бодсон. Тэгээд л зохиолчдынхоо хүүхдүүдтэй уулзаад л судалгаагаа хийж эхэлсэн. Данзаннямын Шагдарсүрэн гэж хүн энэ номд орохгүй бол болохгүй. Энэ ном ч ном болохгүй гэж би бодсон. Зарим хүн тэрийг ч оруулчихгүй энийг ч оруулчихгүй гэж хэлэх байх. Би өөрийнхөө бодсоноор Монголын утга зохиолд ижийгээ мөнхөлсөн найрагчдыг гаргая гэж бодсон. Судалгаа хийж яваад О.Дашбалбар найрагчийн дүү О.Балжинням эгчтэй уулзаж Дашбалбар найрагчийг төрүүлсэн Цэрмаа ээжийн тухай яриулсан. Дашбалбар найрагч миний зан араншин, авьяас бол ээжийнх минь юм гэж тунхаглаж байсан. О.Балжинням эгч надад Данзаннямын Шагдарсүрэнгийн Долгор ижийн дэргэд өссөн Дахтын Болортуяа гэж эгчийг олж өгсөн. Сая номын нээлтэд ирсэн. Тэр хүн бол Данзаннямын Ногоондарийн охин. Д.Шагдарсүрэн гуайг өнгөрсний дараа “Үүрд хамт байгаач, ээж ээ” дуу нь радиогоор явахыг Долгор ижий нь сонсоод “Ээжийгээ үүрд хамт байгаач гэж хэлчихээд өөрөө ийм нялхаараа намайг үлдээгээд явчихдаг, яаж байгаа юм бэ хүү минь” гээд уйлж байсныг Болортуяа эгч надад нулимстай ярьсан.
Цоодол багшийн минь хэлдгээр “Банхар” Пүүжээ буюу Пүрэвжавын Пүрэвсүрэн ахын ижийнх нь дурсамжийг том охин Энхзаяагаас нь авч оройхон ирж уншаад шөнөжингөө уйлж байлаа. Пүүжээ ах минь айлын өргөмөл хүү. Халтар хаг нь арилаагүй хүүгээ уйлан хайлан өөрийн болгосон тэр л ижийд найрагч хүү нь
“Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг нь яаж хариулна даа” гэж ардын дуу шиг дуу бичсэн. Юмны буян гэдэг ийм л байдаг юм билээ.
Энэ мэтээр номдоо Монголын шилдэг 39 яруу найрагчийн ижийг мөнхөлсөн. Ээжийн тухай бүх алдартай дуунуудын түүхийг оруулсан. Найрагчдын ижий нарын гэрэл зургийг оруулсан. Энэ номд
“Хөмсгөн дороо нулимс мэлмэрүүлээд уйлаад үлдсэн ээждээ Хөхөөн дууны эхэн сардаа очоод золгоно доо” гэж бичсэн Загдын Түмэнжаргал ах орохгүй бол болохгүй, “Зүүн уулын солонго баруунаа татсан ч яахав дээ Зүүдлээд сэрэхэд миний ээжий дэргэд минь байвал жаргалтай” гэж бичсэн Шагдарсүрэнгийн Гүрбазар ах орохгүй бол болохгүй, “Ачтайхан ээжийнхээ ачлал хайрыг Амин зүрхэндээ тээж явна аа” гэж бичсэн Чагнаагийн Пүрэвдорж гуай орохгүй бол болохгүй. Ингэж л энэ номыг хийсэн.
Ярилцсан Г.СОНИНБАЯР