Улс орон бүр өөр өөрийн хөгжлийн төлөвлөгөөтэй. Монгол Улсын 2024 оны Хөгжлийн төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн яамнаас боловсруулан УИХ-аар батлуулаад байна. Монгол Улсын 2024 оны Хөгжлийн төлөвлөгөөний зорилт,үр дүн, хэрэгжилтийн талаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй ярилцлаа.
-Монгол Улс 2024 оны Хөгжлийн бодлого, төлөвлөгөөгөө баталчихлаа. Төлөвлөгөөг боловсруулахдаа юуг анхаарсан бэ?
-Эдийн засаг, хөгжлийн яамнаас чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг боловсруулан УИХ-аар батлуулаад байна. Энэ жилийн төлөвлөгөөний онцлог нь үр дүнд суурилсан төлөвлөлтийн арга зүйг ашигласан явдал юм. Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамнаас эдийн засгийн орчноо сайжруулахын тулд бодлогын тэргүүлэх найман чиглэлийг тодорхойлсон.
-Ямар ямар чиглэлийг тэргүүлэх чиглэлээр сонгож авсан бэ?
-Нийт 8 чиглэлийн хүрээнд 194 төсөл, арга хэмжээг 13,99 их наяд төгрөгөөр санхүүжүүлнэ.
- Экспортыг нэмэгдүүлнэ (23 төсөл, арга хэмжээ 2,737.2 тэрбум төгрөг)
- Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ (52 төсөл, арга хэмжээ 5,848 тэрбум төгрөг)
- Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулна (28 төсөл, арга хэмжээ 561 тэрбум төгрөг)
- Аялал жуулчлалыг хөгжүүлнэ (35 төсөл, арга хэмжээ 801 тэрбум төгрөг)
- Хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулна (5 төсөл, арга хэмжээ 174.9 тэрбум төгрөг)
- Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна. (23 төсөл, арга хэмжээ 3,761.2 тэрбум төгрөг)
- Засаглалын үзүүлэлтийг сайжруулна (20 төсөл, арга хэмжээ 100.5 тэрбум төгрөг)
- Ногоон хөгжлийг дэмжинэ (8 төсөл, арга хэмжээ 10.1 тэрбум төгрөг) төлөвлөсөн.
-Дээрх төсөл, арга хэмжээг ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ?
-Улсын төсвөөр 2,3 их наяд, орон нутгийн төсвөөр 175 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4,5 их наяд, гадаад, дотоод хөрөнгө оруулалтаар 3,2 их наяд бусад эх үүсвэрээр 1,5 их наяд зэргээр санхүүжүүлэхээр баталсан.
-Өндөр төсөвтэй ажлууд төлөвлөдөг ч хэрэгжилт нь хэр байдаг юм бэ. Дээрх төсөвт ажил хэзээнээс хэрэгжих вэ. Цаасан дээр үлдэх юм биш биз?
-Ярианыхаа эхэнд Хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа бид үр дүнд суурилсан арга ашигласан, 4 түвшний шалгуур үзүүлэлтийг хангуулж боловсруулсан гэдгийг хэлсэн. Тиймээс бүрэн хэрэгжих боломжтой. Мөн хуулиараа Улсын төсөв нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой байдаг. Мөн Төсвийн тухай хуулийн 27.1.8-д Төсөв нь Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд суурилсан байх гэж заасан. Иймд улсын төсөвт төслүүд 100 хувь тусгагдаад хэрэгжих ёстой бусад эх үүсвэрүүд ч бас бодлогын баримт бичгүүдэд туссан тул хэрэгжих бүрэн боломжтой.
-Хэрэгждэггүй гэх шүүмжлэл ямар тохиолдолд гардаг юм бэ?
-Зарим үед төлөвлөсөн тэргүүлэх чиглэлийг тодорхойлж түүний хүрээнд хийхгүй, үр дүнд суурилахгүй, шалгуур үзүүлэлт хангаагүй, бэлэн бус төслүүд төлөвлөгөөнд орчихсон байх нь бий. Төсөвт хөрөнгө нь суухгүй, санхүүжүүлэх эх үүсвэр нь тодорхойгүй зэргээс шалтгаалж хэрэгжихгүй шүүмжлэл дагуулах жишээ байдаг. Тухайлбал, 2022 Улсын хөгжлийн төлөвлөгөөнд 11,7 их наядын 300 төсөл, арга хэмжээг тусгаж, үүнээс улсын төсвөөр 2,1 их наядын төсөвт ажлыг төлөвлөж 1,1 их наядын төсөл хэрэгжсэн байна. Зээл тусламжаар хийх 2,7 их наядын өртөгтэй төсөл төлөвлөснөөс 1,7 их наядын төсөл нь хэрэгжсэн байх жишээтэй. Үүнийг хувиар нь тооцвол нийт төсөл арга хэмжээнийхээ 35,4 хувийг санхүүжүүлсэн гэх тооцоо гарсан байдаг. Хөгжлийн төлөвлөгөөний нийт хэрэгжилт 67,5 хувьтай дүгнэгдсэн. Тэгэхээр энэ мэт алдаа гаргахгүй байхад Эдийн засаг, хөгжлийн яамны нийт баг бүрэлдэхүүн ихээхэн анхаарсан.
-Хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх процесст гардаг бэрхшээл, алдаа нь салбар хоорондын уялдааг хангаагүйгээс, мэдээлэл солилцдог нэг цонхгүйгээс үүдэлтэй удаашрал, гацаа гэж харагддаг. Энэ төрлийн хүнд суртлыг зохицуулахад хэрхэн анхаарах вэ?
–Салбар хоорондын уялдааг хангахыг зорихгүйгээр хөгжлийн бодлого боловсруулах, батлуулах боломжгүй. Уул уурхайн экспортын орлогыг тооцоолохын тулд гэхэд л үйл ажиллагаагаа явуулж байгаа уурхайн тоог аваад болчихдоггүй. Зөөлөн болон хатуу дэд бүтцийн асуудлыг цогцоор нь төлөвлөдөг.
-Хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан зорилтуудаас жишээ хэлж болох уу?
-Төмөр зам, авто замын ачаа тээвэрлэх хүчин чадлыг 1.5 дахин нэмэгдүүлж, нүүрсний экспортын биет хэмжээг 50 сая тоннд, зэсийн экспортын биет хэмжээг 1.5 сая тоннд, газрын тосны экспортын биет хэмжээг 6.0 сая баррельд тус тус хүргэнэ. Мөн нийт экспортын ачааны 90 гаруй хувь нь 3 боомтоор, импортын ачааны 93.2 хувь 2 боомтоор хийгдэж байна. Иймд хилийн боомтуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг хэрэгжүүлж, боомтын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 1.6 дахин нэмэгдүүлнэ. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боловсруулалтын түвшинг нэмэгдүүлэх үйлдвэрлэл технологийн паркуудын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг хэрэгжүүлнэ. Мах, махан бүтээгдэхүүний экспорт цар тахлын өмнөх үеэс 4 дахин буураад байна. Иймд мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнийг бууруулах вакцинжуулалтыг бүрэн хийж махны экспортыг 30 мянган тонн-д хүргэнэ. Экспортын үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа 2022 онд 302 цаг байгааг гадаад худалдааг хөнгөвчлөх, “Гадаад худалдааны цахим нэг цонх” мэдээллийн систем нэвтрүүлэх замаар 72 цаг болгож бууруулна…гэх мэт зорилтуудыг хэлэхээр байна.
-Хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийн хамгийн гол хүчин зүйл нь хүн гэж боддог. Хүндээ чиглэсэн ямар төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой байгаа вэ?
–Яг тийм. Хүний хөгжлийн үзүүлэлтийг сайжруулах тухайд, эрүүл мэндийн салбарт эмийн чанар, хүртээмжийг сайжруулах, өвчлөл нас баралтыг бууруулах, боловсролын салбарын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлэх, МСҮТ-ийг олон улсын түвшинд хүргэх, боловсролын салбарт “Коосэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорих юм.
-Та бүхний боловсруулсан Хөгжлийн төлөвлөгөөг бодит ажил хэрэг болгоход ажиллах хүчин, хүний нөөцгүй байдал хэр их сул тал үүсгэх бол?
-Хөдөлмөрийн зах зээл дээр “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИ”-ийн чиглэлийн мэргэжилтнүүд ихээхэн дутагдалтай байна. Иймд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадвартай хүний нөөцийн тоог нэмэгдүүлэх хүрээнд 21 аймагт төрөлжсөн технологийн коллеж “Коосэн”-ыг нэвтрүүлнэ. Манайд одоогоор төрийн 48, хувийн хэвшлийн 29 мэргэжил сургалтын төв байна. 2012 онд 40 гаруй мянган мэргэжилтэн бэлддэг байсан бол 2022 оны байдлаар 38034 болж багассан харагдаж байгаа. Харин “Коосен” хөтөлбөртэй сургуулийг аймаг бүрд бий болговол залуус 9 дүгээр ангиасаа элсэж ороод, 5 жилийн хугацаанд нарийн мэргэжил эзэмшиж төгсөх боломжтой болно. Давуу тал нь манай хөдөлмөрийн зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа инженер, техникийн мэргэжилтнүүд бэлтгэгдэх боломжтой болж байгаа юм.
-“Коосэн” сургууль гэдэг нь ямар учиртай хөтөлбөр хэрэгжүүлдэг юм бэ. МСҮТ-ээс ялгаатай байх нь ээ?
-“Коосэн” сургууль бол Японы инженерийн дээд боловсролын байгууллага. Уг сургууль нь 15 настай хүүхдүүдийг элсүүлж, 20 настайд нь инженер болгон төгсгөдөг давуу талтай. Таван жилийн хугацаанд сурагчид онолын мэдлэгийг хөтөлбөрийнхөө 50 хувьд, туршилт, дадлагыг 50 хувьд нь үздэг. Тиймээс онол, практик зэрэг мэргэжлийн ур чадварыг давхар эзэмшсэн, ажлын байранд бэлтгэгдсэн инженерүүдийг хөдөлмөрийн зах зээлд гаргадаг онцлогтой хөтөлбөр юм.
-“Хөгжлийн төлөвлөгөө”-нд туссан төсөл, ажил бүрэн хэрэгжвэл ямар үр дүн, өөрчлөлт гарах вэ?
–Хөгжлийн төлөвлөгөө бүрэн хэрэгжвэл эдийн засгийн орчинд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна. Ерөнхий нөхцөлөөр бол эдийн засгийн өсөлт 6,5 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалт 4 тэрбум ам.доллар, экспорт 14,1 тэрбум ам.доллар, валютын нөөц 4,4 тэрбум ам.доллар болно.